- ӨМНӨХ 7 ХОНОГТ:
- ПҮРЭВ
05.23 - ЛХАГВА
05.22 - МЯГМАР
05.21 - ДАВАА
05.20 - НЯМ
05.19 - БЯМБА
05.18 - БААСАН
05.17

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.
-УИХ дахь Ардчилсан намын бүлгийн уржигдрын хуралдаанаас харахад чуулганы нэгдсэн хуралдаан хуралдах, засаг байгуулах ажил нэлээд сунжрах төлөвтэй байна. Таны бодлоор гацаанаас гарахын тулд яах ёстой вэ?
-Парламентын гишүүд бид ард түмнээс сонгогдсон хүмүүс. Аль намын гишүүн байх, аль намаас нэр дэвшсэн байх нь хамаагүй, нийт сонгогчдын эрх ашгийг дээдлэх ёстой. Намынхаа явцуу ашиг сонирхолд хөтлөгдөж УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадамжгүй гишүүдийн тоо цаашид нэмэгдэх вий гэдэгт санаа зовж сууна. УИХ дахь Ардын намын гишүүд өнөөдрийг хүртэл чуулганы нэгдсэн хуралдаанд орж ирээгүй байна. Ардын намын шийдвэрээр эсвэл намаас олгосон үүргийн дагуу гишүүд тодорхой хугацаанд эсэргүүцэл илэрхийлж, хуралдаа суухгүй байж болно. Гэвч ард иргэд, сонгогчдынхоо эрх ашгийг бодолцох цаг хугацаа нэгэнт болчихоод байна.
-Та ард иргэдийн төлөөлөл болж УИХ-д сонгогдлоо. Нэн түрүүнд ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Би УИХ-ын гишүүний бүрэн эрхээ хоёр байнгын хороогоор дамжуулж эдлэх бодолтой байгаа. Эдийн засаг болон Нийгмийн бодлогын байнгын хороонд орох хүсэлтээ гаргаад өгчихсөн.
-Яагаад Эдийн засаг, Нийгмийн бодлогын байнгын хороог сонгосон юм бэ?
-Би сонгогчдод нэг зүйлийг амласан. Иргэдэд газрыг нь өмчлүүлнэ гэж. Газар болон түүнтэй холбоотой асуудлыг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцдэг. Энэ утгаараа Эдийн засгийн байнгын хороог сонгосон юм. Нөгөө талаасаа би энэ парламентад эмэгтэйчүүдийн төлөөлөл болж орж ирсэн. Тиймээс боловсрол, соёл, эрүүл мэнд зэрэг нийгмийн асуудал хэлэлцэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцох үүднээс Нийгмийн бодлогын байнгын хороонд орох хүсэлтээ өгсөн. Угаасаа УИХ-ын гишүүн хоёр байнгын хороонд заавал орох ёстой. Байнгын хороонд орохгүйгээр, хууль санаачлахгүйгээр гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй. Тиймээс Ардын намын гишүүд ард түмний өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж, чуулганы нэгдсэн хуралдаанд суух ёстой.
-Ардын намын шинэ дарга Ө.Энхтүвшин АН-д гурван санал хүргүүлсэн боловч танай намын бүлэг хуралдаад хүлээн авах боломжгүй гэлээ. Ардчилсан намын дараагийн алхам юу байх вэ?
-Ер нь зөвшилцөл гэдэг зөвшөөрөлцөх гэсэн үг биш. Ардчилсан намын зүгээс "Шударга ёс" эвсэл, ИЗНН-тай зөвшилцөж гэрээ байгуулсан. Энэ хоёр нам эвсэлтэй зөвшилцөж гэрээ байгуулснаа Ардын намд мэдэгдэж албан бичиг явуулсан. Ардын нам бичгийн хариуг ирүүлсэн. Тэр ирүүлсэн хариу нь татгалзсан, зөвшөөрсөн байхаас үл хамааран зөвшилцөл явагдсан гэж үздэг. Тэгэхээр нэгэнт явагдаад өнгөрчихсөн асуудлыг ахин дахин сөхөх шаардлага байхгүй. Өөрөөр хэлбэл, эхний шатны үйл ажиллагаа дууссан. Одоо төр засгийн ажил цаашаагаа үргэлжлээд явах ёстой. Засгийн газраа байгуулж, нийгэмд тулгамдсан олон асуудлуудад анхаарлаа хандуулж ажиллах учиртай. Ардчилсан нам Ардын намыг бөөцийлөх гэж төр түшилцээгүй. Энэ утгаараа зөвшөөрөлцөх ч алба үгүй. Нэг зүйлийг хатуу хэлье. УИХ-ын гишүүд иргэдийн ашиг сонирхлоос намын бодлогоо дээгүүр тавих ёсгүй.
-УИХ-ын эмэгтэй гишүүд албан бус бүлэг байгуулсан гэсэн. Одоогийн байдлаар ямар ажил эхлүүлээд байгаа вэ?
-УИХ дахь эмэгтэйчүүдийн албан бус бүлэг байгуулагдаад ажлаа эхлүүллээ. Мэдээж энэ бүлгээ идэвхтэй ажиллуулах ёстой. УИХ-ын эмэгтэй гишүүд бид аль болох эмэгтэйчүүдийнхээ эрх ашгийг хөндсөн асуудал дээр нэгдмэл байр суурьтай байх үүднээс бүлэг байгуулсан юм. Одоогийн байдлаар улсын төсөвт амаржих газар, төрөх тасаг, хүүхдийн цэцэрлэг, сургууль шинээр барихад зарцуулах мөнгө нь хэр хэмжээтэй суусныг судалж байна. Ялангуяа нийслэлд сургууль, цэцэрлэг, амаржих газар шинээр барих зайлшгүй шаардлагатай. Тиймээс эхний удаад энэ салбар руу хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх зорилготой байгаа.
-Энэ жилийн сонгуулиар анх удаа саналын хуудас тоолох автомат машин ашигласан. Гэтэл сонгуульд ялагдсан нэр дэвшигчдийн гомдлоос шалтгаалж дахин ашиглах эсэх нь тодорхойгүй байна. Та хувь гишүүнийхээ хувьд автомат машины тухай юу хэлэх вэ?
-Сонгуулийн саналын хуудас тоолох автомат машин хэрэглэснээрээ Монгол Улсын ардчилал хүүхэд наснаасаа насанд хүрснээ зарлалаа гэж бодож байна. Автомат машин хэрэглэснээр боловсон, техникийн дэвшлийг ашиглаж чаддаг, хөгжиж байгаа орны тоонд Монгол Улсыг орууллаа. Ингэсээр өмнө нь бид нэгнээ чичилдэг, сонгуулийн шударга бус дүнгээс болж жагсаал цуглаан хийдэг байдлаасаа автомат машины тусламжтайгаар гарлаа. Өөрөөр хэлбэл, бид саналын хуудас тоолох автомат машиныг амжилттай ашиглаж чадсан. Магадгүй автомат машины гаргасан дүн нь зарим нэг хүнд таалагдахгүй байж болно. Нэг үгээр хэлэхэд энэ удаагийн сонгууль шударга явагдлаа. Хэрвээ бид автомат машинд итгэхгүй гэж байгаа бол дэлгүүрүүдэд хэрэглэж байгаа кассын машинд итгэхгүй гэсэн үг үү. Бүх мөнгөө сампингаараа тоолж авах уу. Тэгвэл бүгдээрээ тооны машин хэрэглэхээ больё л доо. Тэгээд тоо бодохдоо дөрвөлжин дэвтэр дээр үржүүлэх хуваах үйлдлээ бичээд бодъё. Банкуудад итгэхгүй гэсэн үг үү. Банкны тооцоо, гүйлгээ компьютержсэн системээр явагддаг биз дээ. Өөрөөр хэлбэл, монголчууд бид энэ цаг үед машинд итгэхгүй байснаараа инээдэмтэй харагдана. Саналын хуудас тоолох автомат машинаас татгалзах нь тооны машинаас татгалзаад сампин хэрэглэхтэй адил. Тэгтлээ эргэлзээд байгаа юм бол Орон нутгийн сонгууль хүртэл автомат машинаа иргэдэд нээлттэй танилцуулж, чөлөөтэй үзүүлж харуулах хэрэгтэй.
-УИХ дахь Ардын намын гишүүд УИХ-ын даргад бүлэг байгуулах хүсэлтээ өгөх хуулийн хугацаа нь дууссан. Одоо яах бол?
-Хуульд юу гэж заасан түүнийг л мөрдөж ажиллах ёстой. Хуульд 24 цаг гэдэг тоог Ардчилсан нам зохиогоод тавьчихсан юм биш. Угтаа бол Ардын нам олонхи байх үедээ баталсан хуульд УИХ-ын даргыг сонгогдсоноос хойш 24 цагийн дотор УИХ-д суудалтай нам эвслүүд бүлэг байгуулах саналаа бичгээр өгнө гээд заачихсан байгаа. Ардын намынхан хуульд 24 цаг гэдгийг оруулахдаа тодорхой зорилготой байсан байх. Улс төрийн зорилго байсан ч байж болох юм. Нэгэнт хуульд 24 цагийн дотор хүсэлтээ хүргүүлнэ гээд цагаан дээр хараар бичээд баталчихсан байна. Гэтэл тэр заалтыг бусад нам мөрдөнө, Ардын нам мөрдөхгүй гэж болохгүй биз дээ. Энэ хуулийг баталж байх тэр үед УИХ-ын даргаар Ц.Нямдорж ажиллаж байсан юм билээ.
А.БИЛГҮҮН