- ӨМНӨХ 7 ХОНОГТ:
- ЛХАГВА
06.19 - МЯГМАР
06.18 - ДАВАА
06.17 - НЯМ
06.16 - БЯМБА
06.15 - БААСАН
06.14 - ПҮРЭВ
06.13


-ГАНБАТ АРСЛАН, МӨНХБАТ ХОЁР МААНЬ Ч ЯЛГААГҮЙ ААВ ЭЭЖИЙГЭЭ ДАГАН ТАРИАН ТАЛБАЙН ШОРООТОЙ ХУТГАЛДАЖ ӨССӨН-
Монгол Улсын аварга Мөнхбатын аав Д.Сүхбаатар, ээж Л.Эрдэнэхүү нартай ярилцлаа.
-Баяр наадам ч энэ жил мөн сайхан боллоо доо?
Д.СҮХБААТАР: -Хэлээд юүхэв. Үүнээс илүү сайхан баяртай үйл явдал хөгшин бид хоёрын амьдралд тохиож байсангүй гэхэд хилсдэхгүй байх. Миний бор хүүг арав давахад цэнгэлдэх хүрээлэнд бөх үзэж суусан бүх хүн уухайлан баяр хүргэж байгааг хараад өөрийн эрхгүй л хоёр нүдийг минь нулимс бүрхсэн дээ. Дараа нь нутгийн олон түмэн энд тэндээс тэр шөнөжин утасдаж баяр хүргээд л. Үнэхээр сайхан наадам боллоо. Монголчууд бөхдөө ямар их хайртай болохыг нь бие сэтгэлээрээ бүрэн мэдэрсэн шүү.
Л.ЭРДЭНЭХҮҮ: -Би ч яахав насаараа л Долоон бурхан одондоо залбирч үр хүүхдийнхээ хувь заяаг даатгаж яваа хүн. Тэр шөнийн тэнгэр цэлмэг тунгалаг байсныг яана. Бор хүүгээ тэр олон том том бөхчүүдэд уначих вий гэж айгаад зурагтаа ч харж чаддаггүй. Гадаа гараад л Долоон бурхандаа сүүгээ өргөөд залбираад зогсоод байлаа. Долоо давлаа гэхийг нь сонсоод дотор жаахан уужирлаа. Тэгсэн чинь найм, ес, арав юу болсон гэж санана. Нэг харсан чинь энэ хавийн гудамжныхан таньдаг таньдаггүй бүгд манайд цуглачихсан баяр хүргээд байсан. Сая наадмын өмнөхөн долоон сарын 8-нд хүү маань бэлтгэлээсээ бууж ирээд манайд ирж хоёр хоног өдөржин шөнөжин унтлаа. Хоолоо ч иддэггүй, гадаа аавынх нь зоож бэлдэж өгсөн турникэн дээр ч ганц удаа суниагаагүй гарч бие засчихаад л унтаад байхаар нь гайхсан шүү. Хүүгийнхээ төлөө миний чадах юм бол шөнө орой болгон Долоон бурхандаа залбирч сүүгээ өргөнө. Мөнхбат нэг удаа "Ээж та юу хүсэж залбираад байна даа" гэхээр нь "Хүүгээ улсын заан болгож өгөөрэй гэж Долоон бурхнаасаа гуйж байна" гэсэн чинь "Та нэг мөсөн аварга болгож өгөөч гэж гуйвал яасан юм бэ" гэдэг байгаа даа. Би сандарч "Үгүй ээ, хүү минь тэгж ч даварч болохгүй шүү" гэсэн гээд л бодчих.
-Увс аймаг олон ястны нутаг. Баруунтуруун сум бол сүүлд атар эзэмших их аяны үед байгуулагдаж газар газрын хүмүүс цугласан гэх юм билээ. Өөрөө яг аль сумын хүн бэ?
Д.СҮХБААТАР: -Эхнэр бид хоёр Ханхөхийн хошууны л хүмүүс. Манай аав ээж төрийн тахилгат хайрхан Ханхөхий уулын баруун талд, эхнэр Эрдэнэхүүгийн маань аав энэ сүрлэг уулын зүүн сугаар нутаглаж байсан хүмүүс. Товчхон хэлэхэд биднийг Увс аймагтаа цөөнх гэгддэг элжигэн халх хүмүүс гэж ойлгож болно. 1959 оныг хүртэл одоогийн Увс аймгийн Цагаанхайрхан сум Баруунтуруун САА-н нутгийг Туруун сум гэж нэрлэж байж. Манай аав ээж чинь энэ олимпийн аварга Э.Бадар-Ууганы ээжийн өвөг дээдэстэй яг нэг дорын улс байгаа юм. Хожим нь 1959 оноос Баруунтуруун САА байгуулагдан Цагаанхайрхан сумаас өрх тусгаарлаж атрын анхдугаар аянаар газар газраас хүмүүс цуглаж энэ сум олон ястан үндэстний өлгий нутаг болсон гэдэг юм билээ. Эхнэр бид хоёр ч, аварга Мөнхбатын эгч дүү нар нь ч бүгд, Ганбат арслан, дэлхийн аварга Цагаанбаатар нарын адил энэ суманд төрсөн учраас бид бахархалтайгаар Баруунтуруунаараа овоглодог юм шүү дээ.
-Хүү чинь бага байхдаа ямар хүүхэд байв. Ер нь бөх болох шинж тэмдэг нь хэдийгээс анзаарагдах болов?
Д.СҮХБААТАР: -Манай суманд аймгийн арслан Юнрэн гэж их мундаг бөх хүн байсан даа. Нэг л удаа улсын наадамд ирж барилдаад дөрөв даваад тавын даваанд барилдаж байгаад хөлөндөө гэмтэл авснаас хойш улсад явж зодоглоогүй. Аймагтаа ганц хоёр удаа түрүүлснийг нь эс тооцвол Баруунтуруун сумаасаа ер нь гарч явдаггүй, сумандаа 12 удаа түрүүлэн дархлагдсан хүн байлаа.
Тэр хүн манай хүүг бүр багаас нь ажаад "Энэ хүү алсдаа юм дуулгаж мэдэх хүүхэд байна" гэж үнэлэн дунд сургуульд сурч байхад нь багш шавийн барилдлагатай болсон гэлцдэг юм. Миний нагац аймгийн заан Дашцэрэн гэж их бяртай хүн байлаа. Ер нь Ханхөхийн хошуунд дээр үед Вандан аварга, Ламзав заан гэж долоон хошуу даншиг наадамд түрүүлж шөвгөрч байсан мундаг хүмүүс байсан гэлцдэг юм. Мөнхбат маань ер нь багаасаа их махруу, нэг юмны төлөө зоривол заавал ард нь гардаг зантай хүүхэд. Дунд сургуулиа төгсдөг жилээ сумандаа түрүүлж сумын заан болсон. 2005 онд Сүхбаатар аймагт барилдаж аймгийн заан, мөн ондоо Баянмөнх аваргын нэрэмжит тойргийн барилдаанд Увс аймагтаа түрүүлж аймгийн арслан болсон доо.
-Та чинь өөрөө бас сайн барилддаг байсан даа. Сумандаа нэлээд хэдэн удаа түрүүлсэн байх?
Д.СҮХБААТАР: -Би их сонин юм ярья. Танай аав Шарав гуай цэргийн арслан цолтой хүн байсан санагдана.
-Тийм, аав маань 1939 оны дайны өмнөхөн Дорнод аймагт болсон цэргийн их баяр наадамд барилдан түрүүлж цэргийн арслан болж байсан хүн шүү. Түвдэндорж гэж шинэ цэрэг улсад, би цэргийн их наадамд нь дайнтай жил Дорнодод түрүүлж байсан гээд л их ярьдаг байж билээ.
Д.СҮХБААТАР: -Аавыг тань манай Турууныхан Шийлаа гэж авгайлна. Намайг анх барилдаж эхэлж байх тэр үед 60 нэлээд хол гарчихсан Шийлаа маань сумын наадамдаа зодоглон гурвын даваанд намайг авч барилдан өвдөглөнгөө надаар зодог тайлж байсан юм. Үүнийг би нэлээд учиртай юм болов уу гэж одоо хүртэл боддог юм. Тэр жилээ би сумынхаа наадамд Туруун сумандаа дархлагдсан Юнрэн зааныг өвдөг шороодуулан түрүүлж сумын заан цол авч хөөрч байж билээ.
-Таныг Баруунтуруун САА-д сайн комбайнчин байсныг би мэдэх юм?
Д.СҮХБААТАР: -Баруунтуруун чинь 44000 га эргэлтийн талбайтай манай улсын хамгийн том САА гэгддэг байлаа. Би чинь гайхуулж байгаа ч юм биш улсын аварга комбайнчны болзлыг зургаан удаа хангаж байсан хүн. Ганбат арслангийн аав Батжаргал гуай, жүдо бөхийн дэлхийн аварга Цагаанбаатарын аав Хашбаатар бид бүгдээрээ л хар багаасаа трактор комбайнтай ноцолдож явлаа. Одоо ч гэсэн би нутаг руугаа явж жаахан тариа тарьдаг, түүгээрээ л хэдэн хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлж, хоол ундыг нь базаадаг хүн. Ганбат арслан, Мөнхбат хоёр маань ч ялгаагүй аав ээжийгээ даган Харцагаан ус, Бортолгой, Өлөнгийн их тариан талбайн шороотой хутгалдаж, Баруунтуруун, Зүүнтурууны голын усаар ундаалж, угаагдаж өссөн хүүхдүүд.
-Мөнхбат аварга одоо хэдэн настай юм бэ. Анх улсын наадамд хэдэн онд гарсан билээ?
Д.СҮХБААТАР: -1984 оны хулгана жилтэй хүүхэд. Ер нь багаасаа барилдах хорхойтой. Ямар сайндаа арваа төгсөхдөө ШУТИС-ийн хуваарь авчихаад түүнийгээ удалгүй орхиод "Шонхор" дээд сургуульд орчихсон явсныг нь бид хоёрт нэлээд хожуу сонсгож байж билээ. 2006 оны улсын наадмын өмнөхөн Сүхбаатар аймгийн наадамд очиж барилдаад аймгийн заан цол авчихаад ирлээ. Тэр жилээ улсын наадамд анх гарч барилдангуутаа дөрөв давчихдаг юм байна. Би ч цочирдоод бараг шоконд орчихсон байлаа. Тэгтэл тавын даваанд нутгийн ах Ганбат заан авчихаар нь би тань руу Туруунаас утасдаж Ганбаад гомдож, нэг их уйлаагүй юу. Та санаж байна уу?
-Заан маань нутгийн дүүгээ сэтгэл зүйн хувьд нэлээд хатуухан сорилд оруулахаар шийдсэн юм байлгүй дээ гэж боддог. Мөнхбат маань ер нь их зоримог, хурц дайчин барилдаантай, угсраа мэхтэй, хийсэн мэх нь даацтай харагддаг...
Д.СҮХБААТАР: -Би Мөнхбатынхаа хэд хэдэн чанарыг эцэг хүний хувьд үнэлдэг юм. Мөнхбат маань сүүлийн гурван жил дараалан улсын наадамд авсан цолоо ахиулан барилдаж, бидний тааварлаж байгаагүй өндөр амжилтад хүрч аварга боллоо. Баруунтуруун сумын маань хоёр хүүхэд улсын наадамд жил дараалан түрүүллээ. Саяын наадмын өмнө "Харзтай" амралтаас наадмын өмнө ар гэрийнхээ аар саар ажлаа амжуулахаар гэнэт хүрээд ирдэг юм байна. Буцаад очсон чинь Балжаа аварга бэлтгэлээ хаяад явсанд нь маш их уурлаж, ганцааранг нь машинаараа элдэн хөөж, 15 км-ийн кросс хийлгэсэн гэнэ лээ. Мөнхбат ч гүрийгээд яг яс гүйгээд ирэхэд нь Балжаа аварга, Жанчивдорж начин нар түүний тэвчээрийг нь үнэхээр үнэлсэн гэж ярьж байсан. "Шонхор" дээд сургуулийн нэгдүгээр курсыг төгсөөд нутагтаа ирдэг намар нь бид Мөнхбатыгаа бас л амаргүй сорилтонд оруулсан юм. Бидний тариа тарьсан талбайд тэр жил маш их царван ургачихдаг юм байна. Царвантай тарианы гурил гашуун амттай болдгоос тарисан тариа маань борлогдохгүйд хүрэх учир манай Мөнхбатад нэлээдгүй том үүрэг ногдлоо. Тэрээр тариа хурааж байгаа комбайны өмнө нь гүйж царванг нь нэг бүрчлэн зулгаана. Эцэж цуцна гэж ер байхгүй. Өдөрт хэдэн км гүйж хичнээн их царван түүж хаясныг хэлэх аргагүй. Тэр намаржингаа тариан талбай дунд тогоруу аятай тонголзон гүйсэн дээ, миний бор хүү. Тэр их тэвчээр хатуужил, нөр их хөдөлмөрийнх нь шан юм байлгүй, тэр намар гар хөлнийх нь булчин учиргүй томорчихсон, зодог шуудагнаас нэг л атгах юм бол тавьдаггүй гарын сарвуу нь бахь шиг болчихсон байсан гэж дэвжээнийх нь залуучууд сүүлд нь ярьж билээ. Баянаа аварга уржнан жил начных нь цайллаган дээр баяр хүргэж үг хэлэхдээ Мөнхбат маань биеэр их томгүй боловч хурц дайчин барилдаантай, хэнийг ч хаяж, ямар ч цолонд хүрч мэдэх хүүхэд" гэж ярьж байсан нь өнөөдөр биеллээ оллоо шүү дээ.
-Ээжээс нь би нэг юм асууя гэж бодож байна. Мөнхбат аварга чинь аав ээжээсээ олуулаа юу. Аваргыг дагаад барилдчих хүүхэд танайд бий юу?
Л.ЭРДЭНЭХҮҮ: -Манайх чинь дөрвөн банди нэг охинтой хөдөөний л нэг борогдуу айл. Мөнхбат маань дээрээ нэг эгчтэй. Бусад нь эрэгтэй дүү нар нь. Баруунтуруунаас таван жилийн өмнө нүүж ирээд Баянхошууны зүүн салаанд бид нэг дороо амьдардаг байсан юм. Бэлтгэл сургууль гээд гэр орондоо нэг их үзэгддэггүй хүн юм чинь эрэгтэй дүү нар нь голдуу гэр орныхоо ажлыг амжуулна. Дүү нараа барилдана гэхээр манай Мөнхбат зөвшөөрдөггүй юм. "Бөхийн спортоор хичээллэнэ гэдэг чинь хэн дуртай нь хийх ажил биш. Ах нь нэгэнт шийдсэнээрээ ингээд зовлогоо зулгаагаад явдгаараа явъя. Харин та нар толгой тархиа л сайн хөгжүүл" гэж захина. Хүү маань өвлийн хүйтэнд шөнө дөлөөр бэлтгэлээ тараад сүүлийн автобусаар голдуу Баянхошуунд ирдэг байлаа. Үүргэвчиндээ хам хум чихчихсэн бэлтгэлийнх нь хувцас замдаа хөлдөөд тас дарайчихсан л гэртээ орж ирнэ. Даарчихсан өлсчихсөн амьтан хоол хайж, тогоо шанага хангинуулаад эгч нь нөгөө хөлстэй нойтон хөлдүү хувцсыг цүнхнээс нь салгаж гаргах гэж бөөн юм болно доо. Дараа нь тогоо дүүрэн ус халааж нөгөөдүүлийг нь угаана, маргааш нь дахиад өмсөх учраас хатаах гэж нойтноор нь индүүдэн уур манаргаж, шөнөжингөө л хүүхдүүд маань унтуулахгүй бужигнацгаадаг байлаа.
-Мөнхбат үе тэнгийнхнээсээ биеэр нэлээд жижиг харагдах юм. Одоо жин хэдтэй байна аа?
Д.СҮХБААТАР: -Дархан аварга Мөнхбат цагтаа үндэс болоод чөлөөт бөхөөр ид барилдаж байхдаа 90 кг, Баянаа аварга хасах 100 кг-ын жинд барилдаж байсан гэдэг юм билээ. Манай Мөнхбат чинь байнгын бэлтгэлийнхээ үед 120 орчим кг жинтэй байдаг хүн. Тэгээд бодохоор биеэр тийм ч жижиг хүн биш гэж би боддог. Өсөхөө аварга, Ганбат арслан, Ганбаатар гарьдын хажууд л хүмүүст жижигхэн юм шиг харагдаад байгаа хэрэг.
-Аваргын гэр бүлийг танилцуулахгүй юу?
Д.СҮХБААТАР: -Манай хүн чинь 2009 онд начин болсныхоо дараа Увс аймгийн нутгийн зөвлөл хоёр өрөө байраар шагнах хүртэл Баянхошуунд бид хэдтэйгээ энэ жижигхэн байшиндаа чихэлдэн амьдарч байлаа. Одоо хүү маань нутгийн олны буянаар байртай болж бэлтгэл сургуульдаа явахад нь их дөхөмтэй болсон шүү. Сая нутгийн зөвлөлийнхөн нь бас л их үнэтэй машинаар шагнасан байна лээ. Манай бэр Сараа маань бас л Баруунтуруун суманд төрж өссөн хүүхэд. САА-н даргаар олон жил ажилласан Болд гэдэг хүний охин. Энэ жил гурван нас хүрч байгаа өвөө эмээгийнхээ гар дээр төрсөн дураараа шар охин нэг бий.
Ш.Пүрэвсүрэн