- ӨМНӨХ 7 ХОНОГТ:
- МЯГМАР
06.18 - ДАВАА
06.17 - НЯМ
06.16 - БЯМБА
06.15 - БААСАН
06.14 - ПҮРЭВ
06.13 - ЛХАГВА
06.12

“Премьер министр” хамтлагийн дуучин Б.Амархүү өчигдөр “UB Palace”-ын концертын их танхимд “Гэртээ хүрэх зам” нэртэй анхны бие даасан тоглолтоо хийлээ. Тоглолт өчигдөр, өнөөдөр /15, 16-нд/ хоёр өдөр болох юм. Дуучин Б.Амархүү ОХУ-ын телевизийн “Народны артист” наадамд түрүүлснээсээ хойш олон шилдэг уран бүтээл туурвиж, шоу ертөнцөд од болон гялалзаж яваа билээ. Тэрээр өөрийн бие даасан тоглолтдоо өнгөрсөн долоон жилийн хугацаанд хийсэн уран бүтээлээ багтаажээ.
Б.Амархүүгийн тоглолтод урилгаар ОХУ-ын Москва хотын “Wild pure” хамтлагийн бүжигчид, Улсын ардын дуу, бүжгийн чуулга, “Номин талст” хамтлагийн ахлагч, дуучин Д.Батсүх, “Киви” хамтлагийн дуучин П.Алтанцэцэг буюу Агий нар оролцлоо. Сонирхуулахад, дуучин Б.Амархүү “Киви” хамтлагийн дуучин Агийтай хамтран дуэт уран бүтээл хийсэн нь энэ тоглолтод анх удаа эгшиглэлээ. Б.Амархүүгийн тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар түүний аав Борхүү ажиллаж байгаа ба “Hero” энтертайнментын уран бүтээлчид хамтран ажиллажээ. Тоглолтын тасалбар 20, 30, 40 мянга гэсэн гурван өөр үнэтэй юм байна.
Түүний тоглолт “Москвагийн үдэш” дуугаар эхэлж, “Киви” хамтлагийн дуучин Агийтай хамтран дуулсан дуугаар үргэлжлэв. Тоглолтын дунд хэсэгт “Universe best songs” наадмын шүүгчид “Надежда” дууг хамтран дуулж, циркийн үзүүлбэр гарч ирэн ёстой л юм юмтай тоглолт болжээ. “Гэртээ хүрэх зам” тоглолтын төгсгөлд дуучин Б.Амархүү “Дугуйн хээтэй наадам” дуугаа монгол үндэсний дээлтэй гарч ирж дуулсан нь үзэгчдийн цөсийг хөөргөөд авсан.
Түүнчлэн, дуучин Б.Амархүү тоглолтынхоо үеэр өөрийн найз охин О.Ариунзултай хамтран дуулж “Энэ миний хайртай охин О.Ариунзул. Би чамдаа хайртай” хэмээн олонд албан ёсоор найз охиноо танилцуулж, хайраа илчлээд авав.
Сонирхуулахад, түүний дурлалт бүсгүйг О.Ариунзул гэдэг бөгөөд Б.Амархүүгээс таван насаар дүү ажээ. Тэрээр Хүмүүнлэгийн ухааны их сургуульд суралцдаг. Мөн "Шилмэл загвар" агентлагийн загвар өмсөгч, "Азийн топ" модель юм байна. Хосууд өдгөө хамт амьдарч байгаа бөгөөд “Big fish” киноны зураг авалтын үеэр танилцаж, хайрын романс үүсгэсэн гэдэг.
Б.ДЭЖИД