- ӨМНӨХ 7 ХОНОГТ:
- ЛХАГВА
06.19 - МЯГМАР
06.18 - ДАВАА
06.17 - НЯМ
06.16 - БЯМБА
06.15 - БААСАН
06.14 - ПҮРЭВ
06.13

Улсын далай даян аварга, гавьяат тамирчин А.Сүхбаттай ярилцлаа.
-Сайхан өвөлжиж байна уу. Таныг Монголын бараг бүх хүн таних учраас хаана юу хийж явааг маш их сонирхдог бололтой. Харамсалтай нь өөрөө ерөөсөө олдохгүй юм. Ашгүй өнөөдөр таарсан дээрээ асуух зүйл байна. Дургүйцэхгүй юм байгаа биз дээ?
-Сайхан даа. Одоо би бусдын л адил жирийн амьдарч байгаа болохоор хувийн амьдралаа нийтэд тайлагнах шаардлага бий гэж үү.
-Уг нь ч тийм л дээ. Гэхдээ мэдээллийн хэрэгслээр өөрийн чинь тухай зөндөө л юм бичсэн байна. Тэр болгонд та албан ёсоор хариуг нь барихгүй байхыг бодоход зарим нэг таагүй мэдээллүүд нь ортой ч юм болов уу гэж бодогдож байна.
-Тэгээд юу гээд биччихээв.
-Өө зөндөө зөндөө... Лав л "Элдэв явдал" билүү нэг чөлөөт сонин дээр өөрийг чинь "казак авгай авлаа" гэсэн утгатай зүйл бичсэн харагдсан шүү.
-Тиймэрхүү зүйл бичсэн гэж сонссон. Нэгэн хамтлагийн дуучин гэлүү. Нэрийг нь ч сайн тогтоож амжаагүй. Зайлуул тэр хүүхэд өөрөө "Би ямар ч бөх мөх найзгүй. Тэр талын ч ойлголт байхгүй шүү дээ" гэж хариулсан байна билээ.
Чөлөөт хэвлэлүүд олны танил хүмүүсээр зохион бичлэг хийж сониноо борлуулдгийг бүгд мэддэг болж дээ. Тэр болгоны араас заргалдаад хөөцөлдөөд явдаггүй гүдэсхэн хэсгийг нь арай ч дэндүү ноолсоор ирсэн. Одоо нийгэм улам эрүүлжиж иймэрхүү ёс суртахуунгүй амьдарцгаадгаа болих байлгүй дээ. Намайг хангалттай доромжилж, гүтгэлээ. Манай казах үндэстнүүд үндэс угсаагаа цэвэр ариунаар нь хадгалж явдаг, хатуу ёс заншил, шашинтай ард түмэн. Тэр эмзэг цэг дээр нь намайг гүтгэх далимдаа хатгана гэдэг наргиан биш шүү.
-Шашин гэснээс өөрөө сүүлийн үед бөө болохоор шийдсэн гэв үү. Ер нь ч бишрэл шүтлэггүй бөх гэж үгүй. Болохгүй ч юм юу байхав дээ айн?
-Наадахыг чинь харин сонсоогүй юм байна. Миний хувьд бусдын л адил аливаа шашинд хүндэтгэлтэй ханддаг төдийхөн. Монголчуудын уламжлалт шашин бөө мөргөл бол уул ус, мөнх тэнгэрийг шүтдэг. Гэтэл би болоод манай Төв аймгийнхан харин ч нутаг жалга гээд сүйд болцгоодоггүйг өөрөө юу эс андахав дээ.
-Нээрэн таны үүсгэн байгуулсан "Шонхор" дэвжээнд газар газрын хүүхдүүд суралцдаг. Тэдний нэг өнөө жилийн түрүү магнай бөх Бүрэнтөгсийг та анх гаргаж ирсэн байх аа?
-Тиймээ. Анх над дээр 18 настай өндөр хүү ирж шавь маань болж байлаа. Мэдээж өмнө нь бөхөөр хичээллэж байсан л даа. Манай Бүрэнтөгст бөхийн их олон сайн чанар бий. Наадмаас хойш хэсэг завсарлаж яваад сая Улс тунхагласны нэрэмжит барилдаанд түрүүлж том цолтон гэдгээ харууллаа. Залуу арслан одоо манай дээр хичээллэхээ больсон. Харьяаллын хувьд "Алдар" нийгэмлэгийн бөх болсон.
-Сүүлийн гурван жил дараалан Увс нутгаас түрүү бөх тодорлоо. Үүнд таны хичээл зүтгэл багагүй бий байх. Одоо чинь хаа сайгүй л аймгаасаа сайн бөх төрүүлэх гэж хичээж байхад энэ талаар та ерөөсөө боддоггүй байсан гэж үү. Жишээлбэл танай аймгийн харьяат Ө.Даваабаатар харцага, бүр нэг сумын Батмөнх начин гээд олон сайн бөхчүүд байна. Тэднийг яагаад дэмждэггүй юм?
-Нутаг ус гэдэг талаасаа харвал намайг буруутгахыг үгүйсгэхгүй. Миний эрхэм зорилго бол Монгол үндэсний бөхийн талбарыг найраагүй, шударга болгохын төлөө явдаг. Үнэн хүчээ үзээд түрүүлэх, цол авч чадаж байвал аль газрын хэн байх нь ямар хамаатай юм. Тэр бүү хэл энэ наадам чинь монгол туургатны дунд нээлттэй байх ёстой гээд адлагдсан хүн дээ, би.
-Монгол угсаатай гээд гадаадын самбо, жудогийн хүнд жингийн бөхчүүд орж ирээд наадам авчихвал тийм ч таатай биш л байна шүү?
-Тэгэхээр наадмаа алдахгүйн тулд дотооддоо шударгаар өрсөлдөөд илүү сайн суралцахгүй юу. Юунаас нь айгаад байгаа юм. Тэрнээс гадна манай залуучууд өөрсдөө их спортоор амжилттай хичээллэх хэрэгтэй болно.
-Ингэхэд та тэр жил яагаад гэнэтхэн зодог тайлах огцом шийдвэр гаргасан бэ?
-Ер нь тэр жилийн том жижиг наадмууд дээр бөхчүүд хоорондоо хуйвалдах тохиролцох явдал хэрээс хэтэрч эхэлсэн. Наадмаар олны өмнө 512 жүжигчин жүжиглэж байна гэж бодохоос шал дургүй хүрээд явчихсан юм. Уг нь бидний үеийн "зургаан заан"-ы түрүүлж аварга болохын төлөөх өрсөлдөөн Монгол бөхийг нойрноос нь сэрээж урлагийн хэмжээнд хүртэл гаргаж ирсэн юм шүү дээ. Юун нэгэндээ ээлжлэн бууж өгөх. Ёстой гал авалцахаа алдсан барилдаан өрнөж үзэгчдийг уулга алдуулдаг байлаа.
-Өсөхбаяр аваргын хөлд нь орж сүлжээ мэх хийж буй зураг, бичлэг одоо хүртэл байдаг. Өөрийнхөө барилдааны нууцаас одоо жаахан дэлгэхгүй юу?
-Одоо эргээд бодож байхад би үндэсний бөхийн хувьд төрөлхийн авьяастай гэмээр юм уу даа. Шавь нартаа мэхнээсээ одоо заахаар зарим нь ерөөсөө ойлгогддоггүй ш дээ. За тэгээд зарим "хурд хэтрүүлсэн" барилдаанаа хэрхэн болоод өнгөрснийг би өөрөө ч гүйцэд сэтгэж амждаггүй явлаа. Ямар ч байсан эхлээд өрсөлдөгчөө хөдөлгөөнд оруулж замбарааг нь алдагдуулна. Тэгээд хамгийн түрүүнд гаргасан алдаан дээр нь тохируулж ямар л бол ямар мэх хийх хурд чадамжтай байсан. Намайг хүүхэд байхад аав минь зааж өгсөн хутгаа бол миний үндсэн мэх. Хутгааг ямар ч нөхцөл байдлаас баараггүй хийдэг боловч төдийлөн их хэрэглээгүй санагдаж байна.
-Яагаад тэгсэн юм бол?
-Би бөхийн ертөнцөд нэвтэрч өөрийнхөө төлөө л зүтгэсэн. Өөртөө нэр алдар цол, гавьяа шагнал авахын тулд бүхнээ дайчилсан. Гэхдээ хоолонд хүргэсэн зүлэг ногоон дэвжээ минь урлагтай, гоо сайхан байж өнө удаан оршино гэдгийг үргэлж ухамсарладаг байсан. Тухайлбал олон түмнийг басамжлах, хэтэрхий спортлог бусаар биеийн галбираа алдах, зөвхөн давж л байвал дүүрч гээд уйтгартай барилдаан гаргахыг тэвчиж чаддаггүй юм. Хариагүй байгаа дээрээ зодог тайлах адын бодол надад нэн түрүүн төрсөн нь үүнтэй ч бас холбоотой.
-Үндэсний бөхийн дүрэмд засвар оруулж, барилцалгүй удсан бөхөд барьц сонгож давалцдаг болсныг таны эсрэг зориулж хийсэн арга хэмжээ гэлцдэг. Энэ үнэн үү?
-Бусдад барьцаа сонгуулсан тохиолдолд надад давах магадлал хамаагүй багасах нь тодорхой. Би голдуу өөрөөсөө 40-60 кг илүү жинтэй бөхчүүдтэй барилддаг байлаа. Гэхдээ бөхийн дүрмийг миний эсрэгээр өөрчилсөн гэх баталгаа байхгүй. Харин үндэсний бөхийн холбоо ид барилдаж байх үеийн авах ёстой цолыг минь зургаан жил өгөхгүй унжиж байж өгсөн нь үнэн юм даг.
-Бөхийн холбооны Нямдорж тэргүүн та хоёрын толхилцоон сая Мөнхбаатар арслангийн сэргээшийн хэрэг явдал дээрээс дахин сэдэрлээ гэж гадуур бичих боллоо.
-Үндэсний бөх дэх одоогийн шударга бус байдал, хавтгайрсан найраа, эрх мэдлийн элдэв дарангуйлал энэ тэр нь халаа сэлээгүй бөхийн тэргүүнээр ажиллаж буй Нямдорж гуайтай огт хамаагүй явдал биш. Энэ талаар урьд өмнө нь би наадмын талбай дээр хүртэл лоозун барин эсэргүүцэж явсан. Бидний үзэл бодлын зөрөлдөөн шинэ юм биш. Мөнхбаатар арслан тэр хоёрын явдал бол харин надад ямар ч хамаагүй.
-Гэхдээ бөхийн ертөнц шударга болбол би эргээд зодоглоно гэсэн юм биш үү?
-Ер нь зодог тайлчихсан учраас дахиж барилдуулахгүй гэсэн хууль байхгүй ш дээ. Ямар Японы сумо биш.
-Одоо эргээд барилдана гэхэд өөрийн чинь жин их л бага харагдаж байна шүү. Одоо ер нь хэд байна вэ?
-100 кг орчим л байгаа. Хамгийн ихдээ 120 кг татсан удаа бий. Анх улсын цолонд хүрч байх үедээ 85-аас дээшгүй л байсан ш дээ.
-Цагаан хоолонд ороод ингэж сайхан хөнгөрөв үү?
-Үгүй ээ үгүй. Бас нэг тийм балай яриа явдаг юм билээ.
-Аваргаа та хаана ямар ажил хийгээд явдаг юм бэ. Олны нүдэнд ерөөсөө харагдахгүй юм. Монголд байна уу?
-Байж л байгаа ш дээ. Жирийн хувцас өмсчихөөд олны дунд алхаж явахад хүмүүс ерөөсөө анзаардаггүй байх. Хөдөө цөөн тооны хэдэн мал маань байна. Бас Сэлэнгэд тариа тарьдаг болсон. Энэ ажлаараа хөдөө байсгээд л явдаг. Бусад үед "Олимп" сургууль дээрээ багшаа хийнэ. Манай дээр 14-22 насны хүүхэд залуучууд чөлөөт бөх, жудог голлон хичээллэдэг. Манайхан багаараа энэ төрлүүд дээр хэд хэдэн удаа улсын аварга болцгоолоо.
-Бас нохой тэжээдэг хэвээрээ юу?
-Жинхэнэ монгол банхар олох гэж яваагүй газар байхгүй. Одооны нохой чинь урдны гарз үүлдрээсээ хоншоор нь хамаагүй нарийхан болчихсон юм гэнэ. Саявтар Болдсайхан эмчтэй хамт "Монгол нохойны холбоо" байгуулсан. Банхраа ч оллоо. Цэврээр нь өсгөж үржүүлбэл манай малчдад их хэрэгтэй санж.
-Сонгууль болгоноор л улс төр өөрөөр чинь жаахан оролддог биз. Энэ талаар харин "хөнгөдсөн" явдал сонсогдохгүй юм. Аль нэг намын гишүүн биш хэвээрээ юу?
-Дээр нь уул уурхайнхан намайг бас хамтраач гэж их санал тавьдаг. Улс төр, уул уурхай хоёртой орооцолдоод дэмий гэсэн хувийн бодол байдаг юм. Миний улс төрд оролцсон хамгийн том үйл явдал бол С.Зориг агсантай хамт 1990 онд бидний үеийн бөхийн секцний хэдэн хүүхдүүд туг барин эсэргүүцэл илэрхийлж Төрийн ордныг нэг удаа тойрч билээ. Тэгэхэд би 17-той байлаа.
Одоогийн энэ шинэчлэл өөрчлөлт Монголд шударга ёсыг тогтоох байх гэдэгт их итгэж байгаа. За одоо зөндөө л удаан ярилцлаа. Ингэсгээд өндөрлөх үү?
-Ганцхан асуулт. Баянмөнх аваргын хүргэн байхаа больсон тухай...?
-Тиймээ тийм. Баясгалан бид хоёр албан ёсоор салаад удаж байгаа. Тэглээ гээд муудалцаж барьсан юм байхгүй. Бидний хооронд хүүхдүүд маань ирж очдог хэвээрээ. Одоо том хүү 16 хүрч байна. Энэ жил бас хүүтэй боллоо. Би чинь дөрвөн хүү, нэг охинтой боллоо шүү дээ.
-Өө тийм бас нэг юм асуухаа мартчихаж. Говийн нэг малчнаас дөрвөн кг цул алт аваад мөнгийг нь өгөлгүй "луу унжаад" одоо асуугдаж яваа гэсэн байсан?
-Энэ шар сонинуудыг ер нь өөрсдийг нь шүүхэд өгдөг юм уу?. Тийм их алт хадгалсан малчин нь байгаад надад зүгээр өгөөд явуулчихдаг нь ч юув дээ. Танай сурвалжлагч нар над руу утасдаад ярилцлага авъя гэхээр нь дандаа цааргалдаг. Тэр л их дургүйг нь хүргэдэг юмаа даа.
-Магадгүй. Зарим үед сайхан илэн далангүй ярилцаж байгаач. Манай уншигчид танд хайртай хэвээрээ л байгаа шүү дээ.
Ж.ГАНГАА
Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг ХАТУУ хориглоно.
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН