- ӨМНӨХ 7 ХОНОГТ:
- ЛХАГВА
06.19 - МЯГМАР
06.18 - ДАВАА
06.17 - НЯМ
06.16 - БЯМБА
06.15 - БААСАН
06.14 - ПҮРЭВ
06.13

Монгол Улсад 200 гаруй их, дээд сургууль үйл ажиллагаа явуулдаг гэсэн албан бус тоо байдаг ч зах зээлийн зарчмаараа дампуурах, байгуулагдах нь хосолж явдаг аж. Харин Засгийн газрын мөрийн хөтөлбөрт "Их дээд сургуулиудын чанарыг сайжруулна" гэсэн үг өгүүлбэр орсноос үүдээд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн тушаалаар Хилийн цэргийн дээд сургууль, Цагдаагийн үндэсний академи, Тагнуулын үндэсний академи гурав нэгдэх болоод байгаа билээ.
Ингэснээр "Дотоод хэргийн их сургууль" байгуулагдан үйл ажиллагаагаа явуулах болсон ч багш, оюутнууд тийм ч дуртай биш байна. Энэ гурван сургуулиас Тагнуулын үндэсний академи нь илэрхий эсэргүүцэж байгаа гэнэ. Хилийн цэргийн дээд сургууль, Цагдаагийн академийн багш ажилчид "Бид үүрэг биелүүлэх тангараг өргөсөн учраас тушаал биелүүлж байна. Үнэндээ бол хамгийн тэнэг шийвэр энэ байлаа" гэсэн юм. Сонин хэвлэлд зөвшөөрөлгүйгээр үзэл бодлоо илэрхийлэх аваас ажилгүй болно гэх аж.
Гурван өөр чиг баримжаатай, боловсон хүчин бэлтгэдэг сургуулиудыг нэгтгэх нь буруу гэнэ. Ерөнхий сайдын эрх мэдлийн хүрээнд байдаг Тагнуулын үндэсний академи л гэхэд улс үндэсний аюулгүй байдалд учруулж мэдэх хор хөнөөлийг тусгай хүчний тусламжтайгаар илрүүлэх ажиллагаанд мэргэшдэг гэнэ. Харин Цагдаагийн академи нь хуульд заасан гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг хүлээсэн боловсон хүчин бэлтгэдэг аж. Хилийн цэргийн дээд сургуулийн тухайд цэрэг зэвсгийн хүчээр хил хамгаалах үүрэг хүлээлгэдэг байна.
Ийм чиглэл өөр гурван сургуулийг нэгтгэх гэж буйд багш ажилчид, оюутнууд дурамжхан байгаа.
Дотоод хэргийн их сургууль албан ёсоор байгуулагдаад байна. Гэхдээ гурван сургуулийн оюутнууд нэг дор хичээллэсэнгүй. Тэгэх ч бололцоо байхгүй. Өөрсдийн дүрэмт хувцас, хичээлийн хөтөлбөртэй байгаа юм байна. Харин удирдлагууд нь өөрчлөгдөнө. Гэхдээ одоогийн захирал, багш нарын албан тушаал буурахгүй, цомхотгол гэж байхгүй. Тэгэхээр бүтцийн хувьд нэлээд томроод ирж байгаа бололтой.
Харин Дотоод хэргийн их сургуулийн захирлын суудал нь генералын эрэмбэтэй алба гэнэ. Тэгэхээр гурван дээд сургуулийн захирал ч зиндаа буурахгүй. Тэргүүн дэд захирал, орлогч захирлууд гэсэн албан тушаалууд л үйлдвэрлэгдэнэ гэсэн үг. Харин оюутнууд л "Дотоод хэргийн их сургууль" гэсэн дипломтой төгсөх аж. Одоогоор бол нэг их өөрчлөгдөөд сүйд болсон зүйл ажиглагдсангүй.
Тагнуулын Ерөнхий газрын харьяа Тагнуулын академийн багш нартай уулзлаа. "Сүүлийн жилүүдэд тагнуулын байгууллагын чиг үүрэг, мэргэшил өндөр түвшинд хүрсэн. Мэдээллийн аюулгүй байдал, гадаадын тагнуулчийн ур чадвар өндөр болсон. Тийм учраас
манай боловсон хүчний ур чадвар өндөр байх ёстой. Манай сургуульд хэн хэн хичээл заадаг нь хүртэл нууц байдаг. Гэтэл энэ бүхнийг өөрчлөх гэж байна. Нөгөө талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Ерөнхий сайд С.Батболдын харьяанд байдаг сургууль руу дайрч байгаа нь хууль зөрчсөн хэрэг" гэж байлаа.
Бүгд "Ц.Нямдоржийн муйхарлал" гэцгээж байгаа ч ил гаргаж хэлэх хүн алга. Хууль зүй, дотоод хэргийн яамны мэргэжилтэн албан бусаар тайлбар өгч байна. Тухайлбал гэнэ гурван сургууль нэгдсэнээр нэр хүнд нь өсч, гадаад харилцаанд нь өөрчлөлт гарна. Нөгөөтэйгүүр төсөв хэмнэгдэх магадлалтай" гэсэн юм. Нэгдэхгүй гээд байгаа Тагнуулын үндэсний академийгч шүүмжлэхээ мартсангүй. Тус сургууль оюутнууддаа "Хуульч, эрх зүйч" гэсэн мэргэжлээр диплом олгодог гэнэ.
Энэ хавар БСШУЯ-наас Тагнуулын үндэсний академийн оюутнуудыг "Хуульч"-аар төгсөлт хийлгэхгүй байхаар болгосон. Тэгэхээр энэ жилийн 160 оюутны хувь заяа бүрхэг байгаа гэнэ. Нэгэнт л "Тагнуулч" гэсэн мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж чадахгүйгээс хойш нэгтгэх нь зүйтэй гэж байлаа. Гурван сургуулиудыг нэгтгэх төсөл эртнээс яригдсан аж. Хууль зүй дотоод хэргийн дэд сайд В.Удвал "Тагнуулын үндэсний академийг нэгтгэх ямар ч боломжгүй" гэж байсан ч өдгөө байр суурь нь өөрчлөгдсөн гэнэ.
Дээрх гурван сургуулийн багш нар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Засгийн газарт илгээсэн шаардлагыг тэсэн ядан хүлээж байгаа аж. Тэрхүү шаардлагад "Цагдаа, тагнуул, цэрэг гэдэг тус тусдаа нарийн чиг үүрэгтэй чухал бүтэц. Эдгээр байгууллагыг хооронд нь хольж хутгах биш, харин ч дотроо улам нарийсч мэргэших ёстой. Тус тусдаа өөр өөрийн үүргээ мэргэжлийн түвшинд хариуцлагатай биелүүлж, бие биедээ хуулийн хүрээнд тодорхой хяналт тавьж ажиллах ёстой" гэсэн утгатай аж.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж "Би хууль зөрчөөгүй" гэсэн байр суурь дээрээ бат зогсож байгаа аж. Нэгтгэсний үр дүн, чиглэл нь тодорхой бус намын мөрийн хөтөлбөрт хөтлөгдсөн гурван их сургуулийн асуудал ужгирч мэдэхээр байна. Нөгөө талаар дээд сургуулийн амбицтай захирлууд албан тушаалын төлөө "бойкот" хийж байгаа гэсэн яриа ч байгаа юм.
Т.ЭРДЭНЭ