Торгоос илүүтэй даавуун дээл моодонд орж байна

2011-06-24 15:01:56 - Энтертайнмент


Наадам айсуй. Сүүлийн жилүүдэд манайхан үндэсний их баяраараа үндэснийхээ хувцсаар гоёх болсон. Харин цагаан сартай харьцуулах юм бол загварын, дан дээл өмсдөг болжээ. Хувцас загварын товчоод ч гэсэн үндэсний хэмжээний баяруудын өмнө дээлний захиалгад дарагдах болжээ. Ингээд "Монгол костюмес" ХХК-ийн загвар зохион бүтээгч М.Алтанцэцэгтэй ярилцсан юм.

-Наадам болох гээд захиалга ихтэй байх шиг байна. Өнөө жилийн хувьд ямар загварын дээлээр гангарцгаах бол?

-Тиймээ захиалга аль эрт эхэлсэн. Зурга­ду­гаар сар дөнгөж гарав уу үгүй юу захиалга орж ирдэг болсон. Сүүлийн үед манайхан үндэсний хувцсаа эрхэмлэдэг, үндэсний хувцсаараа гоёх дуртай болжээ. Энэ жил эмэгтэйчүүд маань голдуу богино загвартай дээл хийлгэж байна. Жаахан ахимаг насны эмэгтэйчүүд л өвдөг давсан урттай дээл өмсөж байгаа. Харин охидын хувьд дээл гэж хэлэхээсээ илүүтэйгээр монгол дээлний элементүүд орсон даашинз, хантааз илүү зохимжтой. Гэхдээ аль ч насныхан нэг хэсэг моод болоод байсан эртний хатад шиг л сүр бараа ихтэй дээлнээс татгалзаж, аль болох энгийн хэрнээ чамин загварыг онцолж байгаа. Материалын хувьд даавуун дээл торгон дээлнээс илүү эрэлт ихтэй байна. Харин өнгөний хувьд цайвар болон байгалийн өнгөтэй дээлнүүд голлож байгаа.

-Эрчүүдийн хувьд?

-Эрчүүд өнөө жил дээлнээс илүүтэй монгол хантааз, монгол өмд захиалж байгаа. Угаасаа зуны халуунд биед эвтэйхэн, даавуун материалтай хантааз өмсөөд явахад дэгжин харагдана. Тэгээд ч нэг үе ахмадууд л үндэсний хувцсаараа гоёдог байсан бол одоо эсрэгээрээ өөрчлөгдөж байгаа. Залуус маань аль болох үндэсний хувцсаа өмсдөг болжээ. Өнгөний хувьд эрчүүд ч ялгаагүй цайвар өнгийг сонгож байгаа.

-Ямархуу хээ зонхилж байна вэ?

-Хээ ч сүүлийн үед моодноос гараад байна даа. Учиргүй л урлагийн арга хэмжээн дээр өмсөхгүй бол тэгтлээ сүртэй хээтэй байгаад хэрэггүй. Ерөнхийдөө материал сайтай, цулгуй дээл зонхилж байна.

-Тэгвэл эмжээр, товч нь ямар байх вэ?

-Товчны хувьд эмжээрээр нь хийсэн сампин товч цэвэрхэн харагдана. Харин эрэгтэйчүүд мөнгөн бүс зүүхээр шийдсэн бол бүсээ дагаад товч нь мөнгөн байх хэрэгтэй. Эмжээрийн хувьд дээлний өнгөнд ууссан байвал зүгээр. Эмэгтэйчүүдийн хувьд дээлэн дээр ямар нэгэн сүртэй гоёл, чимэглэл зүүгээд байх хэрэггүй. Жижигхэн энгэрийн зүүлт, бугуйвч л байхад хангалттай.

-Үнийн хувьд ямар ханштай байна вэ?

-Янз бүр байна даа. Торгон дээл 150-250 мянган төгрөгийн хооронд байгаа. Харин загварын дээлний ханш 350 мянган төгрөгөөс дээш байна.

-Бүсгүй таны сонголт ажил хэрэгч, энгийн цүнх-

-Аальгүй мини, эмэгтэйлэг урт ЮБКА-

-Энэ зун тод улаанаар уруулаа будаарай-

С.АЛТАНЦЭЦЭГ, А.САНАА



Сэтгэгдэлүүд
Нийт 1

tailor (103.9.*.*)
2012-10-13 09:58:29
orchin vyeehend zoriulsan huwtsas hiihed torgo tiim ch taatai material bish ee, uyan namirsan daawuu heregtei

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл: