Хүүхдийн зохиолч О.СУНДУЙ

2012-10-28 13:57:44 - Энтертайнмент


Энэ удаагийн өдрийн зочноор хүүхдийн зохиолч О.Сундуйг урилаа. Тэрбээр 1960 онд Төв аймгийн Угтаалцайдам сумын Алтан-Уул хэмээх газар төрсөн нэгэн. Хаана л явна оюутан, залууст хандаж “Хүүхдийн шүлэг, зохиол бичдэг хүн байвал ахдаа үзүүлж, уншуулаарай тусалж, дэмжинэ шүү" гэнэ. Д.Нацагдоржийн шагналт тэрбээр утга зохиолын оны шилдэг бүтээлд олгодог "Алтан өд" шагналыг хүүхдийн зохиолын төрлөөр "Зуны нар мөхөөлдсөнд дуртай", "Зочин", "Хүүхэлдэйн чинээ ээж" бүтээлүүдээрээ гурван ч удаа авч байв.

О.Сундуй 12 хүүхэдтэй айлын гурав дахь хүү аж. Аав Д.Оюунбадам, ээж Д.Лхамсүрэн нар нь төрийн албанд ажилладаг байсан тул том нь багыгаа угжихыг нь угжаад, хөтлөхийг нь хөтлөөд, үүрэхийг нь үүрээд л явдаг байж. Хүүхдийн зохиолч маань багадаа тийм ч сахилгагүй нэгэн байгаагүй ч морь уургалах ихэд дуртай байж, сургуульдаа ч мориор явдаг байсан гэнэ. Тэгээд хичээлийн цагаар сургуулийнхаа гадна хашаанаас уясан морио харж багшдаа үе үе зэмлүүлдэг, хичээлээ тармагц ангийнхаа найзуудтай мориор уралддаг байснаа инээж ирээд л дурссан юм.  Намрын  намарт сумын төвийн айлуудыг малтай байхыг хориглодог байсан үе. Аав нь адуугаа хөдөө айлд тавьчихаар унадаг хэдэн морио жигтэйхэн санадаг байсан гэнэ. Ерөөсөө л хавар адуугаа ирэхийг хүлээдэг хүүхэд байлаа гэж тэрбээр хүүхэд насныхаа хөгжилтэй дурсамжаас хуваалцана. Мөн үеийн найзуудтайгаа уулын оргил булаацалдаж тоглох, барилдах дуртай, муугүй барилдаанч хүүхэд байж. Тэрбээр багаасаа ном зохиолд дуртай болсон тухайгаа "Бид "том ээж" гэж авгайлдаг, Монгол Улсын Ерөнхий сайд А.Амар гэдэг хүний гэргий сайхан буурал байлаа. Тэднийх хотод амьдардаг ч хаврын урь оруут хөдөөлөхөөр манайд ирнэ. Бидэнд үргэлж үлгэр ярьж өгдөг байв. Доржзовд гэдэг бурхны цадиг түүх  ихтэй  номыг  цээжиндээ баринтаглачихсан, "Молом тойн эхийн ачийг хариулсан нь", "Мял богдын  намтар" зэрэг домог, туульсаас цээжээр ярьж өгнө. Том эгчийн  ярьдаг үлгэр домгийг сонссоор байгаад би үлгэр домогт дуртай болчихсон юм. Ном уншдаг, яруу найраг, зохиол бичдэг болсон маань тэндээс л эхтэй болов уу" гэж хуучиллаа.

Хүүхдийн зохиолч О.Сундуй Угтаалцайдам суманд наймдугаар ангиа төгсөөд Багшийн сургуульд суралцахаар хотод хөл тавьж байж. Хоёр жил сурч төгсөөд төрөлх сумандаа очиж бага ангийн багшаар дөрвөн жил ажиллажээ. Багшилсан он жилүүд нь уран бүтээлд нь чухал байр эзэлдэг гэнэ. Энэ тухайгаа "Яруу найрагч багш очоод хүүхдийн зохиолч багш болсон" гэв. Сумандаа багшлах болсноор хүүхдийн гэнэн цагаан сэтгэл, баяр хөөр, адал явдалт ертөнц сэтгэлийг нь татаж хүүхдийн тухай шүлэг бичихэд хүргэсэн байна. Бяцхан шавь нарынхаа шүлгийг Оюунтүлхүүр сэтгүүлд "Төв аймгийн хүүхдүүдийн зохиосон шүлэг, оньсого, таавар" -гэсэн нэрээр хэвлүүлдэг байж. Түүнийгээ "Миний амьдралын сонин содон сайхан үе" гэх аж. Шавь нараа номонд дуртай болгохын тулд өөрөө ном уншиж өгдөг байжээ. Тэгээд үргэлжлүүлэн унших сонирхлыг нь төрүүлэхийн тулд яг сонирхолтой хэсэг дээр нь орхичихдог байсан гэнэ. Тийнхүү дөрвөн жил багшлаад Багшийн дээд сургуулийн монгол хэл, уран зохиолын ангийн оюутан болж, төгсөөд тухайн үеийн Гэгээрлийн яамны сурах бичиг, сэтгүүлийн нэгдсэн редакцид томилогдсон байна. Харин 1993 онд зохиогчийн эрхийн хууль гарснаар Оюуны өмчийн газарт анхны утга зохиол хариуцсан шинжээчээр нь ажилласан аж. Одоо тэрбээр Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд соёл урлаг хөгжүүлэх сангийн мэргэжилтнээр ажиллаж байна.

Эхнэр Р.Уранчимэгтэйгээ оюутан ахуйдаа танилцсан гэнэ. Эднийх Өлзиймаа, Өлзийхутаг нэртэй хоёр охинтой юм. Том охин нь график дизайны мэргэжилтэй бол бага охин нь Унгарын Корнилс их сургуулийг ирэх хавар төгсөх гэж буй аж. Хүүхдийн зохиолч маань гэр бүлийнхээ тухай тун товчхон ярихдаа "Бие биенээ хайрлах сэтгэл байхад өөр ямар нэгэн бэрхшээл байдаггүй" гэсэн юм. Түүний хүүхдэд зориулсан анхны шүлгүүд нь 1980 оноос Оюунтүлхүүр, Тоншуул сэтгүүлд нийтлэгдсэн байна. Шүлгүүд нь Монголын уран зохиолын дээжис, Уран зохиолын товчоон зэрэг цоморлигуудад хэвлэгджээ. 1992 онд анхны тайз дэлгэцийн бүтээл "Долоон хожгор нэг можгор" дуулалт жүжгээ нийтийн хүртээл болгож. 1994 онд хүүхдэд зориулсан "Мэхт мэхэндээ" өгүүллэгийн номоо хэвлүүлжээ. Өнөөдөр тэрбээр хүүхдэд зориулсан 20 гаруй өгүүллэг, туужийн ном хэвлүүлээд байна. Мөн яруу найргийн "Чи минь дуулахад хавар ирнэ" номоо саяхан хэвлүүлжээ. Ер нь хүүхдийг 5-12 насанд нь номонд дуртай болгох хэрэгтэй гэж хүүхдийн зохиолч маань зөвлөсөн. Нэгэнт 12 нас хүртлээ номтой нөхөрлөөгүй бол түүнээс хойш "найдваргүй" гэнэ. Тэрбээр "Чихрийг хүлхэж байж сайхныг мэдэрнэ шүү дээ. Ерөнхийлөгчийн зарлигаар номын өдөртэй болсноор нийгэм маань номоор амьсгалж байгаад баяртай байгаа" гэлээ. Хүүхэд номыг таван наснаасаа эхлээд өөрсдөө унших ёстой, харин түүнээс өмнө хоёр настайгаас нь хүүхдэд ном уншиж өгөх хэрэгтэй гэж эцэг эхчүүдэд зөвлөж байна лээ. Энэ нь хүүхэд номонд дуртай болоод зогсохгүй гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлдэг гэнэ. Учир нь хүүхдэд ном уншиж байгаа хүн зөөлөн сэтгэл гаргаж аялгуулаг уншдаг. Энэ үед ээж, аав, хүүхдийн дунд зөөлөн харьцаа үүсдэг гэж О.Сундуй зохиолч ярилаа. Хүүхдийг ухаантай болгож болно, гагцхүү чин сэтгэлтэй болгох нь бас өөр зүйл гэнэ. Тэр сэтгэлийг зөв ургуулахад уран зохиол тусалдаг аж. Нэг ёсондоо уран зохиол нь хүнд зөв сэтгэл тогтоодог байна. Түүнчлэн "Бидний үед автобусанд настай хүн орж ирэхэд дэрхийтэл босч суудал тавьж өгдөг байсан. Одоо яагаад тавьж өгөхгүй байгаа юм бол гэж бодохоор хүүхдүүдийн хүмүүжил, сэтгэлд жаахан юм орчихсон мэт санагддаг. Тиймээс урлаг утга зохиолын нөлөөг хүчтэй анхаарч хүмүүсийн сэтгэлийг зөөллөх ёстой" гэж байлаа. Мөн "Үлгэр гэдэг үгэнд үлгэрлэн дагуулах гэсэн санаа явж байгаа биз. Тэгэхээр хүн төрөлхтөн уран зохиол анх бичихдээ хүүхдэд зориулж бичсэн байж таарна. Утга зохиолын үүсмэл чанар нь хүүхдэд чиглэдэг. Түргэн тод хэллэг, зугаа үг хүүхдэд л зориулагдсан байдаг шүү дээ" гэснээр бидний яриа өндөрлөсөн юм.

Ж.БАЯРСАЙХАН



Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл: