МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших вэ?
2013-03-01 08:33:05 - Улс төр
Монгол Ардын Нам айсуй Ерөнхийлөгчийн сонгуульд ихээхэн ач холбогдол өгч буй. Болж өнгөрсөн, түүхэндээ байгаагүй ялагдал хүлээсэн сонгуулиудад “даагаа нэхэх” гэж тус намынхан эрвийх дэрвийхээрээ хөдөлж эхэллээ. Дэндүү өндрөөс газарт унасан, ямагт эрх баригчийн байранд байсан Ардын нам сөрөг хүчин байхын тулд зүдэрч, үзээгүйгээ үзэж буй.
Тэд шат шатны сонгуульд ялагдсан шалтгаанаа өнөөдөр нам хуваагдсантай холбон тайлбарлаж, бас хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ л МАХН-ынхныг сонгуулиар санал хуваасан хэмээн буруутгадаг таагүй хандлага нь хэвээр ажээ. Дийлэнх гишүүдийнх нь үзэж буйгаар “салан тусгаарласан” эл хоёр нам хэзээ ч эргэж нийлэхгүй бололтой.
Улс төрд мөнхийн эрх ашиг байх ёсгүй. Хувь хүний тоглолтоор асуудал шийдэгдэхгүй. Тиймээс С.Баяр, Сү.Батболд, Ө.Энхтүвшин гэдэг хүмүүс бүгдээрээ сууж байгаад алдаа оноогоо ярих хэрэгтэй гэж тэд үзжээ. Тиймээс энэ асуудлыг намын 27 дугаар их хурлаараа ярилцахаар шийдсэн байна.
Уг нь Н.Энхбаяраас эхлээд Сү.Батболд хүртэлх бүх дарга нарынх нь толгойд Ардын нам нэрээ сэргээх хүсэл байж. Гэвч энэ шийдвэр нь “бай”-гаа оноогүй. Одоо үзэл баримтлал, боловсон хүчний бодлого, үнэт зүйлээ эргээд нэг харах шаардлага энэ намд бий гэнэ лээ.
МАН-д өнөөдөр энэ байна гээд гаргаад ирэх лидер алга. Гэвч тэд Удирдах зөвлөлийн хуралдаанаараа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж болох гишүүдийнхээ талаар авч хэлэлцжээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол нарын хувьд цэвэр хувь хүний амбиц, мөрөөдөл байх. Монголчууд бөх сонгоод хаширсан, тэр хүний гарын булчин гэхээс толгойных нь ажилладаггүй гэж дүгнэсэн. Уул нь Ерөнхийлөгчийн сонгуулиар иргэдэд “тоогдох” эерэг пи-ар нь Бурхан халдунаа аварсан, урт нэрт хуулийг батлуулах, хэрэгжүүлэхийн төлөө хөлсөө гартал тууштай зүтгэсэн гээд цөөнгүй зүйлийг нэрлэх байх л даа. Гэвч олонхийн санал авч чадахгүй. Харин МАН хэзээ ч Д.Оюунхоролыг Ерөнхийлөгч болгохоор явуулахгүй. “Эмэгтэй хүний үс урт, ухаан богино” гэдэг. Энэ утгаараа ч түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд “сойх”-гүй нь лав.
У.ХҮРЭЛСҮХТЭЙ УЧРАА ОЛЖЭЭ
МАН-аас У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид нэр дэвших нь гэсэн таамаг нэлээн эртнээс гарсан билээ. Эх сурвалжийн мэдээлснээр залуус нь МАХН-тай эвсэж болохгүй шүү гэж аминчлан гуйсныг намын удирдлагууд нь нааштай хүлээн авчээ. Тэднийг У.Хүрэлсүх “дэвэргээд” байна гэж үзсэн учраас МАН-ын удирдлагууд түүнтэй учраа олсон гэнэ. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуулийн хугацаанд намын удирдлагуудыг тайван байлгаж, 2018 оны сонгуульдаа бэлтгэх тохироо хийсэн гэх. Өнөөдрийн байдлаар түүнд улс төрд анхаарал хандуулах цаг хомс, эхнэрийнх нь биеийн байдал тааруу байгаа сурагтай.
Н.БАГАБАНДИД ЯАГААД Ч БОЛОМЖ ОЛДОХГҮЙ
Телевизээр хааяахан “Титэм үг”-ээ уншсан шиг суудаг Н.Багабанди бол даргыг шүтэх үед Монгол Улсын төрийн жолоог атгаж явсан. Монгол түмэнд бараг ашиггүй Оюутолгойн гэрээг батлахад түүний оролцоо чухал байсан, тиймдээ ч ТУЗ-ийнх нь гишүүнээр сонгогдсон гэдэг. Ил цагаан улс төр хийгээд, сүржигнээд байдаггүй түүнд айсуй Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж, гурав дахиа өрсөлдөх боломж хуулиараа ч олдохгүй.
С.БАЯРТ ГОРЬДЛОГО БИЙ. ГЭВЧ...
МАХН-аас 2013 оны сонгуульд нэр дэвших магадлал өндөр хэмээн тооцоолж байсан хүн бол С.Баяр. “40 мянгатын атаман”-уудын нэг тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдох уу гэдэг сонин. Хувь хүнд нь горьдлого бол бий. Гэвч тэрээр уугуул намаа хүнд байдалд ороход нь орхиод явсан, эх орноо зарж идсэн гэх зэргээр хэзээ ч “ял асуугдаж” мэдэх нөхөр. С.Баяр “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ маш сайн болсон. Оюутолгойн улс төрийн болоод бусад бүх хариуцлагыг бид хүлээхэд бэлэн” гэж мэдэгдэж байсан удаатай. Гэвч байдал бишдсэн тул түүнд Монголын ард түмэн итгэл хүлээлгэж, төрийн тэргүүнээрээ сонгох юу л бол. Сүүлийн өдрүүдэд түүнийг Монголд ирвэл хэцүү нэртэд хийх ч сураг дуулдсан.
Ө.ЭНХТҮВШИН ТУНАВ
МАН-ын залуус түүнийг унагах гэж чамгүй оролдсон. Хөвсгөлийн гаралтай эл эрхэм тус намын даргаар томилогдоод удаагүй. Эх сурвалжийн мэдээлснээр тэрээр сонины хэвлэлийн талбайд олон сая төгрөгөөр худалдан авч, намынхаа гишүүд дэмжигчдийг уярч уйлтал захидал бичиж хэвлүүлээд, хэдийнэ сурталчилгааныхаа ажлыг эхлүүлжээ. Нөгөөтэйгүүр УЗ-ийн хурлаараа гишүүд нь намын дарга Ерөнхийлөгчид өрсөлдөх нь зүйтэй гэсэн байр суурийг дэмжсэн байна. Өөрөөр хэлбэл лидергүйгээс намын дарга л нэр дэвших ёстой гэсэн шийдвэр гаргажээ. Ө.Энхтүвшиний хувьд намын үзэл баримтлалдаа тууштай үнэнч нэгэн учраас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь ийнхүү тодорхой болжээ.
Д.ЭРДЭНЭТУЯА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
![]() ![]() ![]() ![]() |
|







