Цуврал 5. Хөөн хэлэлцэх хугацаа буюу Зууны луйвар

Н.Саранчимэг / Хууль

Мэдээ.мн сайт “Хөөн хэлэлцэх хугацаа буюу Зууны луйвар” гэсэн сэдэвтэй цувралыг явуулж байгаа билээ. Эрх баригчид иргэдийн эрх ашгийг дорд үзэж, албан тушаалтан, авилгачдын толгойг илэх зорилгоор Эрүүгийн хуулинд өөрчлөлт оруулсны хамгийн сонгодог жишээ бол яах аргагүй Хөөн хэлэлцэх хугацаа байсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Тиймээс бид ийм алхмыг дахин давтуулахгүйн тулд дахин дахин сануулж Зууны луйвар хэмээн нэрийдэж байгаа юм.

Хөөн хэлэлцэх хугацааг эргэж засварлахаас өмнө тэд юу хэлж байв?

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой нугалаа гарчихлаа гэдэг маргаан удаан хугацаанд яригдсан. Гэтэл үүнийг засч, залруулах ажлыг яагаад ийм хойрго хийв ээ Ц.Нямдорж сайд аа. Би протоколыг нь харлаа. Та тийм зүйл байхгүй. Хөөн хэлэлцэх хугацааг харин ч уртасгасан гээд нэг хэсэг дарагдуулсан. Энэ хооронд ял завших хүмүүс 20-30-аараа явж байна. Та хэдэн удаа Хууль зүйн сайдаар ажиллаж байгаа билээ. Энэ хугацаанд гэмт хэргүүд улам л хэрцгий, улам их гарах боллоо.

image

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: Энэ хуулиудад өөрчлөлт оруулах төсөл 2018 онд боловсруулагдаад, бүх газруудаас санал аваад 2019 оны нэгдүгээр сард над дээр эцэслэгдэн орж ирсэн. Би 2017 оны сүүлээр ажлаа авсан юм. Ингээд энэ оны долоодугаар сард өргөн мэдүүлээд одоо хэлэлцүүлж байна. Би бол хөөн хэлэлцэх хугацааг богиносгосон биш уртасгасан гэж ойлгож байгаа. Яллагдагчаар татагдахаас гэдэг үгийг шүүхэд шилжүүлэхээс гэж өөрчилсөн.

Хуулиасаа болж ял завших асуудал гарч байна уу, хуулийн байгууллагын удаашралтай ажиллагаанаас болж байна уу гэдгийг хэргийг нь үзэж байж л ярина. 2015 оны Эрүүгийн хууль батлахдаа хэд хэдэн том алдаа гаргасан. Үүний гор нь одоо гарч ирж байгаа юм. 2002 оны хуулиар онц хүнд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 25 жил байсан. Үүнийг 20 болгосон. Хүнд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 15 жил байсныг 12 болгосон. Хэргийн ангиллыг байхгүй болгосон. Үүнээс болж ийм асуудал үүсээд байгаа юм. Би Ажлын хэсэг байгуулаад, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын асуудлыг ойрын үед ярина гэж бодож байгаа.

Энэ хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөх асуудлыг ажлын хэсэг дээр л хийсэн шүү дээ. Прокурорынхон, шүүхийнхэн, хууль зүйн яамныхан.

image

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 400 гаруй хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаар хаагдсан. Малын хулгай, орон байрны хулгайгаас эхлээд санхүүгийн луйврын хэргүүд хаагдсан. Тийм учраас үүнийг зохион байгуулсан Х.Нямбаатар гишүүн Хууль зүйн байнгын хороог удирдаж болохгүй. Хэн үүнийг зохион байгуулсан, хэн оролцсон нь цаасан дээр ил байгаа. Үүнийг олон нийтэд ил болгох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг 2013 онд үүссэн. Өнөөдөр 2019 он. Яагаад хуулийн байгууллага энэ хэргийг 6-7 жилийн хугацаанд шийдэж чадахгүй байгаа юм бэ. Энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэдгийг хуулийн байгууллагын удирдлагууд хэлсэн.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: АТГ-ын Мөрдөн шалгах хэлстийн даргаас “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсон юм уу, үгүй юу гэдгийг асууя. Яагаад 2009 онд нээсэн хэргийг 2019 он хүртэл мөрдөөд байдаг юм бэ. Хамгийн сонирхолтой нь энд байгаа байхгүй юу.Энэ бүхнийг нийгмийн анхаарлын төвд оруулж, оруулсных нь дараа улстөрчид нь айж, намайг хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн гэж гүтгээд зугтчихдаг. Энэ хуулийг яаралтай засах хэрэгтэй.

Жич: Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал дээр нэр нь холбогддог гишүүд чуулганы танхимд ингэж ярьж байсан нь протоколд үлджээ.

Харин энэ оны эхээр буюу нэгдүгээр сарын 10-ны УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаанд оролцсон 42 гишүүний 59.5 хувийн саналаар Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан авлигын гэмт хэргүүдийг сэргээн шалгах хуулийг баталсан.

Ер нь Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенциудад авлига, албан тушаал урвуулан ашигласан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтууд бий. Тухайлбал, 2005 онд НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдэж орсон байдаг. Энэ конвенцийн 29 дүгээр зүйл буюу “Хөөн хэлэлцэх хугацаа”-ны талаар зохицуулалтад “Оролцогч улс бүр энэхүү конвенцийн дагуу тогтоосон аливаа гэмт хэрэгт хэрэг үүсгэх хөөн хэлэлцэх хугацааг уртаар тогтоож, сэжигтэн этгээд шүүн таслах ажиллагаанаас зайлсхийсэн бол хөөн хэлэлцэх хугацааг илүү уртаар тогтоох буюу хөөн хэлэлцэх хугацааг түдгэлзүүлэхээр дотоодын хууль тогтоомжийнхоо дагуу зохих тохиолдолд заана” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хөөн хэлэлцэх хугацаа гэдэг үндэслэлээр гэм буруугийн асуудлаа шүүхээр шийдүүлээгүй, процессын хэм хэмжээний дагуу хэрэг нь хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээн шалгах агуулга бүхий төсөл гэдгийг Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар тайлбарласан.

Хөөн хэлэлцэх хугацааг “сэргээн засварласан” Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар зарим УИХ-ын гишүүнээс асууж тодруулсан юм.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хууль батлагдсан өдрөөсөө эхэлж дагаж, мөрдөнө гэж ойлгосон.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой өөрчлөлтийг хэлж мэдэхгүй байна. Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хувьд ганц, хоёр заалт нь өөрөөр орж ирсэн байж магадгүй. Түүнээс биш баталснаараа явна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Хуулинд баталсан өдрөөсөө эхлэн дагаж мөрдөнө гэж заасан. Ёсчилдог өдөр гэж бий л дээ. Тодорхой хугацаатай хуулийнхаа хүрээгээрээ явдаг.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:30:25

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:30:25

Зочин [66.181.185.223] 2020-01-30 06:08:57

Раднаасэдэддэх гэж хуулийн нэр томъёо бий болёон байна.хоорондоо сэдэдчих гэж ойлголцдог

хадаа [122.201.31.252] 2020-01-30 04:09:45

Эрдэнэс-таван толгой ХК-ийн удирдах зөвлөлийн гишүүн Н.Багабаньд Монголд байхгүй маш өндөр цалин авдаг хирнээ Улс эх орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй байсан бол Гадны компанитай байгуулсан Монголын талд маш хохиролтой гэрээг мэдсээр байж олон жил "ХИЙ ГАРГАХГҮ" дуугүй явж байгааг ойлгохгүй байна. Та Монголоо гэсэн сэтгэл гаргаж нэг удаа ч гэсэн уг гэрээний талаар бодит байдлыг мэдээлнэ үү. Энэхүү гэрээ Монголын талд ашигтай хийгдсэн эсэх асуудлыг хариуцаж Удирдах зөвлөлд олон жил ажилласны хувьд энэ талаар Таныг маш сайн мэдэж байгаа гэж ойлгож байна. Энэ бол таны ажлын ҮНДСЭН ҮҮРЭГ БАЙСАН БАЙХ !!!

Зочин [202.9.46.250] 2020-01-30 05:09:46

Дандар [202.9.40.107] 2020-01-30 04:00:52

Хүний ухаан гэж...тэр дундаа хуульч луйварчдын ухаан гэж...яаж ийгээд л өөрийгээ,найз нөхөд,хамтран зүтгэгчдээ ялаас чөлөөлөх юм сэдээд л...

Зочин [202.131.235.198] 2020-01-30 02:00:32

ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас 88671597


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.