Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилтыг танилцуулав

Aдмин / Нийгэм

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, “Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт”-ыг батлах тухай, “Нийслэлийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын 2019 оны нөхцөл байдал, цаашид шийдвэрлэх шаардлагатай ажлын саналын тухай”, “Нийслэлийг Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлтэд хийсэн хяналт шалгалт, шинжилгээ үнэлгээний тайлан”-гийн тухай зэрэг долоон асуудал хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд “Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт”-ыг батлах тухай асуудлыг хэлэлцсэн. Монгол Улсыг 2050 он хүртэл хөгжүүлэх бодлоготой уялдуулан хүн төвтэй хот байхаар энэхүү зорилтыг боловсруулсан гэдгийг холбогдох албанаас онцлов. Энэ хүрээнд ядуурлыг бууруулах, ажлын байр болон боловсрол эзэмшилтийг нэмэгдүүлэх, орчин төвтэй шийдэл хүрээнд эко хот байгуулж, хүнсний хог хаягдлын хэмжээг бууруулах, ногоон байгууламжийг нэмэх зэрэг ажлууд хийхээр төлөвлөжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид асуулт асууж, санал хэлсэн юм. Тухайлбал, Тэргүүлэгч Т.Батцогт “Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт”-ын төслийг боловсруулахад мэргэжлийн байгууллага, судлаачид оролцож, бодитой боловсруулсан гэж харж байгаагаа хэлээд ядуурлыг бууруулах хүрээнд ямар ажил хийхээр тусгасныг лавлалаа. Тэргүүлэгч Б.Бямбадорж зорилтод нийслэлийн дэд бүтцийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр тусгасныг асуусан бол Тэргүүлэгч Ш.Үнэнбат орлого бүрдүүлэх асуудалд анхаарч ажиллахыг санууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Тэргүүлэгчдийн хэлж байгаа санал зөв. Хөгжлийн төлөөх баримт бичгүүд цөөдөөгүй. Энэ бүхний ард мөнгө тавихгүй бол цаас л болоод үлдэнэ. Бодлогын баримт бичиг эзэнтэй байх нь чухал. 2013 онд 2020, 2030 он хүртэл хөгжүүлэх баримт бичиг баталж байсан. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн хүрээнд ИТХ-аар хэлэлцүүлэх ёстой. Өмнөх олон баримт бичгүүдтэйгээ уялдуулах ёстой. Өнөөдрийн 16, 18 настнууд энэ баримт бичгийн эзэд байх учиртай гэдгийг бодож боловсруулаарай. Тэд 10 жилийн дараа ямар орчинд яаж ажиллаж амьдрахыг бодож тооцоолоорой” гэсэн юм. Улмаар Тэргүүлэгчдийн саналаар “Нийслэлийн хөгжүүлэх хэтийн зорилт”-ыг энэ сард хуралдах нийслэлийн ИТХ-ын ээлжит XXXII хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ


Сэтгэгдэл

Зочин [182.160.33.21] 2020-02-05 10:42:07

Энэ хэтийн зорилттой чинь яаж танилцах ёстой вэ?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.