ЭЕШ-ын шалгуулагчийг хоёр метрийн зайд суулгана

Aдмин / Боловсрол

Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэлийг улс даяар мөрдөгдөж байгаа хөл хорио 7 сарын 2 хүртэл намжих, зөөлрөх болов уу гэсэн хүлээлтийн хүрээнд ямар нэгэн Б төлөвлөгөөгүйгээр хийж байна. Шалгалт товлогдсон хугацаандаа болвол хүүхдүүдийг халдвар хамгаалал, ариутгалын норм хангасан орчинд ДЭМБ-ийн зөвлөж буй хүн хоорондын зайг баримтлах нөхцлийг ханган цөөн хүүхэд суулгасан шалгалтын байрыг бэлтгэж байгаа юм. Энэ хүрээнд 50 шалгалтын байрыг 100 гаруй болгон нэмжээ. Улсын хэмжээнд 30800 гаруй сурагч их дээд сургуульд элсэх шалгалт өгөхөөс 27800 гаруй шалгуулагч нь энэ оны төгсөгчид, үлдсэн 3000 орчим нь урьд жилүүдийн төгсөгч гэсэн мэдээлэл байна. Бүртгэлийг хоёрдугаар сарын 20 өдрөөс дөрөвдүгээр сарын 13 хооронд улс орон даяар онлайнаар хийж дуусгажээ.

Боловсролын үнэлгээний үнэлгээний төвийн элсэлтийн болон улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л. Ганбат: “2013 оноос эхлэн Элсэлтийн ерөнхий шалгалт өгөгчид заавал өгөхөөр болсон.Монгол хэл бичгийн шалгалтыг энэ удаад авахгүй. Цаг үеийн нөхцөл байдал олон шалгуулагчийг нэг дор төвлөрүүлж боломжгүйд хүргэж байгаагаас тухайн шалтгалтыг зөвхөн энэ удаад авахгүйгээр тогтсон. Шалгалтын агуулгын тухайд бүрэн дунд боловсролын агуулгаа хангана. 12 дугаар ангийн суралцагчид агуулгын түвшинд өмнөх ангиуддаа гол мэдлэгүүдээ олж авсан байдаг. Тиймээс энэ хичээлийн жилийн сүүлийн гурав дөрөвдүгээр улиралд сэдвийн хүрээнд заагдсан хичээлүүдээс айх хэрэггүй. Өөрөөр хэлбэл онлайнаар заагдсан хичээлүүд сэдэвчилж шалгалтанд орохгүй” гэлээ.

СОНСГОЛЫН БЭРХШЭЭЛТЭЙ ТӨГСӨГЧИД ЭЕШ ӨГӨХ ЭСЭХЭЭ ӨӨРСДӨӨ ШИЙДДЭГ

Хичээлийн жилийн ихэнх хугацаанд танхимын хичээлд суугаагүй төгсөгчид шалгалтаа өгөхөд бэрхшээл үүсэх вий гэсэн түгшүүртэй байгаа. Дөрөвдүгээр сарын 28-ны өдөр улсын онцгой комисс хөл хориог нэг сарын хугацаатай сунгах шийдвэр гаргасан. Энэ нь үлдсэн хугацаанд танхимаар давтлага авах хүсэлтэй байсан хүүхдүүдийг өөртөө найдахаас өөр аргагүйд хүргэж буйтай ижил. БСШУЯ, Боловсролын үнэлгээний газартай хамтран элсэлтийн шалгалтанд зориулсан цахим гарын авлага, ном зөвлөмжүүдийг CD хэлбэрээр хүргүүлэх, шалгалтанд бүртгүүлэгчийн албан ёсны цахим хаягаар зөвлөгөө мэдээлэл зөвлөмж жишиг даалгавруудыг илгээх, шаардлагатай тохиолдолд бүртгэлтэй утасны дугаарт смс явуулах зэргийн ажлыг зохион байгуулж байгаа тухайгаа мэдээлсэн.

Тэгвэл дээрх ажлууд сурагчдад хүрч буй эсэх болон сурагчид шалгалтанд хэр бэлтгэж байгаа тодрууллаа.

Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29-р сургуулийн захирал Оюунсувд: “Бүлгийнхээ тооноос хамаараад жил бүр харилцан адилгүй хүүхэд төгсгөдөг. Өнгөрсөн жил 3 бүлгийн 29 хүүхэд төгссөн. Эдгээр хүүхдүүдийн маань долоо нь их дээд сургуульд элссэн амжилт үзүүлсэн. Энэ жилийн хувьд арван хүүхэд төгсөхийн дөрөв нь ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн. Эдгээр хүүхдүүдээ шалгалтанд амжилттай бэлтгэхийн тулд яамнаас ирүүлсэн сургалтын материалуудаар хангаж ажиллаж байна. Багш нар маань тв хичээлүүдэд хэлмэрч багшаар ажиллаж байгаа учраас хүүхдүүдэд нэмэлт хичээл хангалтай хүрч байгаа гэж үзэж байгаа.ЭЕШ-ыг бид жишгийн дагуу зохион байгуулаад явдаг. Өнгөрсөн жилээс шалгалтанд дохионы орчуулагч оруулдаг болсон нь шалгуулагч хүүхдүүдэд маш их дөхөмтэй болсон.

ШАЛГАЛТАА АМЖИЛТТАЙ ӨГӨХӨӨР ХИЧЭЭЖ БАЙНА

Нийслэлийн 123 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б. Энхжин ”Манай анги 20 сурагчтай. Бүгд элсэлтийн ерөнхий шалгалт өгнө. Энэ жил ихэвчлэн телевизээр хичээл үзээд сургуулиа төгсөж байгаа болохоор шалгалтаа яаж өгөх бол гэсэн бага зэргийн айдас төрж байгаа. Онлайн хичээлүүд зарим тохиолдолд жаахан ойлгомжгүй дутуу ч юм шиг санагдаж байсан. Багш нарынхаа өгсөн даалгаврыг ангийнхаа групп чатаар хүлээж авч ажиллаад эргээд шалгуулах маягаар явж дор бүртээ хичээж л байна. Миний хувьд тамирын дээд сургуульд орохоор төлөвлөж байгаа. Орох сургуулийн маань босго оноо нэмэгдсэн гэж сонссон.

Баянгол дүүргийн 28 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч З. Нараа “Миний хувьд өнгөрсөн жилүүдийн ЭЕШ-ийн гарын авлагаас бэлтгэж байгаа. Ангийнхаа групп чатаар ирсэн даалгаврыг хийж байгаа. Манай ангийн 28 хүүхэд ЭЕШ өгнө. Зурагтаар гарсан теле хичээлийг тэгтэл их үзээгүй. Ойлгомж муутай юм шиг санагдсан. Дөрвөн хичээлээр шалгалт өгөхөөр төлөвлөж байгаа. Энэ жил монгол хэл бичгийн шалгалт байхгүй гэж сонссон. Харин монгол хэлний шалгалтыг сонгож шалгалт өгөхөөр байгаа. Төмөр замын сургуульд орно гэж бодож байгаа. Имэйл хаягт ирж байгаа жишиг даалгавруудыг одоогоор шалгаж хараагүй байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.