Б.Түвшин: Дэмжихэд хамгийн хурдан сэргэлт авдаг хэсэг бол дундаж давхарга

Aдмин / Эдийн засаг

Нийгмийн дундаж давхаргын талаар НИТХ-ын төлөөлөгч, Монголын Мэргэшсэн Нягтлан бодогчдын Институтын Ерөнхийлөгч Б.Түвшинтэй ярилцлаа.

- Эдийн засагч хүнтэй уулзсаных дундаж давхаргын талаар ярилцвал ямар вэ. Нийгмийн хөгжилд дундаж давхаргын нөлөө хэр байдаг бол?

- Дундаж давхаргыг өргөжүүлэх нь улсын эдийн засгийн хөгжлийн хурдасгуур гэж үздэг эдийн засагчид, бодлого боловсруулагчид анхаарлаа ихэд хандуулах боллоо. Яах аргагүй ингэж үзэхэд хүргэж байна. Олон ч судалгааны үр дүн . Тухайлбал АНУ-ын 50 мужийн эдийн засгийн өсөлтийг судлаачид шинжлээд “Хүчирхэг дундаж давхарга нь урт хугацаанд эдийн засгийн өсөлтийг хурдасгадаг” гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг. Мөн зарим судлаачид улс орнуудын эдийн засгийн өсөлтийн ялгаа дундаж давхаргынх нь хэмжээтэй холбоотойг тогтоосон байна.

- Дундаж давхаргыг нэмснээр эдийн засгийн өсөлтийг хурдасгах үндэслэл нь юу вэ?

- Хэд хэдэн үндэслэл байна. Нэгдүгээрт, тогтвортой, бат бөх дундаж давхаргын хэрэглээ нь хөрөнгө оруулалт нэмэгдэх нөхцлийг бүрдүүлдэг. Шинэ хөрөнгө оруулалт ашигтай байхын тулд тухайн хөрөнгө оруулалтаар нэмж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг шингээхэд хүрэлцэхүйц хэрэглээ байх шаардлагатай. Хөрөнгө оруулалт эдийн засгийн өсөлтийг жолооддог боловч хувийн хэвшил эдгээр хөрөнгө оруулалтыг хийхдээ хэрэглээний түвшинг харгалзан үздэг. Эдийн засгийн уналттай үед эрх баригчид яагаад хэрэглээг өсгөж, эрэлтийг дэмжих арга хэмжээ авдгийн шалтгаан энэ юм.

Дундаж давхарга том байх тусам бүтээгдэхүүний нэр төрөл олшрох, зах зээл өргөжих нөхцөл бүрддэг. Учир нь дундаж давхарга ядуу давхаргатай харьцуулахад чанартай, олон нэр төрлийн бүтээгдэхүүн авахын тулд илүү мөнгө төлөх хандлагатай байдаг.

Дундаж давхаргад ихэвчлэн хувиараа хөдөлмөр эрхлэгч багтдаг. Нийгэмд ажлын байр бий болгож, үйлдвэрлэлийн бүтээмжийг өсгөдөг хүмүүс дундаж давхаргад хамаарна. Яагаад гэвэл тэд хүлээцтэй, хүмүүн капитал болон хөрөнгө хуримтлуулахыг чухалчлах хандлагатай.

Түүнчлэн дундаж давхарга нь нийгмийн итгэлцлийг бэхжүүлдэг. Тухайлбал дундаж давхарга нь өргөн, бат бөх улсад танихгүй хүмүүс ч хамтарч бизнес эрхлэх хандлага илүү их байдаг. Бусдад итгэдэг хүмүүс бизнесийн янз бүрийн боломжуудыг нээж, шинийг эрж хайж, санаачилж зохих түвшинд эрсдэл гаргаж чаддаг.

Мөн дундаж давхаргынхан төрийн үйл ажиллагаан дахь иргэний оролцоог идэвхжүүлж, төрийн үйлчилгээг сайжруулах, төрийн албан хаагчдыг хариуцлагатай ажиллахыг шаардаж байдаг. Ийм учраас сайн засаглалыг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй гэж судлаачид онцолсон байдаг юм билээ.

Энэ бүхэн нь эргээд эдийн засгийн өсөлтийг тэтгэх арга хэмжээ болдог байна.

- Нийгэмд гүйцэтгэх үүрэг нь их гэдэг боловч манайд дундаж давхаргын талаарх ойлголт тодорхой биш байдаг байх аа?

- Ер нь дундаж давхаргын талаар нэгдсэн ойлголт, хэмжих үзүүлэлт олон улсын түвшинд ч одоогоор нарийн тогтоогдоогүй байна. Нарийн үзүүлэлтээр тодорхойлоход ч хэцүү. Эрт үед Аристотель дундаж давхаргыг хамгийн их улстөрийн эрх мэдэлтэй анги гэж тодорхойлсон байдаг. Харин Маркс, Энгельс нар дундаж давхаргыг амиа хичээсэн, ур ухаан муутай хүмүүсийн нэгдэл гэж байсан байна. Сүүлд Стейн, Чартерс нар дундаж давхаргыг өндөр ёс суртахуунтай, хувиа хичээх хандлага багатай бүлэг гэж үзсэн юм билээ.

-Дундаж давхарга гэхээр хүмүүс хэдэн төгрөгийн цалинтай, орлоготой хүмүүсийг оруулж байна вэ гэдэг асуудал хөнддөг?

- Тухайн олдсон тоон мэдээлэл, хамарч буй улс, бүс нутгийн онцлогоос хамаарч, эдийн засагчид өрхийн орлого, хэрэглээний янз бүрийн хэмжүүр ашиглаж байна. Үүнд харьцангуй, үнэмлэхүй гэж хоёр хэмжүүр байгаа юм.

“Харьцангуй” тодорхойлолтоор бол өрхийн орлоготой адилаар өрхийн зарлагад үндэслэн дундаж давхаргыг тодорхойлох арга түгээмэл ашиглагддаг. Жишээлбэл, өрхийн эрүүл мэнд, боловсролын зардлаас бусад зардлыг авч үзээд, өрхийн зарлагыг 5 тэнцүү бүлэгт хувааж үзээд 3-р бүлэгт хамаарсаныг нь дундаж давхарга гэж үзсэн судалгаа байдаг. Манайд мөн 2007-2011 онд өрхийн нийгэм-эдийн засгийн түүвэр судалгааг ашигласан нэгэн судалгаанд өрхийн зарлагын 5 тэнцүү бүлгийн 3, 4-р бүлэгт хамаарсныг нь дундаж давхарга гэж үзсэн байна.

Өөр нэг хандлага нь орлогын тархалтын медиан дээр суурилдаг. Ийм судалгаанд нэг хүнд ногдох орлогын медианы 75-125 хувийн завсарт орлого нь тооцогдох өрхүүдийг дундаж давхаргад оруулсан байдаг. Зарим судалгаанд 67-200 хувийн завсарт ч тооцсон байдаг. Медианд үндэслэсэн аргаар тооцоход орлого багатай улсад дундаж давхаргын доод зааг хэт доогуур тогтоогдож, хэрэглээний хувьд ядуу хүнийг дундаж давхаргад оруулж тооцох нөхцөл үүсдэг.

Харин өрхийн “үнэмлэхүй” орлого, зарлагад үндэслэсэн тодорхойлолт ихэвчлэн улс орнуудын дундаж давхаргыг хооронд нь харьцуулахад ашиглагддаг. Энэ аргачлалд ямар нэг үнэмлэхүй шугамыг суурь болгодог. Жишээлбэл Дэлхийн банкны ядуурлын шугамыг суурь болгох гэх мэт. Азийн хөгжлийн банкны 2005 оны нэгэн судалгаанд өрхийн нэг гишүүнд ногдох зардлыг 2-20 доллар байвал дундаж давхаргад орохоор тооцож, Азийн 20 гаруй орныг харьцуулсан байдаг.

- Манай улсын дундаж давхаргыг эдгээр хэмжүүрээр хэмжвэл хаана яваа бол?

- Судлаач Энхцэцэгийн тооцоолсноор энд орлогын тархалтын медианиар хэмжихэд 2011 онд манай дундаж давхарга 40 хувь байснаа 2013 онд 49,5 хувь болж тэлсэн гэсэн тоо бий.

Харин үнэмлэхүй хэмжүүрээр 2008 оны байдлаар Монголын өрхүүдийн 70 орчим хувь нь дундаж давхаргад хамрагдаж байсан судалгаа байна лээ. Өнгөрсөн онд энэ чиглэлээр судалгаа хийлгэж үзсэн. Үнэмлэхүй хэмжүүрээр авч үзэхэд манай дундаж давхарга 59 орчим хувьтай байна лээ.

Ер нь судлаачид улсын дундаж давхаргаас гадна дэлхийн дундаж давхаргыг тодорхойлохдоо үнэмлэхүй хэмжигдэхүүнийг ашигладаг. Хэрэглээ, орлогоор харьцуулах гэхээр энэ давхарга тодорхойлогдоход хэцүү. Жишээ нь монголчуудын махны хэрэглээг америк, австраличуудын махны хэрэглээтэй харьцуулбал монголчуудынх их буюу илүү сайн болоод явчихна. Орлогоор нь харьцуулбал тэдгээр улсуудад манайх хүрэхгүй. Тэгэхээр нийгэмд үнэмлэхүй хэмжүүрээр авч үзэх нь илүү тохиромжтой юм.

ДУНДАЖ ДАВХАРГЫГ ДЭМЖИХЭД ХАМГИЙН ХУРДАН СЭРГЭЛТ АВДАГ

- Улс орныг хамгийн тогтвортой байлгадаг хэсэг нь дундаж давхаргынхан гэдэг. Тэд ямар нөлөөтэй юм бэ?

-Хэт баян, хэт ядуу хоёрын зааг үүсч, дундаж давхаргагүй болчихвол “Joker” кино шиг үзэл бий болно. Баячуудаа ядуус нь үзэн ядаж, харин баячууд нь ядуучуудаа хүн биш мэт боддог нийгэм тогтоно. Тиймээс нийгмийг тогтвортой байлгахын тулд дундаж давхаргыг бэхжүүлж, хамгаалж байх ёстой байдаг.

Дундаж давхарга эдийн засгийн тулгуур. Тухайлбал хамгийн их худалдан авалтыг дундаж давхаргынхан хийдэг. Мэдээж баян хэсэг худалдан авалт мөн сайн хийдэг. Гэхдээ нэг хүн гурван давхар хувцас өмсөөд явдаггүйтэй адил тийм ч их жин дарахгүй. Аж ахуйн хэрэглээний гол худалдан авалтыг дундаж давхаргынхан л хийдэг байна.

Нөгөөтэйгүүр дундаж давхаргыг хамгаалж, бэхжүүлж, дэмжиж байхгүй бол өөрөө бас эрсдэлтэй бүлэг. Яагаад гэвэл дундаж давхаргынхан нийгмийн амьдралд идэвхтэй биш. Барагтай бол тэмцээд, гомдоллоод байхгүй. Тэдний амьдралын нөхцлийг төр нь муутгаж байсан ч төдийлөн тэмцэхгүй. “Өө дарамттай юм бэ” гэж бодож байсан ч гэсэн чимээгүй л ажиллаад байдаг. Тийм учраас тэднийг бодлогоор дэмжиж, бэхжүүлэхгүй бол дундаж давхарга доторх зарим хэсэг нь ядуу хэсэг рүү гулсан орчих гээд байдаг.

- Манайд дундаж давхарга ихдээ л 20-30 хувьтай байгаа, бараг байхгүй гэж ярих нь ч бий?

- Манайд дундаж давхарга 20-30 хувиас хэтрэхгүй гэж яриад байгаа нь шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо биш, мэдрэмжийн тооцоо юм. Магадгүй тэднийг бэхжүүлэх, дэмжих бодлого сайн хэрэгжихгүй байгаагаас үүдэн ядуу руу гулсах нь ихэсч, хүмүүс тийм мэдрэмжтэй болсон болов уу.

Хэдэн жилийн өмнө манайд хэрэгжсэн ипотекийн зээл бол дундаж давхаргаа бэхжүүлэх бодлогын нэг хэлбэр шүү дээ. Зээлээр орон сууц худалдаж авсан айлууд сар бүрийн зээлээ төлөхийн тулд тасралтгүй хөдөлмөрлөж, орлого олохын төлөө зүтгэнэ. Тэдний хүүхдүүдийн амьдрах орчин сайжирсан байна. Магадгүй ядуу хэсэг рүү унах гээд байсан зарим хүний итгэл үнэмшил сэргэж, амьдралын идэвх нь илүү нэмэгдсэн байх.

- Та сая дундаж давхаргыг бэхжүүлж, дэмжих хэрэгтэй тухай ярилаа. Ингэхэд дундаж давхарга нь өөрөө дэмжих бодлогод хэр мэдрэмжтэй байдаг вэ?

- Тэднийг дэмжихэд хамгийн хурдан сэргэлт авдаг хэсэг. Дундаж давхарга руу хандсан хөрөнгө оруулалт, санхүүжилт буцаад өгөөжөө заавал өгдөг. Харин баян болон ядуу хэсэг рүү оруулсан хөрөнгө оруулалтад эргээд өгөх ашиг гэх зүйл байдаггүй.

Яагаад гэвэл нийгмийн дээд давхаргынхан ажиллахаас илүү капиталыг хөдөлгөх арга мэхийг хэрэглэдэг бол дундаж давхаргынхан илүү ажиллах сэтгэл зүйтэй. Энэ хүмүүсийн сэтгэлгээнд нь “Ажиллаж байж амьдралаа олно” гэсэн итгэл үнэмшил гүн бат суусан байдаг. Бас “Биднийг авраач, бидний төлөө юм хийгээч” гээд жагсаад байдаггүй. Нийгмийн дундаж биш, эмзэг болон ядуу бүлгийнхэн тэр шаардлагыг тавьдаг шүү дээ.

- Амьдралын идэвхтэй хэрнээ нийгмийн оролцоо муутай энэ хэсгийг тэгвэл яаж дэмжих ёстой юм бол?

- “Дундаж давхаргынхны хэрэгцээ юу байна?” гэдгийг мэдэрч, судалгаа, нотлох баримт дээр суурилсан бодлого явуулж байж тэр давхарга тэлнэ.

- Тэгвэл манай дундаж давхаргынхны хэрэгцээ одоо юу байгаа бол?

- Одоо бол манайд яг хөдөлмөрлөөд тодорхой ажил, бизнес эрхэлж байгаа хэсгүүд, дунд шатанд мэргэжилтэн хийж байгаа албан хаагчдад нь хамгийн их дарамттай эрх зүйн орчин бүрдсэн байна. Тэдний хувьд ямар нэг ажил бүтээхэд хэцүү байдаг бол дээд хэсгүүд амархан шийдүүлчихдэг. Доод хэсэгт нь бүр хүртээлгүй болсон байна. Тэгэхээр өнөөдөр манай дундаж давхаргынханд хамгаалуулах, бэхжих хэрэгцээ байна гэж бодож байна.

- Улстөрчид халамжийн бодлого их ярьдаг. Яагаад энэ нийгэмд голлох үүрэг гүйцэтгэх хэсгээ хөндөхгүй байна вэ?

- Яах вэ, ярьдаг ч гэсэн хүчгүйдэж байгаа хэсэг байгаа байх. Гэхдээ ер нь дундаж давхаргын тухай ярих нь жинхэнэ бодлого явуулагчдад хэрэгтэй болохоос биш, богино хугацаанд олон нийтэд таалагдах гээд байгаа хүмүүст хэрэгтэй хүмүүс биш юм. Яагаад гэвэл тэд нийгмийн идэвх, оролцоогүй.

Тухайлбал дундаж давхаргын ямар ч хүнээс улстөрийн бодлогын талаар саналыг нь сонсъё гэвэл “Зурагтаар гарахгүй” гээд л зугтана. Оролцоогүй учраас ихэнх нь улстөрд юу болоод байгаа талаар мэдэхийг ч хүсэхгүй. Тэд өнөөдрийн байдлаар өөрсдийгөө нийгмийн олонх гэдгээ мэдэхгүй байна.

Ийм идэвхгүй ч нийгмийн хөгжлийг тодорхойлдог учраас барууны зарим оронд дундаж давхаргынхныг сэрээх бодлого их явуулдаг. Тэднийг сэрээснээр нийгмийн олонх хаана, юу байхыг хүсч байгааг бодитоор дүгнэх, зөв шийдвэрүүд нийгэмд хэрэгжих үндсийг бүрдүүлнэ.

- Дундаж давхаргыг сэрээх хэрэгтэй байх нь ээ?

- Сэрээх алхамыг хийх үнэхээр хэрэгтэй. Миний хувьд дундаж давхаргын судалгаа хийсний хамгийн гол шалтгаан нь энэ. Тэднийг сэрээж, бат бөх дундаж давхаргатай болох алхам хийхийн тулд тал бүрийн оролцоо хэрэгтэй. Мөн хэдэн залуустай хамтран дундаж давхаргын шинж чанарыг олон нийтэд таниулах зорилгоор “Чимээгүй олонх” гэдэг кино хийлгэж байна. Бат бөх дундаж давхаргатай болвол үр шимийг нь нийтээрээ хүртэнэ.

- Ярилцсанд баярлалаа.


Сэтгэгдэл

зочин [66.181.183.251] 2020-08-24 23:06:54

Чинээлэг дундаж давхрага хөдөө байна.Тэд мөнгөтэй,мөнгөө буруу зүйлд их зарцуулж байна.1000-с дээш малтай айлд гэрийн гадаа н машин засварын газар шиг эвдэрхий машины сэгүүд овоолгоотой,эвдэрвэл шинээр худалдаад авчихдаг,хүүхэдүүд н хотод сурч бна гээд бар цэнгээн хэсдэг,энэ байдлыг ойлгуулж утга учиртай амдируулж сургамаар бна.

zochin [202.126.88.214] 2020-08-24 14:56:11

blvsroltoi, zakh zeeliig sain oilgodog zaluu, songuuliar ikh khurald suugaagui ni kharamsaltai.

Зочин [202.126.89.144] 2020-08-24 13:03:39

tuwshuun chi songuuliar suraggvi baisan shv uuriigu sain medej awarai chi jijig um bnle

odoo bolnoo hed songogdov yu hiiv [202.21.116.14] 2020-08-24 10:53:41

Heden udaa songogdloo yu hiiv. haana baina ter dundaj davharga

Z [103.26.194.62] 2020-08-24 09:26:52

Орон нутгийн сонгуульд урагшаа

Валайн [122.201.24.252] 2020-08-24 05:12:59

Хөөх тиймүү.Та ямар гэгээн мэргэн айлдваа Мэдээжийн асуудал донгосч суухаас цаашгүй.

би бид [122.201.22.94] 2020-08-24 04:21:43

Дунд давхрага гэж ямар болзол хангасан айл өрх ордог вэ! Нэг ганц унааны жижиг машинтай 2 -3 өрөө нэг байр банкны зээлгүй хоёр идэж хоосон хонохгүй ийм айл чухам аль зэрэглэлдээ хамрагдах вэ.Монголд баян нэгбол ядуувтар ядуу нэн ядуу гэсэн ийм .л зураг нийгэмд байна.Харин хөдөө орон нутагт 1000 дээш малтай 2-5 хүн мал дээрээ ажилуулдаг чинээлэг хүмүүс их болжээ.Харин хот аймаг дээр ядуу өрх олон байна.Хэн нь дунд давхрагад багтах юм бол доо

Zochin [64.119.20.100] 2020-08-24 04:11:11

Ene odoo yakh gd bgaa um boldoo. Oron nutgiin songuulid ursuldukh gj bgaa um baikhdaa. Kkk

сонгуулийн өмнө [202.9.46.191] 2020-08-24 01:28:45

аягуй мишээлттэй зургаа оруулнаа ккккк СОНГУУЛИЙН ДАРАА УЙЛААД ГАРААД ИРДЭГ ШУУ ТУВШЭЭН ЧИ ???

Чихэн дээр цэцэг ургуулаад л. [202.131.225.53] 2020-08-24 01:17:34

Бүлт үсэрч цовхчож байна уу? Кх! Сайхан панаалдах юмдаа, манай нябо нар.

Зочин [59.153.87.4] 2020-08-24 00:44:21

Сайхан худлаа ярихаас цаашгүй хулгайч нар


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.