А.Амбасэлмаа: 1,011 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Aдмин / Эрүүл мэнд

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

2020оны 8 сарын 24-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 1,011 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй байна. Үүнд: 8 сарын 4-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 117 хүний давтан шинжилгээ, 8 сарын 5-нд Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 253 хүний давтан шинжилгээ, 8 сарын 9-нд Улаанбаатар-Франкфуртийн онгоцоор ирсэн 189 хүний давтан шинжилгээ, 8 сарын 11-нд Прага-Улаанбаатарын онгоцоор ирсэн 262 хүний давтан шинжилгээ, Орхон аймагт тусгаарлагдаж байгаа 70 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван хүний шинжилгээ, Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 21 хүний давтан шинжилгээ, Гадны улс орон руу явах хүсэлт гаргасан 50 хүний шинжилгээ, Эмч, ажилтан 28 хүний шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 18 жолоочийн шинжилгээнд тус тус коронавирус илрээгүй.

Монгол Улсад коронавирусийн халдварын зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан тохиолдол 298. Үүнээс эмчлэгдэж эдгэрсэн 289 буюу 96.9 хувийг нь эмчилсэн. Эмчлэгдээд гарсан хүмүүсээс сувиллын ажиглалтад 31, гэрийн ажиглалтад 40, ажиглалт, тандалтын хугацаа нь дууссан 218 хүн байна. ХӨСҮТ-д өнөөдөр 9 хүн эмчлэгдэж байна. Тэдний наймынх нь биеийн байдал хөнгөн, нэг хүнийх хүндэвтэр. Нийтдээ ХӨСҮТ-д 27 хүн байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

24 цагийн хугацаанд 253,000 хүн шинээр халдвар авч, 5,000 гаруй хүн эндсэн байна. Сүүлийн хоногт манай хөрш ОХУ-д 4,747 хүн халдвар авч, 65 хүн эндсэн бол БНХАУ-д 23 тохиолдол шинээр бүртгэгдсэний 14-г гадаад улсаас зөөвөрлөгдсөн гэж үзжээ. Япон улсад өчигдөр 493 хүн шинээр халдвар авч, 13 хүн эндлээ. БНСУ-д 280 хүн халдвар авсны 16 тохиолдлыг гадаад улсаас зөөвөрлөгдсөн гэж үзжээ. Тус улсад халдвар нэмэгдэх болсон тул гадаа, дотоод бүх орчинд амны хаалт зүүхийг шаардаж байна.

Энэ жил улирлын томуугийн вакцин маш чухал бөгөөд хүн бүр дархлаажуулалтад хамрагдах хэрэгтэйг ДЭМБ зөвлөж байгаа. Тиймээс АНУ-ын Пенсивань мужийн эрүүл мэндийн байгууллагууд томуугийн вакцин хийлгэх нь чухал гэдгийг онцлон зөвлөж байна.

Хонг Конгт 36 настай эрэгтэйд коронавирусийн халдвар аваад эдгэрснээс 142 хоногийн дараа дахин халдвар илэрсэн байна. Эхний удаа халдвар авахад өвчний шинж тэмдгүүд илэрч байсан бол хоёр дахь удаа халдвар авсны дараа ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй хөнгөн балархай хэлбэртэй байжээ.

Өвчлөл буурч байсан орнуудад дахин халдвар гараад байгаа. Тухайлбал, Сингапурт ажилчдын байранд нэг сар орчмын дараа дахин халдвар гарч, одоогоор 51 хүн өвчлөөд байна.

Чех, Грек улсад амны хаалт зүүх, зай барих аргыг бүх шатны байгууллагуудад мөрдөж байгаа. Мөн зарим сургалтыг цахимаар явуулж байна. Манай улсын хувьд өчигдөр 20 хүн шинээр тусгаарлалтад орж, 8 хүн гэрийн ажиглалт руу шилжин, одоогоор 3,574 хүн тусгаарлан ажиглах байранд байна. Цэргийн төв эмнэлэгт 55 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас гурван хүний биеийн байдал хүндэвтэр байгаа" гэв.