А.Амбасэлмаа: Нэг хүнээс коронавирус илэрч, 2 хүн эдгэрэн сувиллын ажиглалтад шилжлээ

Aдмин / Эрүүл мэнд

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

"Дэлхийн дахинаа 23,906,000 хүн коронавируст халдвараар өвчилж, 823,000 хүн эндсэн бол 16,800,000 гаруй хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.

Сүүлийн 24 цагт 210,000 хүн шинээр халдвар авч, 4,0001 гаруй хүн эндсэн бөгөөд Энэтхэгт 75,000 гаруй хүн нэг өдрийн дотор халдвар авсан нь дэлхийд хамгийн өндөр өвчлөл бүртгэгдсэн тохиолдол болж байна.

24 цагийн хугацаанд манай хөрш ОХУ-д 4,676 хүн халдвар авч, 115 хүн эндсэн бол БНХАУ-д 32 тохиолдол бүртгэгдсэний 8 тохиолдлыг гадаадаас зөөвөрлөгдсөн гэж үзжээ.

Япон улсад 903 хүн шинээр халдвар авч, 13 хүн эндсэн бөгөөд сүүлийн нэг сарын хугацаанд тохиолдол тасралтгүй нэмэгдэж байна.

БНСУ-д өнгөрсөн хоногт 441 хүн шинээр халдвар авсны 7 тохиолдлыг гадаадаас зөвөөрлөгдсөн гэж үзжээ. Тус улсад эмнэлгийн оны ашиглалт 75 хувьд хүрч, 200 ортой зөвхөн коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдэд үйлчлэх эмнэлэг гаргалаа. Сөүлийн бүх сургууль цэцэрлэгийг хааж, хичээлийг цахимаар явуулах болсон байна.

Сөүл хотын Гымчон дүүрэгт ажилладаг манай улсын 8 иргэн COVID-19 халдвар авсан нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан. Гурван хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол найман хүн гэрийн тусгаарлалтад байна. Манай иргэдийн биеийн байдал дунд зэрэг байна" гэдгийг хэллээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

8 сарын 26-ны өдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймаг дахь салбар лаборатори болон ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 553 хүнд шинжилгээ хийхэд, нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. 552 хүнд илрээгүй. Шинжилгээнд 8 сарын 7-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 273 хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 19 жолооч, Завхан аймагт тусгаарлагдсан 9 хүн, Дорноговь аймагт тусгаарлагдсан 77 хүн, Тусгаарлах байранд ажиллаж буй 8 эмч, ажилтан, Тандалтын 3 хүний сорьц, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8 хүний давтан шинжилгээ, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 1 хүн, Сувиллын ажиглалтад байгаа 11 хүний давтан шинжилгээ, Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 143 хүний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй.

Коронавирус илэрсэн хүн нь 8 сарын 22-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн, 35 настай, эрэгтэй. Сөүлд ажиллаж, амьдарч байсан хүн.

Өнөөдөр ХӨСҮТ-өөс 2 хүн эдгэрэн гарч сувиллын ажиглалтад шилжлээ. 32, 24 настай, хоёр эрэгтэй хүн эдгэрлээ. Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн 301 тохиолдол байна. Үүнээс эдгэрсэн нь 291 хүн.

Сувиллын ажиглалтад 33, гэрийн ажиглалтад 35, ажиглалт, тандалтын хугацаа дууссан 223 хүн байна. ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 10 хүн байна. 8 хүний биеийн байдал хөнгөн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д нийт 36 хүн ажиглалт, тандалт, эмчилгээ хийлгэж байна.