COVID-19 өвчний үед хэрэглэх эмчилгээний сийвэн үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хийгдэж байна

Aдмин / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн салбарын тогтолцоог шинэчлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрөлийг сааруулах зорилгоор Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан 8 дугаар сарын 26-аас эхлэн хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн хөгжлийн төлөвлөгөө болон тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байна.
Уулзалтанд ЭМЯ-ны харьяа газар, хэлтсийн удирдлага болон мэргэжилтнүүд, Нийслэл, дүүргийн эмнэлгийн удирдлагууд оролцож байна.

Өнөөдрийн уулзалтаар Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн хөгжлийн хөтөлбөр болон тулгамдаж буй асуудлуудыг ЦССҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Н.Эрдэнэбаяр танилцуулж, холбогдох албаныхантай хэлэлцлээ.
Хуралдаанаар ЦССҮТ-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр “ДЭМБ-аас дэлхийн улс, орнууд 2020 онд хүрэхээр төлөвлөсөн 100 хувь сайн дурын, авлагагүй цусны донороос цус цусан бүтээгдэхүүн бэлтгэх зорилтыг Монгол улс 2016 онд бүрэн хангасан. Цусны албаны хэмжээнд 2009 онд 19.890 цусны донороос цус цуглуулж байсан бол 2019 онд 34.956 болж 43 хувиар өссөн бөгөөд 2025 он гэхэд 2019 оны түвшнээс 25 хувиар өсөхөөр байна. ЦССҮТ нь 2015 онд 15 нэр төрлийн цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол олон улсын болон үндэсний стандарт, шинэ технологи нэвтрүүлсний үр дүнд 2019 онд цус сэлбэлтээр дамжих халдвар илрүүлэх шинжилгээг чанаржуулан, 34 нэр төрлийн аюулгүй байдал, чанарын шаардлага хангасан цус цусан бүтээгдэхүүнийг эрүүл мэндийн байгууллагуудад нийлүүлж, үйлдвэрлэлийг 60 хувиар нэмэгдүүлсэн байна. Цаашид 2025 хүртэл үйлдвэрлэлийг 25 хувиар нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. ЦССҮТ нь коронавируст халдвар /Ковид-19/ цартахлын өндөржүүлсэн бэлэн байдал, хөл хорионы дэглэмтэй холбоотойгоор цус цуглуулалт буурсан үед шат дараалсан цогц арга хэмжээ хэрэгжүүлсний дүнд дэлхийн бусад улс оронтой харьцуулахад цус цуглуулалт, шинжилгээ, үйлдвэрлэлийг харьцангуй тогтвортой хэмжээнд барин ажиллаж байна.

Тус төв Ковид-19 халдварын эрсдлийг бууруулах ажил хувь нэмрээ оруулах зорилгоор тус төв“COVID-19 өвчний үед хэрэглэх Anti-SARS-CoV-2-IgG агуулсан эмчилгээний сийвэн үйлдвэрлэх төсөл”, “Эрүүл мэндийн ажилтан болон цусны донорт anti-SARS-CoV-IgM, anti-SARS-CoV-IgG эсрэгбие, таньц тодорхойлох төсөл” тус тус боловсруулан ЭМЯ-ны Ёс зүйн хорооноос холбогдох зөвшөөрөл авч, төсөл хэрэгжүүлэх бэлтгэлийг хангаж байна.

Цусны хэрэглээний байдлаас харахад цаашид цус цуглуулалт, үйлдвэрлэл, цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх, улмаар эмчилгээний био бэлдмэлийг эх орондоо үйлдвэрлэх хэрэгцээ, шаардлага байгаа юм. Одоогоор Улаанбаатар хотын хэмжээнд 5 цус цуглуулах төв ажиллаж байгаа бөгөөд цаашид 3 цус цуглуулах төв байгуулах, ЦССҮТ, түүний нөөцөд тулгуурлан эмчилгээний биобэлдмэл үйлдвэрлэхээр төлөвлөж байна” хэмээн танилцууллаа.

Хуралдааны төгсгөлд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал “Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын Цусны алба олон улсын жишигт хүрч, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн төслийн хүрээнд 26 цусны салбар төв эмнэлгийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан. ЦССҮТ цус сэлбэлтээр дамжих халдварыг олон улсын жишигт хүртэл бууруулж чадсан бөгөөд цус, цусан бүтээгдэхүүний чанарын хяналт сайжирсан. Түүнчлэн цус цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд олон шинэ технологийг үе шаттайгаар нэмэгдүүлж, олон улсын жишигт хүргэсэн. Эмчилгээний үр дүнг сайжруулах зорилгоор шинэ технологиор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр ЦССҮТ бусад эмнэлгийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэлээ.

Гемофилийн өвчтэй өвчтөнүүдийн асуудлыг ЦССҮТ-өөс сүүлийн жилүүдэд оновчтой түвшинд шийдвэрлэж чадсаныг холбогдох албаныхан онцоллоо.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.