Тосонцэнгэл суманд зургаа хоног бүрэн хөл хорио тогтоолоо

Aдмин / Орон нутаг

Тосонцэнгэл сумын иргэн 38 настай эрэгтэй “Б”-ийн шинжилгээний хариу тарваган тахлын хоёрдогч уушгины хэлбэрээр хүндэрсэн болох нь молекул генетикийн шинжилгээгээр батлагдлаа гэж аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс мэдээллээ.

Өвчтөний биеийн байдал маш хүнд байна. Байнгын амьсгал, зүрх судас дэмжих эмчилгээ хийгдэж, амьсгалын аппараттай байгаа. Ойрын нэгдүгээр хавьтлын иргэдээс тарваган тахлын эмнэл зүйн шинж тэмдэг одоогоор илрээгүй. Өвчтөний ойрын хавьтлын иргэдийг тусгаарлаж урьдчилан сэргийлэх эмчилгээ хийгдэж байна. Одоогоор эм тарианы хүрэлцээ хангамж хэвийн, дотоодоосоо хангаж байгаа. Өвчтөнтэй харьцсан нийт 561 иргэний судалгааг гаргаж мэргэжлийн байгууллагуудаас дээрх иргэдтэй холбоо барьж холбогдох арга хэмжээг авч байгаа гэж аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга Г.Дашдаваа мэдээлэв.

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮД ГУРАВ ХОНОГ ХИЧЭЭЛЛЭХГҮЙ

Тарваган тахлын хоёрдогч уушгины халдвар батлагдсантай холбоотой Тосонцэнгэл сумын Онцгой комисс хуралдаж сумын Засаг даргын А/174 дүгээр захирамжийг 2020 оны 09-р сарын 05-ний өдөр гаргажээ.

Захирамжаар сумын нутаг дэвсгэрт хорио цээрийн дэглэмийг 2020 оны 09-р сарын 05-ний өдрийн 00.00 цагаас 09-р сарын 11-ний өдрийн 23.59 цаг хүртэл хугацаанд тогтоолоо. Мөн сумын төвийн худалдаа үйлчилгээний байгууллагууд, бөөний төвүүд, ресторан зоогийн газар, кафе, караокены ажлын цагийн хуваарийг хорио цээрийн дэглэмийн хугацаанд 10.00-18.00 цаг хүртэл ажиллуулж, архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглолоо. Сургууль, цэцэрлэг, МСҮТ-ийн үйл ажиллагааг 2020 оны 09-р сарын 07-ний өдрөөс 2020 оны 09-р сарын 11-ний өдөр хүртэл түр хугацаагаар зогсоолоо. Сумын төвийн нутаг дэвсгэрээс иргэдийн орох, гарах хөдөлгөөнийг 09-р сарын 11-ний өдөр хүртэл зогсоолоо. Иргэдэд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжийг эрүүл мэндийн байгууллагууд болон, мэргэжлийн холбогдох байгууллагууд, Соёлын төвөөс хамтран хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал орчин, цагаан хоолой ашиглан хүргэхээр тус тус шийдвэрлэсэн тухай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. Ташрамд тус сум нь Улаанбаатараас Увс, Улиастай чиглэлийн гол зам дайран өнгөрдөг бөгөөд хорио цээрийн дэглэмийн үеэр дайран өнгөрч буй автомашиныг сумын төвөөр оруулахгүй, зогсоохгүйгээр шууд явуулж буй юм.

ТАРВАГАТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ МЭДСЭН ДАРУЙДАА МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГАД МЭДЭГДМЭЭР БАЙНА

“Тарваган тахал нь тарвага, туулай хэлбэртэн, жижиг мэрэгч, түүний бөөс бүүргээр дамжин халдварладаг хоруу чанар өндөртэй нянгаар үүсдэг өвчин юм.

Тарваган тахал нь нийтийг хамарсан өвчлөл үүсгэдэг учир олон улсын хөл хориот, байгалийн голомтот, гоц аюулт халдварт өвчний ангилалд багтдаг. Тиймээс иргэн бүр, тарваган тахлаас сэргийлэхэд онцгой анхаармаар байна. Манай иргэд хайхрамжгүй байдлаасаа болж, тарваган тахлаар өвчилж, нас барж байна. Тухайлбал, энэ жил манай улсад тарваган тахлаар өвчилсөн, нас барсан тохиолдол гарлаа. Гэсэн хэдий ч мэргэжлийн байгууллагууд цаг алдахгүй эмнэлгийн тусламж үзүүлсэн учир зарим өвчтөнүүдийн биеийн байдал сайжирсан. Иргэд хориотой ан хийснээ мэдэгдэхээс татгалзах тохиолдол их гардаг учир эмнэлгийн тусламж авахаас өмнө нас барах, онош төөрөлдүүлэх тохиолдол гарч байна. Иргэд хөдөө орон нутагт аялж байхдаа халуурах, бөөлжих, суулгах хоолны хордлогын шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн байгууллагад яаралтай хандах хэрэгтэй. Айл хөрш, эргэн тойронд тань тарвагатай холбоотой асуудал гарвал шууд мэргэжлийн байгууллагад хандмаар байна. Тарвага агнахыг БОАЖС-ын 2017 оны 9 дүгээр сарын 22-ны А/278 тушаалаар гурван жилийн хугацаатай хориглосон байхад агнаад, худалдаад идээд байх нь хууль зөрчсөн асуудал. Мөн та өөрийн болон бусдынхаа эрүүл мэндэд онцгой аюул учруулж буйгаа мэдэхгүй байна. Жил бүр тарвага дөнгөж ичээнээс гарсан даруйд нүхийг нь малтан, туранхай, өвчтэй тарвага агнасаар байна. Тарвагыг урхи, хавх, нохойгоор агнаж болохгүй мөн шинжлэх ухаанаар батлагдаагүй ам дамжсан үгэнд итгэн тарваганы түүхий эд эрхтэн идэхгүй байхыг бид дахин дахин сануулж байна гэж аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс мэдээлэв.


Сэтгэгдэл

Зочин [203.91.115.53] 2020-09-07 02:34:40

Удирдлагатай, юутай хүүтэйгээ нам карантийлагдсаан, зайлуул. Цагтаа хот байсан газар шүү. Улс орны нэг нүүр царай болж байсан газар. Одоо бол ердийн нэг сум. Гэтэл одоо өөртөө бараг нэг ч тарвагагүй шахуу байж хаа байгаа газраас тахал зөөж авчирч гай болж байна. Энэ бол удирдлагуудынх нь арчаагүй байдал. Өөр юу ч биш. Арай л тэр карантийлагдсан дарга нь захиж авчруулж иддэг юмуу хаашаа юм. Санжмятав өөрт хамаатай бүхнийг сум, аймгийн удирдлагуудад томилсноос ийм гамшгийн байдалд хүрсэн гэлцэх юм билээ.

иргэн [202.9.46.20] 2020-09-06 07:15:25

ХЯТАДУУД САРЬСАН БАГВААХАЙ МОНГОЛЧУУД ХАРХ ИДЭЖ БАЙГАА ЗУРАГ ИНТЕРНЭТЭЭР НЭГ ЯВААД БАЙНА , ИЧИЖ ҮХЛЭЭ

Зочин [202.179.27.247] 2020-09-06 02:34:56

хэцүү ч юм бэ дээ,хулгана идэхгүй бол турж үхэх гээд байдаг юм байх даа


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.