Дональд Трампын олон улсын дипломат ажиллагааг дүгнэхүй

Aдмин / Гадаад мэдээ

ВАШИНГТОН. /DW/. Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн албыг хаших хугацаандаа дэлхийн улс төрд өөрийн мөрийг үлдээлээ. Түүний бодлого, шийдвэр, үйл хэрэг Афганистан, Сири болон Персийн булангийн орнуудад урт хугацааны нөлөө үзүүлэх хэдий ч тэрбээр бүх амлалтдаа хүрч чадаагүй юм.

БНАСАУ-ын цөмийн зэвсэг

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама 2017 оны эхээр халаагаа өгөх үеэрээ нэгэн асуудлыг адармаатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн нь “БНАСАУ ба тус улсын цөмийн хөтөлбөр” байсан юм. Түүний хэлсэнчлэн Д.Трамп уг үйл хэрэгт бүрэн эрхийн хугацаанынхаа эхний хоёр жилд маш их хугацааг зориулсан бөгөөд “пуужинтай бяцхан залуу” хэмээн хочилж байсан Ким Жөн Унтай эхэндээ зөрчилдөж байсан боловч яваандаа “маш сайхан захидал” илгээсэн хэмээн сайшаах болсон юм. Талууд гурван удаа биечлэн уулзсаны хоёр нь албан ёсны дээд хэмжээний уулзалт байв. Үүнтэй холбоотойгоор хоёр орны харилцаа сайжрах, түүгээр зогсохгүй БНАСАУ цөмийн хөтөлбөрөө татан буулгаж магадгүй гэж найдаж байсан боловч эцсийн дүндээ хүрээгүй.

“Д.Трамп өрсөлдөгчөө маш дутуу үнэлсэн хэмээн бодож байна. Тиймээс тэрбээр түргэн хугацаанд хэлэлцээ байгуулж, амжилтад хүрнэ гэж найдаж байсан” гэж Германы “Aspen” хүрээлэнгийн захирал, 2009 он хүртэл “DW” агентлагийн Вашингтоны товчоог хариуцсан Рюдигер Ленц хэлжээ. Гэсэн хэдий ч хоёр талын харилцаанд зарим нэгэн ахиц дэвшил гарсан гэж Р.Ленц үзэж байна. “Миний бодлоор, тэд тодорхой ойлголцолд хүрсэн. Ядаж л яриа хэлэлцээний сувгууд нээлттэй хэвээр байна. Тэдгээрийг дахин ашиглах боломжтой” гэж тэрбээр хэлжээ.

БНХАУ: Худалдаа, хүний эрх

Хоёр орны аль аль нь Өмнөд Хятадын тэнгист цэргийн ажиллагаагаа бэхжүүлсний зэрэгцээ Д.Трамп Хятадын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах замаар худалдааны алдагдлыг бууруулах эдийн засгийн стратегийг баримталсан нь татвар хэт ихээр нэмэгдэхэд хүргэв.

Р.Ленцийн хэлснээр, Хятадын эдийн засаг коронавирусний цар тахлаас үүдэлтэй уналтаас эргэн сэргэж байгаа нь тус улсад давуу талыг бий болгож байгаа ажээ. “Д.Трампын байр суурийн хувьд хэдэн сарын өмнөх эсвэл бүр нэг жилийн өмнөхөөс сулраад байна” гэж Р.Ленц хэлжээ.

АНУ-ын өмнөх төрийн тэргүүн нартай харьцуулахад Д.Трамп БНХАУ дахь хүний эрхийн асуудлыг нэг их сонирхож байгаагүй юм. Д.Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтоны хэлснээр, Ерөнхийлөгч БНХАУ Шинжаанд лалын шашинт уйгуруудад зориулан “дахин боловсрол олгох хуаран” байгуулж байгаад огт санаа зовдоггүй байна.

Афганистаны аюултай гэрээ

Д.Трампын удирдлага дор Афганистанд энх тайвныг цогцлоох үйл хэрэг биеллээ олоход дөхнө гэх найдлага байсан. Энэ оны хоёрдугаар сард “Талибан” хөдөлгөөн болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Засгийн газрын хооронд хорь орчим жилийн турш үргэлжилж буй дайныг дуусгавар болгох боломжтой хэлэлцээрийг АНУ-тай байгуулсан билээ. Үүнд “Талибан” террорист бүлэглэлүүдтэй харилцаагаа тасалсан тохиолдолд АНУ цэргүүдээ гаргана хэмээн тусгасан юм.

Одоогоор “Талибан” Афганистаны Засгийн газартай хэлэлцээ хийж байгаа бөгөөд Д.Трамп Америкийн цэргүүдийг зул сарын баяр гэхэд эх орондоо авчрахыг зорьж байгаагаа мэдэгдсэн юм. Гэвч Афганистан дахь аюулгүй байдлын нөхцөл байдал эмзэг хэвээр байна.

“Ерөнхийлөгч цэргүүдээ эргүүлэн татах шалтаг л олж чадсан” гэж Р.Ленц хэлсэн бөгөөд ингэснээр Д.Трамп өмнөх төрийн тэргүүн нарын дуусгавар болгож чадаагүй зөрчлөөс цэргүүдээ гаргах амлалтдаа хүрэх боломжтой болжээ. Р.Ленцийн үзэж буйгаар, цэргүүдийг гаргах нь зөрчлийг улам даамжруулаад зогсохгүй “Талибан”-ыг дахин эрх мэдэлд хүрэх нөхцөлийг бүрдүүлж ч болзошгүй ажээ.

Сири: Цэргүүдийг гаргав

“Бид курдүүдийг хамгаалахыг хүсэж байгаа боловч Сирид үүрд баймааргүй байна” гэж Д.Трамп 2019 оны нэгдүгээр сард мэдэгдсэн юм.

Тухайн оныхоо 10 дугаар сард тэрбээр АНУ-ын цэргүүдийг Сирийн хойд нутаг дахь курдүүдийн мэдэлд байдаг бүсээс гаргахыг үүрэг болгожээ. Европын Зөвлөлийн Гадаад харилцааны асуудал хариуцсан газрын Ойрхи дорнод, Хойд Африкийн хөтөлбөрийн дарга Жюльен Барнс-Дейсигийн хэлснээр, Д.Трампын бодлого Ерөнхийлөгч болон түүний засаг захиргааны гишүүдийн хооронд маргаантай байгааг харуулжээ.

Р.Ленц Америкийн цэргүүдийг гаргасан нь ОХУ-ыг тус бүс нутагт давамгайлахад тусалсан хэмээгээд, АНУ Орост хэзээ ч ийм чөлөөтэй байдлыг олгож байгаагүй гэж хэлжээ. “Энэ бол Д.Трампын бодлогын үр дүн. Хэрэв дэд Ерөнхийлөгч асан Жо Байден 11 дүгээр сарын 3-ны ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулбал Ардчилсан намынхаа дэмжлэгтэйгээр “Москвагийн эсрэг байр суурийг” баримтлах байх” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Ираны гэрээ задрав

Барак Обамаг ерөнхийлөгчийн албан тушаалыг найман жилийн турш хашсанаас хойш Иран АНУ-ын хувьд хойшлуулшгүй аюул занал байхаа больсон бололтой байв. Ираны Засгийн газар цөмийн хөтөлбөрийнхөө томоохон хэсгүүдийг татан буулгахаар тохиролцсоноор хориг арга хэмжээнүүдийг цуцлах үүд нээгдсэн юм. Гэвч Ирантай байгуулсан цөмийн хэлэлцээг хэтэрхий зөөлөн байна гэж үзсэн Д.Трамп АНУ-ыг уг хэлэлцээрээс гаргаж, хориг арга хэмжээнүүдийг чангатгахыг уриалав. Түүнчлэн Ираны талын ашиг сонирхолд нийцээгүй гэрээг байгуулахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна.

Мөн 2020 оны эхээр Ираны “Кудс” тусгай анги нэгтгэлийн командлагч Касем Сулейманийн амь насыг хөнөөсөн нь нөхцөл байдлыг улам даамжруулав. “Бид шинэ дайны ирмэг дээр ирсэн гэж би бодохгүй байгаа боловч цэргийн хязгаарлагдмал ажиллагаа явагдахад бэлэн байсан” гэж Р.Ленц хэлээд, миний бодлоор Ерөнхийлөгч Д.Трамп энэ талаар сайтар тунгаан бодсон бөгөөд түүний ойрын зөвлөхүүд нь нөхцөл байдлын талаар хэлж ятгасан байх магадлалтай гэв.

Харин Ж.Барнс-Дейсигийн үзэж буйгаар, талуудын аль аль нь дайтах сонирхолгүй байжээ. “Мөн Арабын булангийн олон орон Д.Трампыг дэмжсэн хийгээд Ираныг чиглэсэн хатуу байр суурийг баримталж байсан боловч бүс нутагт үүсэх аюултай нөхцөл байдлын үр дагаврыг өөрсдөө амсана гэдэгт санаа зовниж эхэлсэн тул нөхцөл байдлыг даамжруулахгүй байхыг зөвлөсөн” гэж тэрбээр хэлжээ.

Израил, Ойрхи Дорнод

Д.Трамп Израил дахь АНУ-ын Элчин сайдын яамны байрыг улсынхаа ирээдүйн нийслэл гэж палестинчуудын үздэг Йерусалим хот руу нүүлгэж, Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн бодлогыг дэмжив. Д.Трампын хүргэн Жаред Кушнер нэгдүгээр сард Цагаан ордонд түүний энхийн саналыг танилцуулах үед Б.Нетаньяху тэнд байсан боловч палестинчууд байгаагүй юм. Уг төлөвлөгөөгөөр Израилын одоогийн олон сууринг байнгын болгож, Йерусалимыг Израилд өгөх байв.

АНУ-ын Засгийн газар Ойрхи Дорнод, Хойд Америк дахь Израилын байр суурийг бэхжүүлэхэд ихээхэн анхаарсан юм. Арабын Нэгдсэн Эмират Улс, Бахрейн, Судан бүгд Израилтай харилцаагаа хэвийн болгохоор тохиролцож, Саудын Араб дараагийнх нь байх боломжтой гэж Д.Трамп мэдэгдэв. Гэсэн хэдий ч Ж.Барнс-Дейсигийн үзэж буйгаар, эдгээр хэлэлцээрийг Ж.Кушнерийн танилцуулсан саналын нэгэн адил Палестины удирдагчидтай зөвлөлдөлгүйгээр хийжээ.

Үүнээс гадна Р.Ленцийн хэлснээр, Саудын Арабын хувьд Ж.Байденыг ялбал бүс нутгийн давамгайлалдаа санаа зовних шаардлага үүсэж болзошгүй. Учир нь шинэ засаг захиргаа 2018 онд Турк дахь Саудын Арабын Консулын газарт болсон сэтгүүлчийн амийг хөнөөсөн хэрэг гэх мэт шийтгэлгүй үлдсэн хэргүүдийг сөхөж магадгүй байгаа ажээ. “Одоогоор Д.Трамп Саудын Арабад олон улсын хямралыг даван туулахад тусалж байгаа боловч энэ нь аливаа дэглэм юм уу улс оронд урт хугацааны тогтвортой байдлыг олгож чадахгүй” гэж тэрбээр хэлжээ.

“Израилын хувьд Д.Трампын бүрэн эрхийн хугацаанд үед тодорхой үр дүнд хүрсэн боловч түүнийг улиран сонгогдож чадаагүй тохиолдолд үл тоогдохгүй байж магадгүй юм” гэж Ж.Барнс-Дейси хэлээд, Ж.Байдены засаг захиргаа засгийн эрхэнд гарсан тохиолдолд ч Вашингтон, шинэ Ардчилсан засаг захиргаа Д.Трампын санаачилсан зарим арга хэмжээг цуцлахад бэлтгэлтэй байна гэж бодохгүй байна гэж нэмж хэлсэн байна.

www.montsame.mn


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.