ХААИС-ийн захиргаанаас дотуур байрны оюутнууддаа хүнсний дэмжлэг үзүүллээ

Aдмин / Эрүүл мэнд

ХААИС-ийн Захиргаанаас дотуур байранд амьдарч буй оюутнууддаа өнөөдрөөс эхлэн 11 дүгээр сарын 17-ныг хүртэл хүнсний дэмжлэг үзүүлэхээр болжээ.

Дотуур байрны өрөө бүрийг ариутгалын бодисоор ханган халдваргүйжүүлэлт хийн, гал тогоо, коридор зэрэг нийтийн эзэмшлийн талбайн аюулгүй байдлыг хангаж, оюутнуудынхаа биеийн халууныг хэмжиж байна.

Үүний зэрэгцээ интернэтийн үйлчилгээгээ сайжруулан номын захиалга авч, хөл хорионы үеийг оюутнууд үр дүнтэй өнгөрүүлэх, хичээлээ давтах боломжоор хангажээ. “Мобиком” корпорацитай хамтарч ХААИС-ийн системүүдэд хандахад дата үнэгүй болгох зохицуулалт хийхээр ажиллаж байна.

Мөн оюутны байранд амьдарч буй оюутнуудыг өрөө хооронд сэлгүүцүүлэхгүй байх, хоол ундыг нийтийн гал тогоонд ээлж дараатайгаар эмх цэгцтэй хийх, гэмт хэрэг, эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх анхааруулга зөвлөмжийг өгч, ажиллаж байна. Тус сургуулийн оюутны гурван дотуур байранд 600 гаруй оюутан амьдардаг аж.