УИХ: Шүүхийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхэллээ

Aдмин / Хууль

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхэллээ. Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр танилцуулсан юм.

Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн. Улмаар Улсын Их Хурлын даргын 2020 оны 32 дугаар захирамжаар төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Н.Алтанхуяг, Ц.Мөнх-Оргил, Ш.Раднаасэд, Ц.Сандаг-Очир, Ж.Сүхбаатар нар ажилласан. Мөн Хууль зүйн байнгын хорооны 2020 оны 05 дугаар тогтоолоор ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах чиглэлээр холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулан ажлын дэд хэсгийг байгуулж ажиллуулжээ.

Байнгын хороо 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцжээ. Ажлын хэсгээс хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд дараах санал, дүгнэлт гаргасныг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнийг Байнгын хорооны санал, дүгнэлтэд дурдав.

Нэг. Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд нийцүүлэх талаар:

-Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах зорилгын хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүх гишүүд орон тооны байх;

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр олон нийтэд болон салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг сонгох үүднээс нээлттэй хэлэлцэж, сонгон шалгаруулалтаар тодруулах;

-Улсын Их Хурал Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч биш гишүүний сонгон шалгуурлалтыг хараат бусаар явуулах чиг үүрэгтэй Ажлын хэсгийг тал талын, тэнцвэртэй төлөөллөөс бүрдүүлэх, Байнгын хороо танилцах сонсголыг зохион байгуулах;

-Шүүхийн ерөнхий зөвлөл хуульчдаас шүүгчийг сонгон шалгаруулах гол чиг үүргээ өөртөө хадгалж, сонгон шалгаруулалт хийсний үндсэн дээр шүүгчээр томилуулахаар Ерөнхийлөгчид санал болгох.

Хоёр.Шүүгчийн сахилга хариуцлагын асуудлыг нарийвчлан зохицуулах талаар:

-Шүүгчийн сахилга хариуцлагыг чангатгах, шүүгчийн хариуцлагыг дээшлүүлэх, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг хамгаалахын тулд шүүгчийн сахилгын зөрчлийг тодорхой тусгах;

-Шүүхийн сахилгын хороо нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүргийг хэрэгжүүлэх.

-Шүүхийн сахилгын хороо иргэний гаргасан өргөдөл, гомдлыг шалгах, шийдвэрлэх, гаргасан шийдвэрт гомдол гаргах харилцааг нарийвчлан зохицуулах;

-Шүүхийн сахилгын хорооны гишүүнээр олон нийтэд болон салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг сонгох үүднээс нээлттэй хэлэлцэж, сонгон шалгаруулалтаар юдруулах;

-Шүүхийн сахилгын хорооны гишүүн зөрчил гаргасан бол түүнийг огцруулах харилцааг нарийвчлан зохицуулах;

-Шүүхийн сахилгын хорооны зарим шийдвэрийг Улсын дээд шүүх хянадаг байх.

Гурав.Шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлын талаар:

-Шүүгч, шүүхийн эдийн засгийн хараат бус байдлыг хангах зорилгоор шүүхийн төсвийг төсвийн хэмнэлтээс бусад тохиолдолд бууруулахгүй байх

-Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн “шүүх хуралдааныг даргалах,” “шүүн таслах ажиллагаанд танхим харгалзахгүй оролцох,” “доод шатны шүүх хооронд гарсан хэргийн харьяаллын маргааныг шийдвэрлэх" зэргээр шүүн таслах ажилд эдэлдэг байсан давуу эрхийг хасах;

-Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг урьдчилан мэдэх боломжгүй байдлаар томилох, хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг санамсаргүй тохиолдлоор хуваарилах цахим программ хангамж ашиглах;

-Улсын дээд шүүхийн дэргэд Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн ажиллах бөгөөд шүүгчийн сургалтын хөтөлбөрийг боловсруулахад бүх шатны шүүгч, Шүүхийн судалгааны төв, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хууль зүйн их, дээд сургуулийн төлөөллийг оролцуулах зэрэг багтана.

Ажлын хэсгээс Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 82 санал, найруулгын шинжтэй 4 санал болон хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 28 саналыг гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлт болон төслийн анхны хэлэлцүүлгийн явцад ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудтай холбогдуулан гишүүд Байнгын хороо, ажлын хэсэг, төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлж байна. Дараа нь хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулах юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.