ЭЗБХ: Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Aдмин / Хууль

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2021.07.07) хуралдаанаар эхлээд Засгийн газраас 2021 оны зургадугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж төсөл санаачлагчийн илтгэлийг танилцуулав.

Улсын Их Хурал Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн баталсан бөгөөд Төсвийн тухай болон холбогдох бусад хуулийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэн боловсруулахыг Засгийн газарт даалгасан. Энэхүү хууль нь Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлт, тэдгээрийн уялдаа, хоорондын нийцлийг хангаж, түүнийг боловсруулан батлах тогтолцоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Гэвч хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бусад хуулиуд нь Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцэхгүй, хэрэгжүүлэгч байгууллагын үйл ажиллагаанд тодорхойгүй нөхцөл байдал бий болгож байна. Хууль хоорондын нийцлийг хангах үүднээс Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд Төсвийн тухай болон бусад хуулийг нийцүүлэх зорилгоор холбогдох хуулийн төслүүдийг боловсруулжээ.

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн зарим заалтын уялдаа, нийцлийг хангаж, зарим нэр томьёоны тайлбарыг нэмэх, Засгийн газрын бүрэн эрх, Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг болон дунд хугацааны буюу таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн төлөвлөлтийн баримт бичиг, богино хугацааны буюу дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн төлөвлөлтийн баримт бичигт зарим өөрчлөлтийг хийх, шаардлагатай тохиолдолд хүчингүй болгох зохицуулалтыг тусгасан байна.

Бодлогын баримт бичгүүдийг боловсруулах, батлах, хэрэгжүүлэх, түүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх субъектийн эрх, үүрэг, бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийн нэршлийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэх шаардлагатай гэж үзжээ.

Хуулиудын төсөл батлагдсанаар төсөвт нэмэлт ачаалал үүсэхгүй, нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар гарахгүй. Монгол Улсын Төсвийн тухай болон холбогдох бусад хууль тогтоомжийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэн хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг бүрэн шийдвэрлэнэ хэмээн төсөл санаачлагч үзжээ. Яамдаас ирүүлсэн саналыг тусгахдаа хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байх, нэгдмэл, цогц, харилцан уялдаатай байх, тогтвортой, тасралтгүй залгамж чанартай байх зарчмыг баримталсан бөгөөд хүчин төгөлдөр үйлчилж байгаа 52 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулиудын төслийг бэлтгэсэн байна.

Ц.Нямдорж сайдын дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, С.Чинзориг, Ц.Даваасүрэн, Ж.Ганбаатар, С.Бямбацогт нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, мэдээлэл авсан. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг төсвийн хүрээний мэдэгдэлтэй мөн нийцүүлэх шаардлагатай талаар санал хэлсэн. Гишүүдийн тодруулсан асуултын дагуу өгсөн мэдээлэлдээ, Засгийн газрын тухай хуулийг шинэчлэн найруулах ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд намрын чуулганаар Улсын Их Хуралд төслийг өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаа гэв. Энэ хүрээнд эдийн засгийн хөгжлийн асуудал хариуцсан болон цахим бодлогыг хариуцан хэрэгжүүлэх төрийн захиргааны төв байгууллагуудын асуудлыг тусган, шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэдэг хариултын Ц.Нямдорж сайд өгсөн.

Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь нь дэмжлээ. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 12 гишүүний 2021 оны долдугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ш.Адьшаа, П.Анужин, Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ, Х.Булгантуяа, Г.Ганболд, Т.Доржханд, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг, Ч.Ундрам, С.Чинзориг нар төслийг хамтран өргөн мэдүүлжээ. Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн баталсан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийн байдлыг судлах, шаардлагатай санал боловсруулах үүрэг бүхий “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлын хэсэг”-ийг Улсын Их Хурлын даргын 2020 оны 51 тоот захирамжаар байгуулж, улмаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Улсын Их Хурлын 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр 10 дугаар тогтоолыг баталсан юм.

Иймд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, үүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, зарим өөрчлөлтийг тусгасан гэв. “Нэгтгэн тайлагнах зарчим” гэж Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг Улсын Их Хуралд; Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тайлагнахдаа тус хуулийн 6.7, 6.8-д заасан баримт бичигт заасан зорилго, зорилт, хүрэх үр дүнг уялдуулан төлөвлөж, тухайн жилд хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ нь хүрэх үр дүнгийнхээ хэдэн хувьд хүрсэн, аль эх үүсвэрээс ямар хэмжээнд санхүүжсэн талаарх мэдээллийг нэгтгэн, баталсан шалгуур үзүүлэлтийн дагуу хамтад нь тайлагнахаар зохицуулсан байна.

“Төлөвлөлтөд суурилсан төсөвлөлтийн зарчим” гэж энэ хуулийн 6.9-д заасан богино хугацааны төлөвлөлтийн баримт бичиг болох улсын болон орон нутгийн төсвийг төлөвлөхдөө 6.10.3, 6.10.4-т заасан шаардлагыг хангаж Улсын болон Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд суурилан боловсруулахаар зохицуулжээ.

“Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” гэж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээг төсөв, санхүүгийн тооцоо, эх үүсвэртэй нь уялдуулан нарийвчлан төлөвлөсөн баримт бичиг байхаар төсөлд тусгасан байна.

“Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” гэж орон нутгийн онцлогт нийцсэн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээг төсөв санхүүгийн тооцоо, эх үүсвэртэй нь уялдуулан нарийвчлан төлөвлөсөн баримт бичиг байхаар нэмсэн гэлээ. Бусад хууль тогтоомжид заасан төрөөс баримтлах бодлого гэснийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.5, 6.7, 6.8, 6.9 дэх хэсэгт заасан хөгжлийн бодлогын баримт бичгийн төрөлд хамааруулж, үндэсний хөтөлбөр гэснийг мөн зүйлийн 6.5-д заасан Хөгжлийн зорилтот хөтөлбөрт тус тус хамааруулж ойлгохоор нэмж тусгасан гэлээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлахдаа тухайн цаг үед тулгамдаж байгаа зайлшгүй асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай эрсдлийн үеийн төсөл, арга хэмжээг Улсын Их Хуралд танилцуулснаар төлөвлөгөөндөө тусгаж болох хууль зүйн үндэслэлийг тусгасан болохыг төсөл санаачлагч илтгэлдээ дурдав.

Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14.3-т заасан Зөвлөлийн дэргэд салбар бүрийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн өндөр мэргэшилтэй 15 гишүүний бүрэлдэхүүнтэй Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн зөвлөл ажиллах бөгөөд тус Зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах журмыг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14.3-т заасан Зөвлөл батлах нь зүйтэй хэмээн үзжээ.

Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн Монгол Улсын Шадар сайдаар тэргүүлүүлсэн Хөгжлийн төлөвлөлт, эдийн засгийн яамтай байх. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн Монгол Улсын Шадар сайд нь эдийн засгийн болон хөгжлийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар, дэд бүтцийн зохистой харьцааг тогтоох асуудал; үндэсний болон бүс, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал; макро эдийн засгийн бодлогын төлөвлөлт; хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого; гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэл; салбар хоорондын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн уялдаа, нийцэл; хөнгөн, жижиг, дунд болон аж үйлдвэрийн хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлт; төр-хувийн хэвшлийн түншлэлийн асуудал; өндөр технологи, үндэсний инновацийн тогтолцоог хөгжлийн бодлого, төлөвлөлтөд нэвтрүүлэх; чөлөөт бүс, хилийн боомтын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхлэхээр тусгасан гэв.

Урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тавигдах шаардлагыг өөрчлөн найруулж төсөлд тусгасан. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад оруулсан өөрчлөлтийн үзэл баримтлалыг холбогдох хуулиудад тусгах, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн үзэл баримтлал, суурь зарчмыг нэг мөр хэрэгжүүлэх зорилгоор хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн сайдын эрхлэх асуудлыг тодорхойлж, хуулийн холбогдох зохицуулалтыг нийцүүлэх нь зүйтэй хэмээн үзжээ.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Ж.Ганбаатар нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан. Мөн төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэн юм. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаарх жишиг туршлагыг судлах, хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулдаг мэргэжлийн хамт олон байх, түүнийг зайлшгүй хэрэгжүүлэх механизмийг бий болгох чиглэлд ажиллах нь чухал гэдэг байр суурийг хэлж байсан.

Дараа нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжсэн юм. Иймд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаан танилцуулахаар боллоо.

Засгийн газраас болон Улсын Их Хурлын гишүүдээс өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул төслүүдийг нэгтгэн Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах ажлын хэсгийг байгуулах Байнгын хорооны тогтоолыг хэлэлцэн баталлаа. Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг ахалж ажиллана хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.