Сургалтын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах бэлтгэлийг сайтар хангахыг үүрэг болгов

Aдмин / Боловсрол

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг өнөөдөр Баянгол дүүргээс цахимаар зохион байгууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн удаагийн зөвлөгөөнөөр 14 үүрэг, даалгавар өгснөөс 78.1 хувийн биелэлттэй байна. Хурлын эхэнд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дүүргийнхээ хэмжээнд хэрэгжүүлж буй ажлууд болоод цаг үеийн нөхцөл байдлын талаар нийслэлийн удирдлагуудад мэдээллээ. Баянгол дүүрэг 231 мянган оршин суугчтай бөгөөд үүнээс 142 мянган иргэн дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ. Дүүргийн хэмжээнд 8642 хүүхэд дархлаажуулалтад хамрагдсан бол сургууль, цэцэрлэг эхлэхтэй холбоотойгоор нийт багш, ажилчдын 45 хувийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулаад байна.

Сургуулийн автобуснуудын үзлэг оношилгоо 91 хувьтай үргэлжилж байна

Хотын дарга хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан хийж, хэрэгжүүлж буй ажил, цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг холбогдох албаныхнаас авлаа. Ерөнхий боловсролын сургуулийн цахим бүртгэл 41.7 хувьтай үргэлжилж байна. Харин 12-15 насны хүүхдүүдийн 55.9 хувийг дархлаажуулалтын бүрэн тунд хамруулаад байгаа юм. Мөн нийт багш, ажилчдын 53.6 хувийг урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамруулсан. Сургуулийн автобуснуудыг өнгөрсөн долоо хоногоос үзлэг оношилгоонд хамруулж эхэлсэн бөгөөд 91.02 хувьтай үргэлжилж байна.

270 байршилд газар чөлөөлөв

Нийслэлийн Засаг даргын “Газрын зөрчил арилгах тухай” 2021 оны А/251, А/250 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд төвийн зургаан дүүргийн 270 байршлын 1385 объект дахь 26.822 ам метр газрыг чөлөөлжээ. Тодруулбал, нийтийн эзэмшлийн зам, талбайд барьсан стандартын бус, зохих зөвшөөрөлгүй ашиглаж буй гарааш, зөөврийн байгууламж, өргөтгөл, хашаа, хаалт, хайс, шон зэргийг чөлөөлж, 15 байршлын 9832 ам метр талбайд тохижилт, ногоон байгууламжийн ажил хийх боломжийг бүрдүүлээд байна. Газар чөлөөлөх ажил Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт эрчимтэй хийгдэж байгаа бөгөөд Сүхбаатар дүүргийн 92 байршилд газар чөлөөлж, зургаан байршилд тохижилт, ногоон байгууламж, авто зогсоолын ажлыг эхлүүлээд байгаа юм. Мөн нийслэлийн хэмжээнд стандартын шаардлага хангахгүй, орчны аюултай байдал үүсгэсэн 307 барилга угсралтын талбайн түр хашаа байгаагаас 260 аж ахуй нэгжид мэдэгдэх хуудас хүргүүлэн, зөрчил арилгах арга хэмжээг авч ажиллажээ. Үүнээс 116 барилга угсралтын талбайн түр хашааг холбогдох стандартын дагуу шинэчилж, норм дүрэм, аюулгүй байдлыг хангуулан, тэмдэг тэмдэглэгээг хийлээ.

10-р хорооллоос Сүлжмэл хүртэлх дулааны шугамын засварын ажлыг

есдүгээр сарын 15-ны дотор дуусгана

2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд сайжруулсан түлшний түүхий эд, барьцалдуулагчийн нөөцийн талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө мэдээлэл өглөө. Одоогийн байдлаар “Таван толгой түлш” ХХК-ийн Баруун бүсийн үйлдвэр дангаараа ажиллаж байгаа бөгөөд 17.660 тонн сайжруулсан түлшний нөөцтэй байгаа юм. Харин сайжруулсан түлшний түүхий эд болох мидлингийн 209 мянган тонн нөөц байна. Энэ нь 196.656 тонн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хүрэлцэхүйц нөөц юм. Мөн тус үйлдвэр барьцалдуулагч түүхий эдийн 60 тонн буюу 14 хоногийн нөөцтэй байна. БНХАУ-ын Эрээн хотын хил дээр эхний ээлжийн түүхий эдүүд ирсэн бөгөөд яаралтай татан авах чиглэлээр ажиллаж байгаа юм. “Таван толгой түлш” ХХК өдөрт 1500 тонн сайжруулсан түлш үйлдвэрлэхээр тооцож, есдүгээр сарын 15 гэхэд 53 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Хотын дарга шаардлагатай түүхий эдийг холбогдох албаныхантай хамтран татаж авах, заасан хугацаандаа багтаан нүүрсний нөөцөө бэлтгэх хэрэгтэйг сануулав.

Мөн 10 дугаар хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх дулааны шугамын шинэчлэлийн ажлын явц ямар байгаа талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөс асуулаа. Тэрбээр “Дулааны шугам шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Хил дээр саатсан шугам хоолойг үе шаттайгаар татан авч байгаа бөгөөд үлдсэн хоолойг шуурхай татан авахаар холбогдох албаныхантай хамтран ажиллаж байгаа. Түүнчлэн шугам засварын ажил есдүгээр сарын 15-ны дотор дуусаж, иргэдийг халуун усаар хангах боломж бүрдэнэ” хэмээсэн юм.

Халдварын эрсдэлтэй олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй

Хурлын төгсгөлд Хотын дарга дөрвөн чиглэлээр 14 үүрэг, даалгаврыг холбогдох албаныханд өглөө. Тухайлбал, “Хариуцлагын гэрээ” байгуулсан аж ахуй нэгжүүдэд хяналт тавих, дархлаажуулалт хийгдэж байгаа байршлуудыг тодорхой болгож, олон нийтэд тогтмол мэдээлж ажиллахыг үүрэг болгов. Түүнчлэн өвөлжилтийн бэлтгэл хангах, хичээл сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбогдуулан хурдан морь уралдуулах, бөх барилдуулах зэрэг халдварын эрсдэлтэй олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахгүй байхыг бүх шатны байгууллагуудад анхааруулсан юм. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисын нөөцийг нэмэгдүүлэх болон хичээл сургалтын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах бэлтгэл ажлыг сайтар хангахыг Нийслэлийн Боловсролын газар болоод дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгов. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд авто зам, инженерийн шугам сүлжээ, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга байгууламжийн их, урсгал засвар, шинэчлэлтийн ажлыг шуурхай гүйцэтгэхийг харьяа байгууллагуудад даалгалаа. Эцэст нь газрын зөрчлийг арилгаж, чөлөөлөгдсөн байршлуудыг нийтийн эдэлбэр газраар бүртгэн, тохижуулах ажлуудад хяналт тавихыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт үүрэг болгосон юм.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.47] 2021-08-24 13:01:44

цэцэрлэгийн хүүхдүүд халдвар авбал яах вэ яаж хамгаалах вэ эцэг эхчүүд бид айж байн.а

Зочин [103.212.119.60] 2021-08-24 09:19:13

Бага ангийнхныг цахимаар оруулах шийдвэригаргаад өгөөч. Эмнэлгээр дүүрэн хүүхдүүд байна. Очоод хараач, яаж өвдөж байгааг.

Иргэн [202.126.92.99] 2021-08-23 06:51:08

Эдийн засгийн ийм хямралтай, коронагаас болоод танхимын сургалт алдаг оног хийх энэ үед хүүхлдийн формыг энэ жилдаа заавал өмсүүлэхгүй байх шийдвэр гаргаачээ, Ажилгүй эцэг эхчүүдэд хүнд тусаж байна


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.