Талибууд түр Засгийн газрын бүрэлдэхүүнийг зарлажээ

Д.Тулга / Гадаад мэдээ

КАБУЛ. /TASS/. “Талибан” хөдөлгөөний төлөөлөгчид мягмар гаргийн орой Афганистаны шинэ түр Засгийн газрын бүрэлдэхүүнийг зарлалаа.

Шинэ Засгийн газрыг Хасан Ахунд тэргүүлэх бөгөөд түүний орлогчоор Абдул Гани Барадар, Абдул Салам Ханафи нар болсон бол “Талибан”-ы дээд удирдагч Хайбатулла Ахундзада хүлээж байсны дагуу сайд нарын танхимд орсонгүй.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Оросын тал шинэ Засгийн газрыг хүлээн зөвшөөрөх эсэх талаарх асуултад хариулахдаа, энэ кабинетийн эхний алхам ямар байхыг, "Афганистанд цаашид юу болохыг Москва одоохондоо ойлгох нь чухал" гэв. Үүний зэрэгцээ Кабулд суугаа ОХУ-ын Элчин сайд Дмитрий Жирнов Засгийн газрын бүрэлдэхүүнийг зарлах ёслолд оролцох урилгыг хүлээн авчээ.

Ингээд Засгийн газрын бүрэлдэхүүнд ямар хүмүүс орсныг хүргэж байна.

Удирдлага

  • Ерөнхий сайдын үүргийг Шура буюу “Талибан”-ы удирдлагын зөвлөлийн тэргүүн Хасан Ахунд гүйцэтгэнэ. Тэрбээр “Талибан”-ы "өлгий нутаг" гэгддэг Кандагараас гаралтай бөгөөд тус хөдөлгөөнийг 1996-2001 онд засгийн эрхэнд байх үед Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга, Гадаад хэргийн сайд, Кандагар мужийн захирагчаар ажиллаж байжээ.
  • Шадар сайд Абдул Гани Барадар нь “Талибан”-ы улс төрийн жигүүрийн удирдагч юм. Тэрбээр Катарт АНУ-тай хийсэн хэлэлцээнд оролцогч төлөөлөгчдийн тэргүүлж байсан бөгөөд 2021 оны хавар Афганистаны байдлыг зохицуулах зөвлөлдөх уулзалтад оролцохоор Москвад ирж байжээ.
  • Өөр нэг шадар сайдаар “Талибан”-ы Катар дахь улс төрийн газрын орлогч дарга Абдул Салам Ханафиг томилжээ. “Талибан”-ы анхны Засгийн газарт тэрбээр боловсролын дэд сайдаар ажиллаж байсан байна.

Засгийн газрын бүрэлдэхүүн

  • Шинэ Засгийн газарт Ерөнхий сайд, шадар сайд нараас гадна 19 сайд орсон бөгөөд Төв банк, Жанжин штаб, Тагнуулын газрын дарга нарын нэрийг мөн зарлажээ.
  • Афганистаны хэвлэлүүдэд онцолсноор, дээрх хүмүүс бүгд “Талибан”-ы гишүүд аж. “Талибан”-ы төлөөлөгч Забихулла Мужахидын хэлснээр, талибууд байнгын танхимд Афганистаны нийгмийн бүх давхаргыг оруулахаар төлөвлөж байна.
  • Сайд нарын дийлэнх олонх нь Афганистан дахь хамгийн том угсаатны төлөөлөл болох пуштунууд юм.
  • Шинээр томилогдсон сайд нар бүгд эрэгтэйчүүд бөгөөд өмнө нь талибууд эмэгтэйчүүд улс орныг удирдах ажилд оролцох боломжтой боловч сайдын албан тушаал болон түүнээс дээш албан тушаал хаших боломжгүй гэж мэдэгдсэн юм.

Хүчний байгууллага болон гадаад бодлогыг хариуцах хүмүүс

  • Батлан ​​хамгаалахын сайдын үүргийг Мухаммед Якуб Мужахид буюу мулла Якуб гүйцэтгэнэ. Тэрбээр “Талибан”-ыг үүсгэн байгуулагч мулла Омарын хүү юм. Мулла Омар 2013 онд нас баржээ. Мухаммед Якуб Мужахид бол Барадартай адил Ахундзадагийн орлогч нарын нэг бөгөөд цэргийн ажиллагааг хариуцдаг гэж үздэг.
  • Гадаад хэргийн сайдын үүргийг гүйцэтгэх Амир Хан Моттаки нь “Талибан” хөдөлгөөний удирдагчдын комиссын дарга бөгөөд талибууд засгийн эрхэнд гарсан эхэн үед Дээд боловсролын яамыг удирдаж байжээ.
  • Гадаад хэргийн дэд сайдын албыг Шер Мохаммад Аббас Станикзай хашина. Тэрбээр “Талибан” хөдөлгөөн дэх улс төрийн газрыг төлөөлдөг бөгөөд талибууд түүнийг "улс төрийн газрын орлогч дарга" гэж нэрлэдэг.
  • Дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэх Сиражуддин Хаккани нь хагас бие даасан гэж үздэг “Хаккани сүлжээ” террорист байгууллагыг үүсгэн байгуулагч Желалуддина Хакканигийн хүү юм. Түүнийг “Аль-Каида”-тай нягт холбоотой гэж үздэг. Хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, наймдугаар сарын 15 -нд Кабулыг эзлэн авсны дараа тэрбээр хотын нөхцөл байдлыг хариуцаж байгаа аж.
  • “Талибан”-ы улс төрийн жигүүрийн гишүүн Абдул Хак Васик Тагнуулын даргаар томилогджээ. Нээлттэй эх сурвалжаас авсан мэдээллээр, тэрбээр Европын орнуудтай харилцах газрын даргаар ажилладаг бөгөөд 2002-2014 онд Гуантанамо дахь Америкийн шоронд хоригдож байжээ.

Эдийн засгийн болон бусад сайд нар

  • Эдийн засгийн сайдын үүргийг Кари Дин Мохаммад Ханиф гүйцэтгэнэ. “Талибан”-ы анхны Засгийн газарт тэрбээр дээд боловсрол, төлөвлөлтийг хариуцаж байсан бөгөөд хожим нь Катарт америкчуудтай хийсэн хэлэлцээрт оролцож байв.
  • Боловсролын сайдын албанд шейх Мавлави Нурулла Мунирыг, Дээд боловсролын сайдын албанд Мавлави Абдул Баки Хакканийг томилжээ.
  • Соёл, мэдээллийн сайдын үүргийг Хайрулла Хайрхва гүйцтгэнэ. Тэрбээр 1996-2001 онд Дотоод хэргийн сайдаар ажиллаж байжээ. 2002-2014 онд Гуантанамод байсан байна.
  • Түүний орлогчоор Забихулла Мужахидыг томилжээ. Тэрбээр “Талибан”-ы хэвлэлийн төлөөлөгчөөр удаан хугацаанд ажилласан бөгөөд Кабулыг эзлэн авсны дараа наймдугаар сарын 17-нд “Талибан”-ы анхны хэвлэлийн бага хурлыг хийсэн юм.
  • “Талибан”-ы анхны Засгийн газарт Сангийн дэд сайд, Нийгмийн аж ахуйн дэд сайдаар ажиллаж байсан Нажибулла Хаккани Харилцааны сайдын үүргийг гүйцэтгэхээр болжээ.
  • Өмнө нь “Талибан”-ы эдийн засгийн асуудал эрхэлсэн комиссыг удирдаж байсан Мохаммад Идрисийг Төв банкны тэргүүнээр томилсон байна.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.79] 2021-09-08 06:30:37

Yanam be odoo kkkk ,


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.