УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан Япон Улсын Цог жавхлант Эзэн хааны “Мандах нар” одонгийн тэргүүн зэрэг “Сүр жавхлант тууз” одонгоор шагнуулсан Улсын Их Хурлын дарга асан Д.Лүндээжанцанд хүндэтгэл үзүүллээ

Aдмин / Нүүр

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан өнөөдөр (2021.09.09) Япон Улсын Цог жавхлант Эзэн хааны “Мандах нар” одонгийн тэргүүн зэрэг “Сүр жавхлант тууз” одонгоор шагнуулсан Монгол Улсын Их Хурлын дарга асан, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцанд баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.

Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан хэлсэн үгэндээ, "Монгол, Япон хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд төдийгүй Монгол Улсын парламентын түүхэнд тэмдэглэлт үйл явдал болж байна. Манай нэрт хуульч, туршлагатай парламентч Д.Лүндээжанцан таныг Монгол, Япон хоёр улсын найрамдалт харилцааг бэхжүүлэх, парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх эрхэм үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан хэмээн үзэж, Япон Улсын Цог жавхлант Эзэн хааны “Мандах нар” одонгийн тэргүүн зэрэг “Сүр жавхлант тууз” одонгоор шагналаа.

Та бол 1990 оны Улсын Бага Хурлаас эхлээд завсаргүй 30 жил парламентын гишүүнээр сонгогдож, Улсын Их Хурлын дарга, дэд даргаар сонгогдон ажиллаж байсан. 2000 оноос хойш 20 жилийн турш Улсын Их Хурал дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүнээр ажиллаж, парламент хоорондын болон парламентын гишүүдийн ажил хэрэгч, ойр дотно харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, парламентат ёс, ардчилсан засаглалыг бэхжүүлэхийн төлөө чин шударга хүчин зүтгэсэн төрийн түшээ хэмээн бид бахархан хүндэлдэг. Түүнчлэн ирэх онд тохиох Монгол, Япон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойн босгон дээр энэхүү баярт үйл явдал тохиож буйд бид ихэд бэлгэшээж байна” хэмээгээд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын мэндчилгээг уламжлав.

Улсын Их Хурлын дарга асан, Япон Улсын Цог жавхлант Эзэн хааны “Мандах нар” одонгийн тэргүүн зэрэг “Сүр жавхлант тууз” одонт Д.Лүндээжанцан, “Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн босгон дээр Япон Улсын Цог жавхлант Эзэн хааны “Мандах нар” одонгийн тэргүүн зэрэг “Сүр жавхлант тууз” одонгоор шагнуулсандаа баяртай байна. Өнгөрсөн хугацаанд хоёр улсын харилцаанд бидний олсон ололт амжилт бүхэн Монгол, Японы найрсаг, харилцан итгэлцсэн хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд чин сэтгэлээр зүтгэж, өөр өөрийн хувь нэмрийг оруулж ирсэн хоёр улсын үе үеийн төр, нийгмийн зүтгэлтнүүдийн бат итгэл, тууштай үйл ажиллагаатай шууд холбоотой гэдгийг тэмдэглэж хэлэхийг хүсэж байна. Энэ шагналаар дамжуулан Монгол Улсын парламентын гадаад хамтын ажиллагааг үнэлж байна гэж ойлгон хүлээн авч байна. Зах зээлийн шилжилтийн хүнд хэцүү цаг үед Японы Засгийн газар, ард түмэн бидэнтэй хамт байж, хөгжилд чиглэсэн дэмжлэг, тусламжуудыг үзүүлсэн. Монгол, Японы харилцааг улам бүр бататган бэхжүүлэхэд хоёр улсын хууль тогтоох байгууллагууд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Цаашид ч хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд нийгмийн зүтгэлтний хувьд хичээж ажиллана” гээд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан болон УИХ дахь Монгол, Японы парламентын бүлгийн гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагуудад талархал илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.160.64] 2021-09-10 03:23:37

noxoin baas


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.