Албан тушаалын гуйланчлал

Aдмин / Нүүр

"ИЧИХ БУЛЧИРХАЙГҮЙ ХҮМҮҮС"
ХХЕГ болон Буянт-Ухаа, Замын-Үүд, Сэлэнгээр дүүрэн “шахааны” буюу танил тал, өндөр дээд албан тушаалтнуудаар “хөөцөлдүүлж”, яриулж байж ажилд орсон “арын хаалганы" нөхдүүд байдаг гэсэн ам дамжсан яриа хилчдийн дунд бий. Үнэхээр ч тэрний хүүхэд, энэний хамаатан гээд зогсолтгүй үргэлжилнэ. Гэтэл сүүлийн үед ХХЕГ болон дотоод, гадаадын цэргийн академид суралцуулах хүмүүсийн дотор “арын хаалганыхан” хүч түрэн орж ирснээр үл барам ДХИС-д өөрсдийн гэсэн орон тоог нэмүүлээд авчээ.
Саяхан Хил хамгаалах байгууллагын удирдлагуудын шийдвэрээр гадаад, дотоодын цэргийн академид суралцах өргөдөл гаргасан залуучуудаас шалгалт авсан. Тэдний ихэнх нь шаардлага хангаагүй. Хилийн цэргийн штаб үүнд анхаарал хандуулж, цаашид хүчин чармайлт гарган ажиллахаа ч мэдэгдсэн. Энэ шалгалтад торойгоод, “тээглээд" үлдсэн хэсэг залуусын хажуугаар байгууллагын хүний нөөцийн бодлого, стратөги хөгжлийн төлөвлөлтийг тас цохиж ямар ч шалгалт өгөлгүйгээр зэрэгцэн орж ирсэн “арын хаалганыхан”-ы дунд Хил хамгаалах байгууллагын удирдлагад суралцах хүсэлтээ албан ёсоор уламжилсан хүн бараг байсангүй. Үгүй ядаж шалгалтандаа уначихаад учирлаад гуйж байгаа хүн алга.
Байгууллагын удирдлагууд ацан шалаанд орж энэхүү ил тод, албан тушаалын гуйланчлал, бүдүүлэг эрх мэдлийн “хүчирхийлэл’’-тэй тэмцээд эцэстээ ямар ч аргагүйд хүрчээ. Өөрсдөө чадал чансаагүй, “ичих булчирхайгүй”, гуйланчлалгүйгээр оршин тогтнох чадваргүй, шир мэт нүүртэй, шударга бус хүмүүс хилчдийн эгнээнд ийнхүү мөр зэрэгцэн алхаж явна.
Тэд “бор зүрхээрээ” зүтгэж яваа хичнээн олон залуусын итгэл найдварыг үгүй хийж, хүсэл мөрөөдлийг нь сүйтгэж байгаа бол гэж бодохоос халшрам. Өнөөдөртөө шударга бус “ялж" болох ч ирээдүйд ялгараад үлдэнэ. Иймд хичээл, зүтгэлээрээ гуйлгачин сэтгэлгээгээ ялж гарах ганц л гаргалгаа тэдэнд бий. Үгүй бол насан туршдаа бүх зүйлийг гуйж амьдрахад хүрнэ... ХХЕГ-т шинээр томилогдсон албан хаагчдад аттестатчилал явуулна гэдгээ Хилийн цэргийн штаб зарлаад байна. Харин хойчийн хилчдэд сургамж болгох үүднээс тэдгээртэй уулзаж, хэрхэн яаж “ичих булчирхайгүй” болсон талаар нь “Эх орны манаа” эргэн сурвалжлах болно.
ЭРТ, ОРОЙ ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ЭЦЭС БОЛОХ “ЦОЛ БА АЛБАН ТУШААЛЫН НАЙМАА”
Хүнээр яриулж албан тушаал ахидаг, хүнээр яриулж цол нэмдэг, хүнээр яриулж сургуульд явдаг далд “наймаалцал”, нөгөө л эрх мэдлийн “хүчирхийлэл” хэзээнээс нааш амь бөхтэй оршсоор ирсний тод жишээ нь өнөөдрийн бидний байгаа байдал.
Үнэхээр бэлтгэгдсэн лидерүүд хэд байна вэ? Манлайлагч гэхээс илүү “алиалагч” нар сандал ширээ бөглөөд суучихаар төрийн албанд гацаа үүсдэг. Цэргийн цол ба албан тушаалыг “яриулаад” ирэхээр л утгаа алдаж, “наймаалцаад” ирэхээр нэр хүндээ алддаг.
Ном журмаар нь цол, албан тушаалыг нь авч чадахгүй хэрнээ хэл ам нь гүйцэгдэхгүй, хөөцөлдлөгөө нь тасардаггүй, лам бөөгөөр үргэлж орж гарч явдаг хүүхнүүдээс ялгаагүй эрчүүд, бас хүүхнүүд олширсон цөвүүн цагийн төрийн цэргийн байгууллагын эмгэнэлт дүр төрх энэ.
Гэхдээ эцэс төгсгөлгүй энэ их дарамтан дороос “Энэ байдлыг хална” гэж дугарч чаддаг удирдлагууд байгаа нь сайн хэрэг. Хэдийгээр ийм дүр зураг харагдаж байгаа ч шударга бусын хонгил дундуур хилчид гар гараасаа барилцаад зүтгээд байж дээ. “Сайн эцгийн шийрийг хатаах” сайн эрчүүд, ирээдүйн генералууд ч энэ нийтлэлийг уншиж байхыг би үгүйсгэхгүй. Ур чадваргүй, амбиц ихтэй, танил талаараа дамжуулан албан тушаалд томилогддог, ичнэ гэдгийг мэддэггүй, хуншгүй, зусар бялдууч хүмүүс байсан цагт энэ байдал үл тасрах тул мөнхийн тэмцэл хэвээр үргэлжлэх биз ээ.
ХЭН НЭГНИЙГ ГУЙЖ ЦАРАЙ АЛДАХААРГҮЙ ХҮЧТЭЙ БАЙ
Хил хамгаалах байгууллага бол өөрийн гэсэн жудагтай, соёлтой, үнэт зүйлтэй байгууллага. Энэ том байгууллага хэзээ ч өөрөөсөө өөрийг бодож мэдэхгүй, ахархан бодолтой хэн нэгнээр дутаж байгаагүй юм. “Сайны хажуугаар саар” гэгчээр дээр дурдсан албан тушаалын гуйланчлал, шударга бус явдал мэр сэр байгаа хэдий ч ирээдүйг илүү тод, гэрэл гэгээтэйгээр харахын тулд бид өнөөдөр ажиллаж, амьдарч явна. Хэрэв та ирээдүйд гадаад, дотоодын цэргийн академид суралцахаар төлөвлөж байгаа бол, хэрэв та өндөр албан тушаалд ажиллаж, цол ахих мөрөөдөлтэй яваа бол өөрөө хүчтэй бай. Өөрийнхөө хэр хэмжээг мэддэг, өөрийнхөө цар хүрээг таньсан хүнд албан тушаал өөрөө ирдэг бол мэдэхгүй зүйлдээ суралцаж, өөрийгөө хөгжүүлж, бусадтай адилхан өрсөлдөж, ялж ялагдаж чаддаг хүнд амжилт ойрхон байдаг гэдэг. Шалгалтандаа одооноос бэлтгэж, шударга бусчуудаас хавь илүү амжилт үзүүлж чадахуйц хүчтэй бай. Арчаагүй долдой нар төрд үүрлэж, шалгалт өгөхийн оронд дээдэст хахууль өгч, шударгаар ажиллаж амьдрахын оронд гэрлийн хурдаар албан тушаал ахиж, зусар бялдууч инээд нүүрэндээ тодруулсаар илүү харж, билүү долоож яваа нь шившигтэй боловч үнэн дүр төрх. Иймд шударга бусын өмнө хүчтэй, мэдлэгтэй, ур чадвартай байхыг зорилгоо болгож, чин шударгаар хилийн төлөө зүтгэх их үйл хэрэгт тань амжилт хүсэх л үлдлээ.
Ахмад Ж.Оюун-Эрдэнэ
Эх сурвалж: "Эх орны манаа" сонин


Сэтгэгдэл

Зочин [98.7.87.130] 2021-10-12 04:33:16

Алтанхүү гэж чадал чансаа муу нэг архичин нөхөр Америк руу коллежид явсан байдаг. Яасан ч сурч дуусдаггүй юм. Гадаадын бүх л сургалтад арын өврийн хаалга хүнээр яриулж явдаг хүн дарга болчихоор ийм л байна.

Зочин [66.181.161.69] 2021-10-12 04:27:57

Энэ ниитлэлииг бичсэн бичүүлсэн 2 нөхрийн түүхииг мэднээ. Ичиж амьдраарай.нэрийг нь хэлчии Генерал Гандолд

Иргэн [64.119.24.130] 2021-10-12 04:05:19

Шинэ төр засаг гаргаж Сэргээцгээ.Монголчуудаа !!!!!!Одоо хуучинуудаасаа салаач!!!!100 жил нэг Намын тогтолцоо арай дээ.10.20.төгрөгөөр МАХН .МАН зарагдөхаа зогсоогооч үр хүүхдүүд чинь ирээдүй боллоо.цус нь бохирдсон бна.Шинчлэл хийх хэрэгтэй ээээээээээ!!!!!!!!!!!!!

Зочин [195.46.106.44] 2021-10-12 03:42:07

Энхтөр гуай ажлаа өөрөө өгчихсөн нь дээр юм даа

Зочин [64.119.30.131] 2021-10-12 03:14:28

Энэ байдлыг хална гэж хэлж байгаа удирдлагад амжилт хүсье. Гэхдээ их л хүчтэй байж халах байхаа. Их л бөх бат ханыг нураах хэрэг гарна даа. Яагаад гэвэл тэр хана УИХ-ын гишүүдээс эхлээд төрийн бүх институцийн найрлагатай байдаг учир. . .

Зочин [209.97.162.187] 2021-10-12 03:03:56

Монголын энэ бүх шударга бусыг цэргийнхэн маань оройлон манлайлж устгаад өгөөсэй гэж харж хүсэж байна шүү

Ах [202.126.89.167] 2021-10-12 02:56:54

Танай хилийн цэрэгт Цагдаагаас хөөгдсөн Энхтөр гэгч Газрын дарга боочихсон явахаар хилд хичнээн зүтгээд яахав дээ. Хүсэл итгэл зүтгэл эх оронч хилчний хөдөлмөрийг улс төрийн яянханчлал эзлээд байхаар яалтай ч билээ. Eрөнхийлөгч цагдаа цагдаадаа хилчин хилдээ ажилла. Энхтөрөө чи хилд хэрэггүй гэж Нямбаатарт хэлсэн гэнэ лээ. Нямбаатар Хүрэлсүхийн үгийг тоодоггүйн тод жишээ гэхээс дээ. Арын хаалнаар цол хлбан тушаал хүсч мөрөөдөж эх орноо хамгаална гэдэг хилчний ёс зүйд таарахгүй.. Хилчин залуус минь хилчин эр хүн бай

Иргэн [192.82.91.38] 2021-10-12 02:37:32

"Энэ байдлыг хална" хэмээн дуугарч чадаж байгаа нь сайн хэрэг.

иргэн [202.21.100.210] 2021-10-12 02:36:47

Ганц ХХЕГ бишээ Төоийн бүх тусгай газруудад бүгд байгаа мөн ардын хүүхэд яваад төгсөөд ирэхээр буцаагаад ажилд нь томилдоггүй дээрэлхээд байдаг. Дарганцар болсон генерал цолтой сүгнүүд байна ТАЗ энэ асуудалд нухацтай хандаачээ

Иргэн [139.5.217.149] 2021-10-12 02:21:06

Монгол улсын энэ арын хаалгаар алба авдаг, , нам дагасан, дарга дагасан цүнх баригч чадваргүй сүгнүүд л хөнөөнө.


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.