ДЭМБ: Европт халдвараар 700 мянган хүн нас барж болзошгүй байна

Aдмин / Эрүүл мэнд

ЖЕНЕВ. /BBC/. Ирэх оны гуравдугаар сар гэхэд Европт болон Азийн зарим оронд “COVID-19” халдварын улмаас дахин 700 мянган хүн нас барж болзошгүй байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ анхаарууллаа.

ДЭМБ-аас Европын бүс хэмээн ангилдаг 53 улс оронд халдварын улмаас нас барсан хүний тоо хэдийнээ 1.5 сая даваад байгаа юм. Тус байгууллагын анхааруулснаар, 2022 оны гуравдугаар сард гэхэд эдгээр орны 49-ийнх нь эрчимт эмчилгээний тасгийн ачаалал хэтэрч магадгүй байна.

Европт сүүлийн үед “COVID-19”-ийн өвчлөл эрс нэмэгдэх болоод байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Австрид хөл хориог дахин тогтоогоод байгаагаас гадна бусад орнуудын эрх баригчид халдварын тархалтыг хязгаарлах нэмэлт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж эхлээд байгаа юм.

Тухайлбал, Франц, Герман, Грек тэргүүтэй орнуудад вакцины бүрэн тунд хамрагдсан иргэддээ нэмэлт тунг тариулах шаардлагыг ойрын хугацаанд тавих төлөвтэй байна. Үүнтэй зэрэгцэн хэд хэдэн орны иргэд шинэ арга хэмжээнүүдийг эрс эсэргүүцэж, Нидерландад хэсэгчилсэн хөл хориог эсэргүүцсэн жагсаал хэдэн шөнө дамнан үргэлжилжээ.

ДЭМБ-ын мэдээлснээр, “COVID-19” Европын бүс нутагт нас баралтын гол шалтгаан болоод байна. Халдвараар нас барсан тохиолдлын тоо өдөрт 4200 орчмоор нэмэгдэж буй одоогийн тооцоогоор ирэх хавар гэхэд ийм тохиолдлын нийт тоо 2.2 сая давах төлөвтэй байна.

ОХУ-д л гэхэд халдварын улмаас өдөрт нас барсан тохиолдлын тоо саяхан 1200 давсан юм. ДЭМБ Европт халдварын үзүүлэлт нэмэгдэж буйг вакцинд хамрагдаагүй хүмүүсийн тоо өндөр байгаа, мөн зарим оронд “Дельта” хувилбар давамгайлан тархаж байгаатай холбон тайлбарлажээ.

Тус байгууллагын Европын бүсийн асуудал хариуцсан тэргүүн, доктор Ханс Клюгийн хувьд дархлаажуулалтад хамрагдаагүй байгаа иргэдэд вакцин хийлгэхийг уриалсан байна. Тэрбээр, “Бид бүгдэд олон мянган хүний амь насыг аврах, нийгэм, эдийн засгийн үйл ажиллагаанд дахин саатал үүсэхээс сэргийлэх боломж бололцоо байна” гэж хэлжээ.

ДЭМБ Европын орнуудаас гадна Израил, мөн ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Тажикистан, Узбекистан зэрэг орнуудыг Европын бүс нутагт хамруулдаг юм.

Эх сурвалж: Монцамэ агентлаг


Сэтгэгдэл

зочин [192.82.73.62] 2021-11-24 08:09:54

хөлбөмбөгийн аваргуудын лиг эхэлсэн


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.