Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн бүтээн байгуулалт эхэллээ

Aдмин / Хууль

Монгол Улсын Засгийн газрын ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГЫН нэг хэсэг АЖ ҮЙЛДВЭРИЙН СЭРГЭЛТИЙН хүрээнд Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэл өнөөдөр эхэллээ.
Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат буюу анхны тэсэлгээ хийх командыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм нар өглөө.


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэл эхэлж байгаа нь хөрөнгө оруулагч талд дахин итгэл хүлээлгэж буй Монголын ард түмний чин эрмэлзэл” гэдгийг онцоллоо. Мөн “Оюу толгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлснээр Монгол Улс хөрөнгө оруулагчидтай ойлголцож, зөвшилцөж, тогтвортой хамтран ажиллаж чаддаг, харилцан ашигтай түншилдэг гэдгээ дэлхий дахинд нотлон харуулах баталгаа болно гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд цаашид хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүдтэй харилцан ашигтай идэвхтэй түншлэн ажиллахад Монголчууд бид бэлэн байна” гэлээ.
Монгол Улсын Их Хурлаас баталсан 103-р тогтоолын хүрээнд өнөөдөр эхлүүлж буй Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг Монголын талд нэмэлт өр үүсгэхгүйгээр, дахин хугацаа хойшлуулахгүйгээр, техник эдийн засгийн алдаа дахин гаргахгүйгээр туйлын хариуцлагатай хандаж,харилцан тохиролцсон хугацаа буюу 2023 оны эхний улиралд багтааж бүрэн ашиглалтад оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ.


Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм “Хамтдаа хэлэлцэж ярилцсаны эцэст энд байгаа олон хүмүүсийн хамтын хичээл зүтгэл, тусламж дэмжлэгийн үр дүнд бид Монгол Улсад чухал ач холбогдолтой асуудлаар урагш алхах замаа тодорхойлохын зэрэгцээ санал зөрөлдөөнтэй явж ирсэн олон асуудлаар шийдэл олсон. Улмаар “Оюу толгой” компанийн ТУЗ гүний уурхайн үйл ажиллагааг санал нэгтэйгээр эхлүүлэхийг зөвшөөрсөн. Оюу толгой бол дэлхийн хэмжээнд ус ашиглалт, дахин боловсруулалтын жишиг тогтоогч, Монголын 600 гаруй ханган нийлүүлэгчдийн дэмжлэгтэй, нийт ажилтных нь 96 хувийг монголчууд бүрдүүлсэн уурхай” гэж хэллээ. Мөн өнөөдрийн арга хэмжээ Монгол Улс олон улсын хөрөнгө оруулагчдыг өөртөө татаж, тэдэнтэй мөр зэрэгцэн ажиллаж, хамтын үнэ цэн бий болгон, амжилттай ажиллаж чаддаг орон гэдгийг дэлхий дахинд харуулсан үйл явдал боллоо гэдгийг онцоллоо.


Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийн тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдохоос гадна Монгол Улсын эдийн засаг болон улсын төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэнэ. Оюу толгой ХХК таван тэрбум орчим ам.долларын борлуулалт хийж, Монгол Улсад төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гурав дахин нэмэгдэж, жилийн 700 тэрбум төгрөгт хүрэх урьдчилсан тооцоолол гарчээ.
Гүний уурхайн тогтвортой олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт санхүүжилтийг Рио Тинто, Туркойс Хилл Ресурсес бүрэн хариуцна. Оюу толгойн ордын нийт нөөцийн 80 гаруй хувь нь газрын гүнд буюу гүний уурхайн хэсэгт байдаг. Оюу толгой ХХК гүний блокчлон олборлох аргаар үйл ажиллагаа явуулж байна.
Энэ өдөр Эрдэнэс Оюутолгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат Туркойс Хилл Ресурсес компанийн санхүү эрхэлсэн захирал Люк Колтон нар “Өрийг хүчингүй болгосон тухай болон одоогийн үлдэгдэл төлбөрийн тухай” батламжид гарын үсэг зурлаа. Ингэснээр Оюутолгой төсөл дэхь Монгол Улсын эзэмшлийн 34 хувьд ногдох 2,3 тэрбум ам.долларын өр бүрэн тэглэгдэж байна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.102] 2022-01-26 01:23:30

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн төрийн албан хаагч болон түүний хамаатан саданг одоо байг гэхэд тун удахгүй ард түмэн мартахгүйгээр нэхэл хатуутайгаар хуулийн хариуцлага хүлээлгэж хөрөнгийг хураах цаг мөч мөдхөн ирхэл болно ингэж байж улс орон хөгжиж ард түмэн улс орон ядууралаас гардаг хүн төрөлхөтний жам юм шүү Ард түмэн бид үнэний төлөө хойч ирээдүйн төлөө Бид дуу хоолойгоо нэгтгэх болно тэмцэх болно Намчирхал талцалаар улс орон хөгжиждгүй гэдэгийг олон 10 жил ард түмэн бидэнд яс маханд шингэтэл ойлгуулаа харин нам дагсан хэсэг бүлэг хүмүүс тэсэртэлээ баяжиж улс орон ард түмэнтэйгээ үгээгүй ядуур ч өрний хүүдий бололоо энэ бол африкийн араас орсон монголын эмэгнэл

Иргэн [24.148.9.217] 2022-01-25 14:43:26

Одоо үед Оюу толгой л биднийг бүрмөсөн дампуурч гаднын эрхшээлд орохоос аварч байгаа нь гарцаагүй үнэн.

Рмсёёч [66.181.161.53] 2022-01-25 09:55:36

Монгол Улсын Ерөнхий сайд, хүн гадаадын нэг компанийн шуналтай хүнтэй эх орныхоо нэг хэсгийг цөмлөж хаячихаад баярлаад байхийн!!!!!! Ээ чааваас даа! Улс эх орон, ард түмэнд. үнэхээр шудрагаар ашигтай бол хамаа алга л даа !

Зочин [202.21.109.33] 2022-01-25 07:13:46

Монголыг маань тэнгэрээс харж үзсэн байна.Одоо ард түмнийхээ амьдралыг дээшлүүлж,зээл нэрийдлээр улсын мөнгийг өөрийн юм шиг идэж уусан унаа байртай болсон нөхдийг шалгаж хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.

Molomdagva [66.181.161.35] 2022-01-25 09:56:12

Ok


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.