Туул голын эрэг дагуух 3.68 га талбайг тохижуулна

Aдмин / Нийгэм

Энэ жил Туул голын эрэг дагуух 3.68 га талбай болон Дугуй цагаан хүртэлх уулын алхалтын 35 га талбайг тохижуулах ажлыг эхлүүлнэ. Тодруулбал, Баянзүрх дүүрэг 11-р хорооны нутаг дэвсгэрт хамаарах Бага тэнгэрийн ам, Туул гол дагуух амралт зугаалгын цогцолборын тохижилтыг 3.68 га талбайд хийх юм.

Тохижилтын ажлын хүрээнд явган зам, талбай, дугуйн зам, дугуйн болон автомашины зогсоол, амфитеатр, үйлчилгээний талбай, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж зэрэг бүтээн байгуулалтыг хийнэ. “Туул гол дагуу амралт, зугаалгын цогцолбор” байгуулах үзэл баримтлал, загвар зураг боловсруулах уралдааны тэргүүн байранд шалгарсан бүтээлээр тохижилтын ажлыг хийх юм.

Бүтээн байгуулалтын ажилд “Эйч Ар Ви констракшн” ХХК шалгарсан бөгөөд одоогоор гэрээ байгуулах, эрх олгох үйл ажиллагааны шатанд явж байгааг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ.

Энэ мэтчилэн Туул гол дагуух таван байршлын нийт 48.88 га талбайг үе шаттай тохижуулан, иргэдийн амарч зугаалах орчин, нөхцөлийг сайжруулахад нийслэлийн удирдлагууд анхааран ажиллаж байна.

Мөн Богд уулын алхалтын замын тохижилтыг хийхээр гүйцэтгэгч компанийг шалгарууллаа. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хамаарах Ар Зайсангийн гудамжнаас Дугуй цагаан хүртэлх уулын алхалтын зам буюу нийт 35 га талбайн тохижилтын ажлын зураг төслийг өнгөрсөн оны наймдугаар сард баталсан. Мөн оны арванхоёрдугаар сард Ажлын зурагт магадлал хийсэн байдаг. Тэгвэл тус байршил дахь тохижилтын ажлын гүйцэтгэгчээр “Энигмаконстракшн” ХХК шалгарчээ. Уулын алхалтын замын тохижилтод ариун цэврийн түр байгууламж, тоглоомын талбай, амралтын цэг, худалдаа, үйлчилгээний талбай, авто зогсоол, хогийн цэг зэргийг байгуулна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар 2022 оныг “Иргэний жил” болгон зарласан. Үүний хүрээнд нийслэлийн иргэдийн амьдрах орчныг сайжруулж, эрүүл мэндийг анхаарах, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодит үр дүнтэй ажлуудыг санаачлан, шат дараатайгаар зохион байгуулахад нийслэлийн бүх шатны байгууллагууд анхааран ажиллана.


Сэтгэгдэл

davaadorj [192.82.75.58] 2022-04-29 07:22:51

duguin zamaasaa ehleed busad baiguulamjaa holboj hiivel sain bainaa,.

Зочин [43.242.242.24] 2022-04-29 04:53:36

Голын дагуу бүх газрыг улс хурааж авбал таарна. Туул гол руу орохын тулд хэн нэгний эзэмшлийн хашаа руу орно. Банзүрхийн товчооноос 22-ийн товчоо хүртэл Голын дагуу бүх газрыг чөлөөлмөөр байна. Засаг дарга аа. Голын ай сав газрыг эрх мэдэлтэй хүмүүс хашиж аваад байр барьж зарж байна, Баар байгуулж мөнгө олж байна. Ядаж Туул голоо ард иргэд очин салхинд гардаг газар болго л доо. Одоо барьсан барилгуудыг нураахыг нь нураагаад. нураахгүйүгээс нь маш өндөр татвар ав. Зайсан толгойго маань арай дэндүү барилга болгож байна. Хахууль авсан дарга нар уул, усаар маань тоглохоо болиочээ.

зочин [66.181.176.246] 2022-04-27 15:19:36

Ашгүй дээ гэж бодсон чинь ард иргэдийн амьдардаг газар биш харин дарга нарын амьдардаг газар тохижилт хийж асар их мөнгө угаах бололтой юм биш үү? Эгэл жирийн иргэдийн амьдардаг Хужирбулан, Улиастай, Яармаг мэтийн газар ийм тохижилтуудыг хийж болдоггүй юмуу? Заавал яагаад дарга нарын амьдардаг орчныг тохижуулах ёстой юм бэ? Ажлаа иргэд рүү чиглүүлээч ээ, ойртуулаач ээ. Эгэл жирийн иргэдийн хүүхдүүд гол дагуу тоглох, амрах, зугаалах эрхтэй биз дээ? Иргэдийн гараашийг хүртэл нурааж буулгаж өмч хөрөнгөөр нь хохироосоор байгаа биз дээ?


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.