ЯАРМАГ, I ХОРООЛЛЫГ ХОЛБОХ ГҮҮР ИРЭХ ОНЫ 11 ДҮГЭЭР САРД АШИГЛАЛТАД ОРНО

Aдмин / Нийслэл

Яармаг, I хорооллыг холбох гүүрийн ажил 36 хувьтай явж байна. Наадамчдын замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто зам, гүүрийн энэхүү ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьж байгаа бөгөөд ирэх жилийн арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар ажиллаж буйгаа гүйцэтгэгчид нь ярьж байлаа. Өчигдөр гүүрийн ажлын явцыг сонирхохоор барилгын талбайд буюу Туул гол дээр очсон юм. Энэ төслийн гүйцэтгэгчээр “Мотор сервис”, “Тэргүүн саруул зам”, “Туулын гүүр далай” ХХК-иуд ажиллаж байна. Нэгдүгээр хэсэг буюу гүүрний барилгын ажлыг Яармаг талаас “Мотор сервис”, нэгдүгээр хороолол талаас “Тэргүүн саруул зам” компани гүйцэтгэж байгаа бөгөөд суурь, өрмийн ажлаа хоёр талаасаа хийгээд дундаа уулзсан маягтай ажил нь жигдэрчээ. Энэ гүүр ашиглалтад орсноор Яармагийн түгжрэл 50 хүртэлх хувиар буурах тооцоолол гарсан. Төслийн хүрээнд гурван хэсэг гүүр баригдах юм байна.

Эхний гүүр нь 37 метр. Энэ нь Туул голын салаа дээр баригдаж байна. Дараагийнх нь 391 метр. Ийм уртаараа уг гүүр Монголын хамгийн урт гүүрний хоёрдугаарт бичигдэнэ гэсэн үг. Гурав дахь гүүр нь 55 метр. Дунд гол дээр баригдана. Яармаг, I хорооллыг холбосон энэ гүүр манайдаа анхны зургаан эгнээтэй, дөрвөн өнцөгт амрах тавцантай, хоёр талдаа явган хүний замтай, 32 метр өргөнтэй байх нь.

Өнгөрсөн аравдугаар сард “Мотор сервис” компанийн захирал Д.Доржбат “Гэрээг тавдугаар сарын 20-нд байгуулж, ажил есдүгээр сарын 5-нд эхэлсэн. Эхний гүүрний шон, суурь, өрөмдлөгийн ажил дууссан. Үлдсэн хоёр гүүрний ажил мөн өндөр хувьтай явж байна. Энэ жилдээ суурь, бүтцийн ажлыг бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.

Бүтээн байгуулалтын явцад материалын асуудал, цементийн үнийн өсөлт зэрэг хүндрэлтэй байна. 2023 онд зөвхөн гүүрний ажил дуусна. Нийт авто замын ажил үе шаттай үргэлжлэх юм” хэмээн ярьж байсан. Түүний ярьсны дагуу суурь, бүтцийн ажил нь дуусч, барилгын ажилчид, бригад, туслан гүйцэтгэгчид ажлаасаа бууж, техникээ татаж буйтай нь таарсан юм. Агаарын хэм хотод хасах 15 хэм зааж байсан ч гол дээр, голын жавар тачигнаж байлаа. Энд тэндгүй техникүүд ажиллаж, ажилчид жаврыг эс тоон ажлаа нугалцгаана. Малгай нэвт жиндэж, чих, хацар жаварт хайруулж, бээлийтэй ч гар бээрч байхад гүүрийн ажилчид улаа бутруулан хүйтэн, жаврыг эс тооцгооно. “Энэ ч гайгүй ээ. Харин ч дулаахан өдөр байна. Эртээдийн айхавтар хүйтэн өдрүүдийг л хүйтэн гэнэ.

Бид хүйтэнд, Туулынхаа жаварт ажиллаад бүр сурчихжээ” гэцгээлээ. Зам гүүрийн хоёр компани ямар ч байсан хоёр талаасаа суурь, бүтцийн ажлаа хийгээд гол дээр дундаа уулзсанаар өвлийн ажлаа дуусгаж, хавар хүртэл ажлаасаа бууж байгаа нь энэ. Цаг агаарын байдлаа анзаарч байгаад нэгдүгээр сарын сүүл, хоёрдугаар сарын эхээр буюу аль болох эртхэн шиг ажлаа эхлүүлчих санаатай байгаа аж.


ИНЖЕНЕР С.ОЮУН-ЭРДЭНЭ: ГҮҮРИЙН НИЙТ УРТ 400 МЕТР


“Мотор сервис” компанийн гүүрийн инженер С.Оюун-Эрдэнэтэй уулзаж ярилцлаа.


-Гүүрний ажлын явцхэдэн хувьтай явж байна?

-Одоогийн байдлаар ажил ерөнхийдөө 36 хувьтай явж байна. 25 метрийн гүнтэй суурийн өрөмдлөгийн ажил хийдэг. Тэр ажлаа 100 хувь дуусгачихаад байж байна.

-Дизель түлш, цементийн хомсдол гээд асуудал их байгаа ч богино хугацаанд ажлаа 36 хувьд хүргэнэ гэдэг маш сайн менежмэнт хийжээ гэж харж болохоор байна?

-Ажлаа зогсоохгүйн тулд шаардлагатай материалаа зах зээлийн ханшаар нь худалдан авч ажиллаж байна.

-Энэ гүүр Яармагаас эхлээд Нэгдүгээр хороололтой холбогдоно гэсэн. Нэгдүгээр хорооллын аль орчимд очно гэсэн үг үү?

-Хархорины тэнд 32 гэж байдаг даа. Тэнд очно.

-Зам, гүүрийн нийт урт нь хэд вэ?

-Нийт урт нь 780 метр. Гүүр нь 400 метр.

-Ямар хийцлэлтэй гүүр вэ?

-Төмөр бетон гүүр. Сүүлийн үеийн гүүрнүүд суурь сайтай, суулт өгдөггүй, олон жилийн турш ачаалал даадаг сайн чанартай болсон. Тэр стандартаар л баригдаж байгаа гүүр.

-Туул гол бол өргөн ай савтай. Гүүр барихад ямар онцлогтой гол байх юм?

-Том гол, урсац ихтэй. Ажил явуулахад нэлээд хүндрэлтэй ч манайх мэргэжлийн компани учир голынхоо онцлогийг судалж, ямар үед үертэй байх уу, ямар үед үер нь татрах вэ, хэзээ гүн хөлдөх вэ гээд бүгдийг нарийн тооцоолж, түүнийхээ дагуу ажлаа гүйцэтгэж байна даа. Нарийн технологиудыг нь яривал нэлээд мэргэжлийн нэршил, нэр томьёо ярих болох нь ээ.

-Өнгөрсөн шөнө та бүхэн ажиллажээ. Өрмийн ажлыг шөнө хийдэг байх нь дээ?

-Хөлдөлтийн гүн 2-3 метр. Манайх сууриа 25 метрийн гүнд өрөмдөж байгаа болохоор өглөө, өдөр бетон хөлдөөд чанаргүй болох вий гэсэн айдас байхгүй. Таван метр өндөр шороо өндөрлөж байгаад бетоноо авч байгаа. Тэгэхээр хөлдөлтийн гүнээс доош бетоноо авч байгаа гэсэн үг. Ийм учраас чанарын хувьд асуудал гарахгүй. Шөнө нь таван метр шорооныхоо гүнд зориулалтын тусгай хэрэгсэл суулгаад бэлдчихдэг. Өглөөний нарнаар өрөмдлөгөө хийгээд бетоноо аваад явчихдаг. Өвлийн улиралд бетоноо ямар технологиор авдаг вэ, тэр технологийн дагуу ажлаа гүйцэтгэж байгаа.

-Энэ гүүр маш их хүлээлттэй байна. Ашиглалтад орсноор Улаанбаатар хотын замын түгжрэл, бөглөрлийг мэдэгдэхүйц бууруулна гэж үзэж байгаа болохоор нийслэлчүүд бараг бүгд шахуу л энэ гүүрийг сонирхож байгаа байх?

-Энэ хавиар явж байгаа хүмүүс, хажуугаар өнгөрч байгаа хүн болгон л асуудаг юм “Яаж байна, ажил хэр явж байна. Хэзээ дуусах вэ, хугацаандаа орох уу, санхүүжилт нь болж байгаа юм уу, болохгүй байгаа юм уу” гэж.

-Ашиглалтад өгөх хугацаа нь хэзээ вэ?

-2023 оны 11 дүгээр сар.

-Ямар гоё юм бэ?

-Ирэх жилжингээ л бид гүүрээ барина даа. Гүүр, замыг нь барьж буй компани хүн хүч, техник хангалттай, мэргэжилтэй боловсон хүчнүүд нь бэлэн байна. Одоо гол нь санхүүжилтийн асуудал л доголдохгүй явах. Санхүүжилт л асуудалгүй бол дээрх хугацаандаа ашиглалтад оруулж чадна.

-Та хэдэн настай вэ?

-34-тэй.

-Залуу хүний хувьд ийм том бүтээн байгуулалтад гар бие оролцож, гүүрний ажлыг нь хариуцаж байгаад тань баяр хүргэе?

-Баярлалаа. Бахархах сэтгэл төрдөг. Насаараа л энэ гүүрэн дээгүүр явна шүү дээ. Миний үр хүүхэд, ач зээ нар явна. Ах дүүс маань явна. Хотын том асуудлыг шийдэх гүүр болж байгаа учраас олон нийт их анхаарал хандуулж байна. Тэр хэрээр маш их хариуцлага үүрч, ажлаа хийж байна даа.


Сэтгэгдэл

ЗОЧИН [122.201.21.152] 2022-12-11 20:24:24

1 ХОРООЛЛЫН 32 ОРЧИМ БОЛ БАЙНГЫН ТҮГЖРЭЛТЭЙ Ш ДЭЭ. ОДООНООС ОГТОЛЦОХГҮЙ ГҮҮРЭН ГАРЦАА БАРИХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ. БАС БААХАН ТҮГЖРЭЛ БОЛОХ НЭ ДЭЭ.

irgen [202.55.188.113] 2022-12-09 11:18:14

bayar hurgei

Бат [202.9.46.53] 2022-12-09 10:12:47

Баяр хүргэе. Улам хичээгээрэй


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.