Нийтийн эзэмшлийн зам, талбай дахь өнгө үзэмжгүй хүлэмжүүдийг буулгалаа
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 28 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 97 хувьтай байлаа. Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хот, нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын машин, тоног, төхөөрөмжийн бэлэн байдлыг шалгаж, нарийвчилсан тоон судалгааг яаралтай танилцуулахыг үүрэг болгосон. Хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын тусгай зориулалтын автомашин, техникийн 298 буюу 70.3 хувь нь хэвийн ажиллагаатай, 126 буюу 29.7 хувь нь эвдрэлтэй байгааг засварлах шаардлагатай. Зам цэвэрлэгээ, үйлчилгээний автомашин, техникийн 210 буюу 91.3 хувь нь хэвийн ажиллагаатай, 20 буюу 8.7 хувь нь эвдрэлтэй байна. Нийслэлийн хэмжээнд үерийн ус зайлуулах, далан, суваг, шуудууг хүчитгэх ажлын зураг төсөв боловсруулсан. Нийт 15 байршилд 270 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай судалгаа гарчээ.
Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн асалтад хяналт тавьж, шалгах үүрэг өгсөн. УБЗАА-тай гэрээтэй 10 байгууллагад хамаарах 21,838 гэрэл байгаагаас 351 гэрэл асахгүй байна. Дүүргүүдтэй гэрээтэй 11 байгууллага байгаагаас 494 гэрэлтүүлэг асахгүй байгаа юм. Улсын комисс хүлээж аваагүй гэх шалтгаантай 30 байршилд 2448 гэрэлтүүлэг асахгүй байна.
Мөн авто замын нэгдүгээр эгнээний зам дагуу газраа зориулалтын бусаар ашиглаж, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд газрын зөрчил арилгах мэдэгдэл хүргүүлсэн ажлын хэрэгжилтийг шалгаж, танилцуулах үүрэг өгсөн. Нийслэлийн хэмжээнд 370 байршилд зөрчилтэй үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж байна. Үүнээс илүү талбай хашаалсан 85, зориулалт бусаар үйл ажиллагаа явуулж байгаа 119, үйл ажиллагаа явуулахгүй байгаа 76, зөвшөөрөлгүй ТҮЦ, контейнер байршуулсан 44, төмөр цуглуулах цэгээр ашиглаж байгаа 20, машин угаалгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа дөрөв, дугуй засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 22 байршил байгаа юм. Эдгээрээс 294 байгууллагад шаардах хуудас албан чигээр хүргүүлж, 92 байгууллагад мэдэгдэл хүргүүлжээ.
32-ын тойргоос хойшоо нийтийн эзэмшлийн зам, талбай дээр байгаа өнгө үзэмжгүй хүлэмжүүдийг буулгах ажлыг зохион байгуулахыг даалгасан. Энэ хүрээнд УБЗАА-наас Сүхбаатар дүүрэгтэй хамтран нийтийн эзэмшлийн зам, талбай дээрх өнгө үзэмжгүй 12 хүлэмжийг буулган ажиллалаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл