Ес дэх удаагийн парламентын сонгуулийн сурталчилгаа эхэллээ

Aдмин / Улстөр

УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт эхлэхэд 17 хоногийн хугацаа үлдлээ. СЕХ-ноос өчигдөр нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авч, хуульд заасан хугацаанд сурталчилгаагаа эхлүүлэв. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ 126 гишүүнтэй болж, 78-ыг нь тойргоос, 48-ыг нь жагсаалтаас сонгохоор болсон нь ес дэх удаагийн парламентын сонгуулийн онцлог юм. 19 нам, хоёр эвсэл, бие даагч нар гээд 1336 нэр дэвшигч 126 суудлын төлөө өрсөлдөхөөр гараанаас гарлаа. Улс төрийн намуудын сонгуулийн сурталчилгааны мэдээллээс тоймлон хүргэж байна.

МАН: Ард түмний ялалт

МАН-ын сонгуулийн сурталчилгааны нээлтэд нэр дэвшигчид, намын гишүүд, дэмжигчид, ахмад, залуусын төлөөлөл оролцов. Сурталчилгааны нээлтийн үеэр МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Тэрээр “Өнгөрсөн 30 жилийн амжилт бүтээл, алдаа оноог түүх болгон үлдээж, нийгмийн салбарын дуу хоолой, иргэдийн идэвхтэй оролцоо бүхий шинэ парламентын эрин үеийг та бид хамтдаа энэ сонгуулиар эхлүүлж байна. Ирэх дөрвөн жилд хот хөдөөгийн сэргэлт, бүсчилсэн хөгжлийн реформд илүүтэй анхаарч ажиллах болно. Энэ ч утгаараа МАН-ын жагсаалтын тэргүүнд хот төлөвлөгч, мэргэшсэн архитектур, хот байгуулалтын доктор, Ази, Латин Америкийн 10 гаруй улсын хот төлөвлөлтийн төсөлд зөвлөхөөр ажилласан шилдэг залуу мэргэжилтэн Г.Лувсанжамцыг урьсан юм. Түүнчлэн жагсаалтад мэргэжлийн экспертүүд, салбар салбарын төлөөлөл орох нь зөв үү, эсвэл улстөрчид нь өөрсдөө өрсөлдөх хуучин жишиг хэвээр үргэлжлэх үү гэдгийг шийдвэрлэх улс төрийн шинэ соёл тогтох сонголт байх болно. Энэ сонгуулиар ард түмний ялалт байх болно” гэв.

ХҮН: Өөрчилнө, цаг нь болсон

ХҮН сурталчилгаагаа УДЭТ-ын өмнөх талбайд нээж, тус намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд үг хэлэв. Тэрээр "Сонголттой сонгуулийг ХҮН нам авч ирж байна. Монголын түүхэнд хоёр намын тогтолцоотой байсан бол сүүлийн 10 жилийн хугацаанд нэг намын тогтолцоотой болсон байна. Цаашид нэг хүний дарангуйлал руу орох эгзэгтэй цаг мөч байгаа юм. Иймээс бид Монгол Улсын ардчилалыг хамгаалахын тулд, тусгаар тогтнолоо бэхжүүлэхийн тулд парламентын ардчилалыг хөгжүүлэхийн тулд ХҮН нам нэрээ дэвшүүлж иргэдийнхээ итгэлийг сэргээж, нүдний гал нь унтарсан ирээдүйдээ итгэлгүй болсон залуучууд, үр хүүхдийнхээ ирээдүйд санаа зовж буй ахмадуудынхаа асуудлыг шийдэхийн тулд бид нээлтээ хийгээд сонгуульд оролцож байна. Сонгуульд оролцохдоо бид хэн нэгнийг харлуулахгүй. Харин стресс бухимдалтай нийгэмд гэрэл гэгээ авчирна, бодлогоор өрсөлдөнө. Популист хийхгүй” гэлээ. ХҮН-ын нэр дэвшигчдийн 54 хувь эрэгтэй, 46 хувь нь эмэгтэй байна. Нийт нэр дэвшигчдийн 70 хувь нь баруунд боловсрол эзэмшсэн, 30 хувь нь бакалавр буюу эмч багш, инженер эдийн засагч зэрэг салбар бүрийн мэргэжилтнүүд багтсан байна. Энэ удаагийн сонгуульд тус нам “Өөрчилнө, цаг нь болсон” уриатайгаар оролцож байгаа юм.

Үндэсний эвсэл-Үндэстнээрээ баяжъя

“Үндэсний Эвсэл”-ийн сонгуулийн сурталчилгааны нээлт “Corporate” зочид буудалд боллоо. "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр "Залуучууд чанаргүй боловсролын системийн хохирогч, хөдөлмөр нь үнэлэгддэггүй хөлсний боол байхыг хүсэхгүй учраас гадагшаа зугтаасан ийм л эмгэнэлт дүр зураг хэвийн үзэгдэл болжээ. Ийнхүү авлига гаарч, намчид баяжиж нийгэм ядуурч төрт ёс ардчилал, хүний эрх, хууль, шударга ёс намчдын дор гишгэгдэж нийгэм айдас, дарангуйлалд автаж намчид нийгмийг бүхэлд нь сэхээнд оруулж намчид л дангаар ноёрхох тогтолцоо руу маш хурдацтай гулсан орж байна. Тиймээс бид хөгжлийн галыг бадраах цаг нь болсон. Одоо л зөв сонголт хийхгүй бол хэтэрхий оройтно. "Үндэсний эвсэл" элэг нэгт монголчуудынхаа амьдралыг намчдаас Монгол төрийг эрхзүйн болон эдийн засгийн зөв аргаар салгаж, эрүүлжүүлж, эх орныхоо язгуур эрх ашгийг эрэмбэлдэг, ажилдаа эх оронч сэтгэлтэй, эрч хүчтэйгээр ханддаг, цөхөрч ядарсныг өмөөрч хамгаалдаг, дуугарч чадахгүйн өмнөөс дуугарч, тэмцэж чадахгүйн өмнөөс тэмцэнэ" гэв. Тус эвсэл Монголоо сэргээн цогцлоох Солийн Данзангийн үндэсний ардчилсан үзлийг удирдлага болгон "Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, үндэстнээрээ баяжъя уриатай"-гаар сонгуульд оролцож байгаа юм.

ИЗНН: Зоригтой бай

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд 19 нам, хоёр эвсэл оролцож байгаа нь хамгийн олон нам, эвсэл сонгуульд оролцож буй тохиолдол болж байна. Эдгээр нам, эвслийн нэг нь ардчиллын алтан хараацай С.Зориг агсны үзэл санааг тээгч Иргэний Зориг Ногоон нам. Иргэний Зориг Ногоон нам энэ сонгуульд “Зоригтой бай” уриатайгаар оролцож байна. Энэ сонгуульд ИЗНН-ыг тус намын дарга, УИХ-ын гишүүн асан Батын Батбаатар манлайлан оролцож байна.ИЗНН-аас нэр дэвшигчдийн тухайд философич, олон нийтийн сэхээтэн доктор С.Молор-Эрдэнэ, инфлүүзер М.Нарантуяа-Нара, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, хүний эрхийн тэмцэгч доктор С.Шаарийбуу, эдийн засагч, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Т.Бат-Эрдэнэ, малчдын төлөөлөл болж “Монголын малчдын холбоо”-ны тэргүүн Э.Пүрэвсүрэн, төрийн шагналт, зураач Ц.Энхжин, “Шарк Танк” хөрөнгө оруулалтын нэвтрүүлгийн ялагч, “Тэгш булан” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Батбилэг, эдийн засагч, бизнесийн удирдлагаар мэргэшсэн С.Замира, “Баялагтаа эзэн” ТББ-ын тэргүүн Г.Хажидмаа нарын 70 гаруй хүнийг нэр дэвшүүлжээ. ИЗНН бусад намуудаас онцлогтой нь нэр дэвшигчдийн 40 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа нь улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмжсэн алхам болжээ. ИЗНН Монголын улс төрд өөрчлөлт шинэчлэлт хийх ЗОРИГ-той байцгаая хэмээн уриалж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [31.32.212.183] 2024-06-11 21:32:43

Molorerdene,dyychin Nara,ene hoyor byyr hereggyi ee!!Mongol ylas songyylid orolzoh hymyysiin toogooroo baga ch egeel ene hoyor sig malnuudaar yah gej?...............

zochin [202.72.245.121] 2024-06-11 14:20:20

Oyun Erdene bolon tuunii nuhdiig demjine ee. AMJILT

Бодоо [66.181.186.244] 2024-06-11 13:37:01

Сонгуулиас болж монгол улс минь солонгын 7 өнгөнд хуваагдлаа суртчилгаа нь хэтрээд албан тушаалын төлөө юу ч хийж мэдэх хүмүүсийн арганд ороод ард түмэн минь солиорчих вий дээ бурхан минь


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.