УИХ-ын гишүүний зөвлөх, туслахууд болон УИХ дахь намын бүлгүүдийн ажлын албаныханд зориулсан сургалт болов

Aдмин / Нийгэм

Ес дэх удаагийн сонгуулиар сонгогдсон УИХ-ын гишүүний зөвлөх, туслахууд болон УИХ дахь намын бүлгүүдийн ажлын албаны ажилтнуудад зориулсан сургалтыг УИХ-ын Тамгын газраас өчигдөр /2024.09.16/ зохион байгууллаа. Энэхүү сургалт нь УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслахууд, намын бүлгийн ажилтнуудад чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь шаардлагатай мэдлэг, мэдээлэл олгож, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж УИХ-ын Тамгын газрын бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийн талаар дэлгэрэнгүй танилцуулснаар сургалт эхэлж, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан төрийн албан хаагчид тавигдах шаардлага, ёс зүй, улс төрийн албан тушаалтны онцлог, анхаарах асуудлын талаар, Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэр, авилга, ашиг сонирхлын зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийсэн.

зураг

Мөн УИХ-ын Тамгын газрын холбогдох албан тушаалтнууд УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд үзүүлэх дэмжлэг, УИХ-ын хянан шалгах үйл ажиллагааны болон төсөвт тавих хяналтын хэлбэр, гадаад харилцаа, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах үйл ажиллагаа, иргэд олон нийттэй харилцахдаа баримтлах зарчим, хуралдаан зохион байгуулах хэлтсийн чиг үүргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Тухайлбал, УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур хуулийн төсөл боловсруулахаас эхлээд эцэслэн батлах үе шат хүртэлх үйл ажиллагааны талаар, Тамгын газрын дэд дарга Э.Лхагва хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах үйл ажиллагаа, анхаарах асуудлын талаар танилцуулга хийсэн.

Сургалтад оролцогчид Улсын Их Хурлын хянан шалгах үйл ажиллагааны хэлбэр, тодорхой асуудлыг шалган судалж санал, дүгнэлт гаргах, хэрэгжүүлэх талаарх аргачлал, зөвлөмж авч, Гадаад харилцааны газартай хэрхэн харилцаж үйлчилгээ авах, Хуралдаан зохион байгуулах хэлтсийн чиг үүргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан юм.

Сургалт Төрийн ордны хамгаалалт, түүнд тавигдах шаардлага, ажлын байрны аюулгүй байдлыг хангахад анхаарах асуудлууд, хууль тогтоох байгууллагын цахим системүүд, тэдгээрийг ашиглах, баримт бичиг боловсруулах арга зүй, зөвлөмж, Төрийн болон албаны нууцын ашиглалт, хадгалалт, хамгаалалтын талаар анхаарах зарим асуудал зэрэг сэдвээр үргэлжилсэн. Эцэст нь сургалтад оролцогчид мэдээлэл өгсөн албан тушаалтнуудаас асуулт асууж, мэдээлэл солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [139.5.217.133] 2024-09-17 14:04:00

Монгол шиг ийм жижигхэн улад ийм олон парламентчүүд бас дээр тэдний туслах гээд ер сайдуудад,ерөнхийлөгчид гээд татвар төлөгчдийн мөнгөөр үр бүтээлтэй ажилгүй баахан хүмүүсийн тухайн намынхны цуглуулгын газар болгох шаардлага байхгүйл баймаар санагдана,байлгавал цөөн тооны олон чиглэл хариуцах чадвартай хүмүүс байлгамаар бодогдох юм,арайл орон тоо нүсэрдээд байна,ер нь яам,агентлаг,салбар бүрт л нэг их ач холбогдолгүй давхардсан сул орон тоо бөглөгчид их байна,цөөлж цомхотгомоор.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.