Мал аж ахуйн салбарын тогтвортой өсөлтийг хангах жишиг төслийг НҮБ-тай хамтран хэрэгжүүлнэ
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр (2024.09.23) НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзан, хөдөө аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангах, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөдөлгөөнийг үр дүнтэй хэрэгжүүлэх асуудлаар санал солилцлоо.
Өнгөрсөн өвөл Монголд сүүлийн 40 жил тохиогоогүй төмөр зуд болсны улмаас 9 сая гаруй толгой мал зүй бусаар хорогдсон нь мал аж ахуйн салбарт төдийгүй нийгэм, эдийн засагт багагүй гарз хохирол учруулсан. Мэргэжлийн байгууллагуудаас гаргасан Гангийн болон Зудын эрсдэлийн үнэлгээгээр энэ жил ч цаг хатуу орох магадлал их байгаа тул нүүдлийн мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг дээшлүүлэх шаардлагатай байгааг Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан онцоллоо.
НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра “Өнгөрсөн жилийн зуднаар Та бид хамтдаа хөдөөгүүр явсан. Нөхцөл байдал үнэхээр хүнд байсан. Гэхдээ Монгол Улсын Засгийн газар, УОК-оос шаардлагатай арга хэмжээг харьцангуй эрт буюу намраас эхэлж авч хэрэгжүүлсний үр дүнд бидний тооцоолсноос харьцангуй бага хохирол учирсан. Гэвч цаашид бүх төрлийн гамшгийн эрсдэлд танай хөдөө аж ахуйн салбар, малчид байнгын бэлэн байдалд байхаас өөр аргагүй. Малчид хот айлаараа нэгдэж хоршин, хашаа хороогоо дулаалах, худаг ус гаргах, тэжээлээ өөрсдөө тарихын зэрэгцээ малаа эрүүлжүүлэх, ашиг шимийг нь нэмэгдүүлэх, түүхий эдийн үнэ цэнийг өсгөх зэргээр малчдыг тогтмол ашиг орлоготой байлгах тал дээр НҮБ-ын зүгээс бүх талаар дэмжин, жишиг төслийг хэрэгжүүлэхэд бэлэн” хэмээв.
Сэтгэгдэл
zochin [64.119.31.179] 2024-09-24 11:53:10
Mash baga zuil hiine hudlaa baahan yarina.
Зочин [192.82.92.153] 2024-09-24 08:36:30
малаа өсгөхийг гаднын хүнээр заалгах болж дээ