Америкийн автомашинуудад Хятадын технологийг ашиглахыг хориглоно

Aдмин / Нийгэм

Аюулгүй байдлын эрсдэлийг харгалзан Хятад, Орост үйлдвэрлэсэн зарим техник хангамж, программ хангамжийг АНУ дахь автомашин, ачааны машин, автобуснуудад ашиглахыг хориглохоор төлөвлөж байна.

Автомат жолоодлого, автомашиныг бусад сүлжээнд холбодог технологи нь “Америкийн зам дээр зорчиж буй машинуудыг алсаас удирдах боломжийг дайсанд олгож магадгүй" хэмээн болгоомжилж байгаагаа албаны төлөөлөгчид илэрхийлжээ. Одоогоор Америкийн автомашинуудад Хятад, Орост үйлдвэрлэсэн программ хангамжийг ашиглаж буй тохиолдол цөөн байгаа юм.

Харин Худалдааны сайд Жина Раймондо энэхүү төлөвлөгөөг АНУ-ыг хамгаалах “зорилтот, идэвхтэй” алхам гэж тодорхойлжээ. “Өдгөө автомашинууд камер, микрофон, байршил тогтоох төхөөрөмж болон интернэтэд холбогддог бусад технологитой болсон. Иймээс мэдээлэлд нэвтрэх боломжтой гадаадын дайсан манай үндэсний аюулгүй байдал болон АНУ-ын иргэдийн хувийн нууцад хэрхэн ноцтой эрсдэл учруулж болохыг ойлгож ухаарахад тулд тийм ч их ухаан шаардлагагүй” гэж тэрбээр хэлсэн байна.

Харин Хятадын эрх баригчид мэдэгдэхдээ, Хятадын компаниудыг шударга бусаар онилохын тулд АНУ “үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаа” өргөжүүлж байна гэжээ. “АНУ-ын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг өргөжүүлэн Хятадын компаниудын эсрэг явуулж буй ялгаварлан гадуурхах ажиллагааг Хятад улс эсэргүүцэж байна” гэж Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лин Жиан мэдэгдсэн байна. "Зах зээлийн зарчмыг хүндэтгэж, Хятадын аж ахуйн нэгжүүдэд нээлттэй, шударга, ил тод, ялгаварлан гадуурхалгүй бизнесийн орчныг бүрдүүлэхийг АНУ-ын талд уриалж байна” гэж тэрбээр хэлжээ.

Техник хангамж, программ хангамжийг хориглох гэж байгаа нь автомашины нийлүүлэлтийн сүлжээнд Хятадын оролцоог хязгаарлах зорилгоор Цагаан ордноос гаргасан хамгийн сүүлийн үеийн шийдвэр болж байна. Цагаан ордон мөн цахилгаан машин, цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэг хураагуур болон бусад төрлийн бараа бүтээгдэхүүний татварыг өсгөсөн юм. Мөн кибер аюулгүй байдлын эрсдэлийн талаар анхааруулж, Хятадад үйлдвэрлэсэн ачааны краныг импортлохыг хоригложээ.

АНУ-ын эрх баригчид интернэтэд холбогддог автомашинуудын кибер эрсдэлийг хоёрдугаар сараас судалж эхэлсэн байна. Программ хангамжийн хориг нь 2027 оноос хэрэгжиж эхлэх бол техник хангамжтай холбоотой хориг үүнээс гурван жилийн дараа хүчин төгөлдөр болох төлөвтэй байна. Энэ нь аж үйлдвэрийн салбарынханд нийлүүлэлтийн сүлжээгээ шинэчлэхэд цаг хугацаа олгох зорилготой ажээ.


Сэтгэгдэл

Хүүр [139.5.217.180] 2024-09-27 16:10:14

Хятадын аюул улам д хүчтэй болсоор…манайхаас бусад улсууд уг аюулаас өөрийн улсаа хамгаалах арга авч байгаа нь тун ч зөв ажил юмаа…

Зочин [47.84.89.102] 2024-09-25 12:06:55

Улс орнууд өөрсдийн аж ахуйн нэгжид ингэж боломж олгодог. Гэтэл манайх махтай байж гаднаас мах хиам оруулна. Гурилтай байж гаднаас гялгар ууттай печень, гурилан идэх юм оруулж байх жишээтэй. Гэхдээ эх орон минь хамгийн сайхан

Зочин [59.153.113.241] 2024-09-24 22:34:55

Америкчууд сүүдрээсээ хүртэл айдаг юм уу? Аль эсвэл муу улсаасаа ямар нэг шалтаг шалтгаан гох дэгээ өө хайгаад байдаг улс.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.