ХАРИУЦЛАГА:  Он гарсаар 55 хүн  усанд осолдож амиа алдаад байна

Б.БУРМАА / Шинжлэх Ухаан

Онцгой байдлын ерөнхий газраас өчигдөр мэдээлэл хийж аймшигтай тоон мэдээллийг олон нийтэд зарлав. Тодруулбал баяр наадмын таван хоногийн хугацаанд хүчтэй аадар бороо ихэнх нутгаар орж, голуудын усны түвшин нэмэгдсэний улмаар амарч зугаалж явсан 15 хүн гол усанд осолдож амь насаа алджээ. Үнэхээр харамсалтай.

Тухайлбал Булган аймгийн Орхон суманд 17,18 настай эрэгтэй, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум, Мөрөн голын усанд 46 настай эрэгтэй, Сэлэнгэ аймгийн Шаамар суманд 48 настай эрэгтэй голд осолджээ. Мөн Сэлэнгэ аймгийн Орхон суманд зургаан настай хүүхэд гол усанд осолдсон байна. Голд осолдсон 15 хүний 12 нь насанд хүрэгчид бол гурав нь бага насны хүүхэд байв. Эцэг эхчүүдийн хараа хяналт сул байгаагаас хүүхэд гол усанд осолдож амь насаа алдаж байгааг албаныхан анхааруулсаар байдаг ч жилийн жилд ам насаараа дэнчин тавьсаар байна.

-ТЭДНИЙ 47 НЬ ТОМ ХҮН, НАЙМ НЬ ХҮҮХЭД БАЙЖЭЭ-

image

Дээрх 15 гэсэн тоо бол зөвхөн баяр наадмын тав хоногийн хугацаанд осолдож амиа алдсан хүний тоо. Харин улсын хэмжээнд он гарсаар долдугаар сарын 16-ны өдрийн байдлаар 13 аймгийн 27 сум, нийслэлийн таван дүүрэгт нийт 64 удаагийн усны осол гарч, 55 хүн амь насаа алдсан байна. Үүний 47 нь том хүн, найм нь хүүхэд байгаа юм.

Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй гэдгийг ухаарах цаг болжээ. Ойрын өдрүүдэд ч ихэнх нутгаар хур бороо элбэгтэй байх нь.

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай бороо орно.

Борооны өмнө зарим газраар салхи түр зуур 14-16 м/с хүрч ширүүснэ. 18-наас ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 21-26 градус дулаан байх төлөвтэй байна.

Иймд:

Голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх,

Хөдөө орон нутгийг зорих иргэд бэлтгэл бэлэн байдлаа сайн хангаж, замд гарах,

Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа өндөр сонор сэрэмжтэй байх,

Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,

Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, ялангуяа хүүхдүүд янз бүрийн хийлдэг завь, хийлдэг гудастай усанд орж эргээсээ холддог, энэ нь усанд осолдох шалтгаан болж байна.

Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдэх учраас баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж үер усны аюул болон усны ослоос урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.


Сэтгэгдэл

Зочин [202.131.227.178] 2019-07-17 05:00:44

амиа арчилж чадахгүй байж нээг их төрийн албаны бандаашууд байсан биз ээ.

Зочин [202.126.89.169] 2019-07-17 04:38:40

ухаармаар юмдаа


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.