Монголын уянгын сод найрагч Гомбын Сэр-Од

Л.Батцэнгэл / Энтертайнмент

Хорьдугаар зууны Монголын уран зохиолын сод гайхамшигт төлөөлөгч, уянгын их түүчээ яруу найрагч Гомбын Сэр-Од Сэлэнгэ аймгийн Арбаянгол сумын нутагт 1917 онд малчин айлд мэндэлсэн байдаг. Ухаан суух гэнэхэн хонгор насандаа эцгээс өнчирч, хайрт эх Дэжидийн асрамжид мөчиг тачигхан аж төрж, Хараагийн Дара эх ламын хийд бараадан Бадма Ёго дацангийн сүргийг адгуулж бор өнгөрөөж байсан гэдэг. Бичиж туурвисан өв цөөтэй ч гайхамшигт найргийнхаа шидээр Монголын үгийн урлагийнхны сартваахь болон цэл залуугаараа мөнхөрсөн Г.Сэр-Од нэгэнтээ “Цагийн байдал тайвангүй, гамингийн үймээн ширүүн байв. Эхийн төрсөн дүү Гомбо ямар сайндаа “Бид дүрвэж зайлъя. Энэ улаан нярай амьтныг яадаг билээ. Амь дүйж гарахад энэ мэт өөдөсхөн юмнууд тээг болж мэдэх тул хар нутаг дээр хаяад явъя. Аз тохиож хүн олж авбал тэр биз” гэхэд эх нь найм хүрсэн үрээ айлд орхиж, балчир намайг тэврэн Хараагаас хойшхи ууланд бүгэхээр гарсан юм билээ” гэж гашуухан дурссан байдаг. Хар хятадын дарангуйлал хэтийдсэн тэр цэвүүн цагт улаан нялзрай балчраа хайрт эх нь буурин дээрээ орхин одсон бол монгол найргийн нэгэн тод од уянгын тэнгэртээ гялалзахгүй бөхөж ч мэдэх учир битүүлэг хувь тавилан тосох байжээ.

Багын сэргэлэн Г.Сэр-Од хүү бичиг үсэгт суралцан мэрийж сумын бага сургууль төгсөөд, Багшийн сургуульд суралцан, хэвлэлийн хороонд хянагч хийж байгаад Дорнод аймагт багшлахаар явсан тун чиг богинохон намтартай хүн. Түүний багш, ахмад зохиолч Ц.Цэдэнжав “Намайг Рабфакийн бэлтгэл ангид 1937 онд багшилж байхад данхар толгойтой, дуу цөөтэй, ном дандаа сугавчилж явдаг хичээнгүй хүү байсныг Г.Сэр-Од гэж мэдсэн юм. Уран зохиолын бүлгэмд сурч байхдаа бичсэн нэлээд олон шүлгээ надад үзүүлж байснаас зарим шүлгийнх нь дүрслэл бусдаас ялгарч байсан. Түүнд хэдэн дэвтэр дүүртэл бичсэн үлгэр домог, хууч яриа байдаг сан. Түүнийг нь уншихад сонсоогүй сонин хачин юм олон байлаа. Хэдий залуугаараа наснаас нөгчсөн ч билгийн хараа нь тэлсэн хүүхэд байжээ” гэж шавийнхаа талаар өгүүлж байж. Шинэ тутам байгуулагдсан Монголын уран зохиолын бүлгэмд С.Буяннэмэх нараас урмын үг сонссон залуу найрагч Сэр-Од ардын аман зохиолоос сэдэвлэж шүлэг зохиол бичдэг байв. Энэ нь ч 1930-аад оны зохиолчдын бүтээлийн нэг онцлог тал байсан гэхэд хилсдэхгүй. Тэрээр Гэсэрийн туужаас сэдэвтэй “Буйдан Улаан баатар” гэдэг найраглалыг 1938 онд бичсэн нь дунд сургуулийн сурах бичигт оржээ.

Г.Сэр-Од бага сургуульд байхаасаа шүлэг бичсэн бөгөөд дунд сургуульд ирэхдээ байгалийн шүлэг голлон бичиж байсан нь нэг үеийн суралцагч Ц.Нанзрагчаа, Ө.Лхамхүү нарын дурсамжид тодорхой бий. Тэрээр Монголын эртний сонгодог бичгийн зохиолууд, гадаадын “Үүлэн бор”, Английн их зохиолч Даниель Дефогийн “Гулливерийн аялал”, Италийн Боккачиогийн “Декамерон”, Оросын Николай Островскийн “Болд хэрхэн хатаагдсан нь” зэрэг роман зохиолыг уншсанаа үеийн нөхдөдөө ярьж өгдөг байсан нь оюуны баялгийн хувьд тэднээс хуруу илүү байсны баталгаа юм. Ө.Лхамхүү “Сэр-Од хичээлийнхээ чөлөө заваар уран зохиолын дугуйланд идэвхтэй суралцдаг байсан. Нэг орой намайг дагуулж тэндээ очлоо. Дугуйланг хувьсгалт шинэ уран зохиолыг үүсгэгчдийн нэг С.Буяннэмэх удирдаж зохиолын сэдвийг яаж сонгож авах, сэдвээ яаж бичих тухай ярьж, хүмүүсийн бичсэн шүлэг зохиолыг уншуулж, шүүмжлэн хэлэлцэж байв. Сэр-Одыг “Хавар”, “Намар” шүлгээ “Шинэ толь” сэтгүүлд өгөхөд шүлгийн өмнөтгөлд “Сурагч Сэр-Одын бичиж ирүүлсэн энэхүү хоёр шүлэг нь дүрслэн илэрхийлэх ур чадвараар сайн, байгалийн зураглалыг нүдэнд үзэгдтэл яруу дүрсэлжээ” гэж үнэлэн бичсэн байдаг” гэж дурссан удаатай. Сэр-Одын уран бүтээлийг анзаарч байхад бодит байдал, юмс үзэгдэлд гярхай ажиглалт хийж, ургуулан бодож, уран сайхан сэтгэмжээр баяжуулдаг нь ажиглагддаг.

Нагац ахаараа овоглосон эгэл малчны хүү эрдмийн гэрэл гэгээг эгээрэн хүсэж, шимтэн хорхойсч байснаа “Би” гэсэн шүлэгтээ
“Сургууль хэмээх нэгэн соньхон үг
Судасны цохилт сэтгэлийн үзүүрийг догдлуулахуйяа
Сонссон өдрөөс эхлэн сураглан мөрөөдсөөр
Сонирхон хүссэн гэгээн замдаа орлоо” хэмээн яруу тодоор илэрхийлсэн байдаг. Г.Cэр-Од хүний хорвоод үдийн нар шиг богинохон наслахдаа гарын арван хуруунд багтахаар цөөхөн шүлэг бичсэн. Тэглээ ч бүтээлүүд нь агуулга, утга санаа, уран сайхны нээлтийн хувьд Монголын яруу найргийн санд үнэтэй хувь нэмэр оруулсан төдийгүй дүрслэн илтгэх арга барил, өнгө аясаараа ялгарч хожуу үеийн уянгын яруу найрагчдын туурвилзүйн гэрэлт луужин болсон юм . Найрагч эрх чөлөөгөө олсон ард түмэн, төр засгийнхаа ачийг ухамсарлан улсаа хөгжүүлэх шинэ соёлын төлөө ухамсарт амьдралаа зориулан яваагаа
“Аавын хүүгийн зам урт

Соёлын ажлын амжилт өндөр
Нам засгийн даалгавар их

Найдварт ардын угтамж өргөн” гэж “Шөнийн онгоцоор” шүлэгтээ илэрхийлжээ. Зохиолч 1937 оны зун Хөвсгөл аймагт ухуулгын ажлаар явж байхдаа үдэш Сэлэнгэ мөрний Гуртын тавилангийн гармаар холбоо онгоцоор гаталсан тухай бичсэн нь энэ. Найрагчийг тэнгэрт хальснаас даруй гучин долоон жилийн хойно эл шүлгээр нь нэрлэгдсэн шүлгийн жижигхэн түүвэр нь 1977 онд Улаанбаатар хэвлэх үйлдвэрт хэвлэгдэж Монголын яруу найрагт нэгэн сод хүмүүн туурвиж байсныг хойч үед мэдүүлжээ.

Түүний “Дөмөн” хэмээх алдарт шүлэг бичигдсэн түүх нь залуу найрагчийн сэтгэлийн догдлол долгислыг өөрийн эрхгүй илтгэдэг. Найрагч Сэр-Од “Би 1935 оны хавар Бөмбөгөр ногоон хэмээх Төв цэнгэлдэх хүрээлэнд улсын алдарт гавьяат дуучин Цэнд-Аюушийн Төмөр “Дөмөн” хэмээх ардын дууг дуулахыг сонсож, сэтгэлд хоногших ялдам сайхан аялгуунд нь бишрэн, сэтгэл татагдаад зогсохгүй урам хөгжөөн хүсэл оргилуулсан тул үзгээ барьж шүлэг тэрлэхээс өөр аргагүй болсон” хэмээн уншигчдад өөрийн уран бүтээлийн лабораторийн нууцаасаа хуваалцсан байдаг. Тэрээр “Дөмөн” шүлгээ нөхдөдөө уншиж өгөх их дуртай байжээ. Уг шүлэгтээ

“Сонсон агч түмний чихний нийцэт урсгал цуурайтаж
Баясан түгшигч мянган зүрхнээ гижигт бүжиглэлээр нэвтэрнэм зэ
Дурсан магтсан молор эрдэнэ мэт дөмөн минь
Урсан мяралзсан усан булаг мэт жигдхэн янцгааюу” гэж сонсогч түмний сэтгэлийг холбилзуулан татсан уяхан дууны эгшгийг молор эрдэнийн хүлэг мориныхоо янцгаалттай хослуулан шүлэглэсэн нь бий.

Утга зохиол судлаач, ардын билэг зүйч Д.Дашдорж “Дөмөн” шүлгийг уншихад цэцэгт сайхан талын дундуур суман дэлтэй, явдал ялгуун мориор дүүхэлзтэл давхиж, унаж яваа эзний цээлхэн дуу уянгалан хадах шиг болдог” гэж онцлон тэмдэглэсэн байдаг. Найрагчийн сэтгэлийн чавхдсыг доргион хөглөж уянгын яруу шүлэг бичүүлэгч дуучин Цэнджавын Төмөр бол Дундговь аймгийн Дэлгэрцогт, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын зааг нутаг Цагаанчулуут хэмэх газар 1906 онд төрсөн хүн юм. 1925 оноос 18 настайдаа урлаг соёл сэтгэлээ зориулж, Улсын төв театрын анхны дуучдын нэг болон 1940 он хүртэл ажилласан байна. Монгол Улсын “Алдарт гавьяат дуучин” цолыг 1935 онд Магсар хурцын Дугаржавтай хамт анх хүртэж байсан гэхээр ямархан гайхамшигтай авьяастан байсныг төсөөлж болно. “Дөмөн” хэмээн алдаршсан дуучин Төмөр 1940-1945 онд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын сургуульд багшилж, Төв аймгийн Баянбараат суманд аж төрж байгаад 1957 онд бие баржээ. Монгол ардын уртын дууг жинхэнэ Бараатын аялгуугаар дуулдаг, энэ аялгуугаар дуулагчдын сонгодог төлөөлөгч байсан Төмөр Улсын төв театрт байхдаа 1935 онд Москвад очиж, пянзны бичлэгт, дээр өгүүлсэн Түдэвийн хуурын аялгуу дор “Дөмөн”-г дуулж бичүүлсэн түүхтэй.

Сэр-Од хайрт ээжийнхээ тухай “Ээждээ” шүлэгтээ
“Өгөөмөр сайхан орныхоо тааламж төгсийн дунд
Өргөн түмэн ардынхаа тэтгэмж ихэд ивээгдэж
Далай мэт дэлгэр энэрлийг тань хариулахаар
Дандаа бодож явдаг минь мөхөс битгий болоосой” гэж хүнлэг сайхнаар бичсэн найрагч. “Г.Сэр-Од 1940 оны үед Дорнод аймгийн төвийн бага сургуульд багшилж байхдаа үг хөгжлийн хичээл дээр хүүхдүүдэд сэдэв өгч шүлэг бичүүлээд, шүүн үзэж шүлэг бол уран сайхантай байх, шүлгийн айзам хэмнэл гэж юу болох, мөр бадгийн жигдрэл тохирох, уншихад утга гүн илэрхийлсэн, яруу сонсголонтой байх учиртайг тайлбарлаж байсан” тухай найрагчийн шавь Д.Чойжамц, Ш.Очирхуяг нарын дурсамж бидэнд үлджээ. Д.Чойжамц УБИС-ийн уран зохиолын тэнхимийн багшаар олон жил ажиллаж, удирдсан ангиас нь шинжлэх ухааны доктор Б.Катуу, Ц.Оюун, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазар нар төрж гарчээ. Г.Сэр-Одын шүлгийн гүн утга агуулга, шүлэглэх өвөрмөц арга барилыг түүний байгалийн тухай уянгын шүлгүүдээс харж болно. “Өвлийн нэгэн өглөө”, “Хавар”, “Намар”, “Улирал ба би” зэрэг шүлгээ байгалийн харилцан холбоо, хүний сэтгэлд тусах байгалийн нөлөө, хүнээс байгалийн гоо сайхныг хүртэх мэдрэх чанарыг нээн харуулсан байдаг. Эх хэлнийхээ их далайгаас сувд, таныг шүүрдэн тунгаагч Монголын уран зохиолын билэгт хөвүүн, яруу найргийн гэрэлт од Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналыг 1990 онд бий болгож шагналын анхны эзнээр Монголын мөнгөн үеийн нэрт яруу найрагч Жамьянгийн Болд-Эрдэнэ тодорч байснаас хойш Д.Энхболд, А.Эрдэнэ-Очир, Ц.Бавуудорж, Л.Моломжамц, Л.Ганзул, Ц.Доржсэмбэ, Б.Золбаяр, Н.Минжинсайхан, Б.Алтанхуяг нарын дөч гаруй яруу найрагч шагнагдсан юм.

Уудам энэхэн хорвоод хорин гуравхан насалсан их найрагчийн мэндэлсний зуун жилийн ойд зориулсан яруу найргийн чөлөөт уншлага, өдөрлөгийг Монголын зохиолчдын эвлэл, МЗЭ-ийн дэргэдэх Залуу зохиолчдын нэгдэл, “Залуу нас” уран зохиолын сонин, Хүүхдийн төв номын сан хамтран энэ сарын 22-ны 18 цагт Хүүхдийн төв номын сангийн уншлагын их танхимд зохион байгуулахаар болсон нь алд бие үгүй боловч авьяас билэг мөнхөд үлддэгийн жишээ болох биз ээ.

ДӨМӨН

Торгон хөшиг намиран ярагдсан өргөн тавцан дээр

Тунгалаг гэрэл цацран солонгорсон гоёмсог цогцлон бүрдээд

Ханарангуй үзэгдэгч хангай говь хананд дэлгэгдээд

Анхаарангуй ширтэгч бүгдийн нүдэнд маш сонихон оо

Урьхан жингэнэх монгол охины тод хоолой

Уяхан хөгжимдөх морин хуурын хүнгэнэх дуунаа

Уянгалан эгшиглэх яруу хөгийг хослон нийлүүлсэн

Уртхан аялгуу нь эртний маань түүхийг санагдуулнам

Сонсон агч түмний чихнээ нийцэт урсгал цуурайтаж

Баясан түгшигч мянган зүрхнээ гижигт бүжиглэлээр нэвтэрнэм зээ.

Дурсан магтсан молор эрдэнэ мэт дөмөн маань

Урсан мяралзсан усан булаг мэт жигдхэн янцгааюу

Жавхлант эрийн хурдан жороо хүлгийн эрхшээл

Уянгат утгын амтын сайханд шингэн оршиж

Жаргалант манай дэлгэр нутгаар үе улираад

Баясгалант сэтгэлийн хүслийн гүнээ төгс янагшиюу


Сэтгэгдэл

zochin [203.91.115.44] 2019-10-24 03:59:07

ene sait iim medeelel opruulaj baiaar yum daa maash ih taalagdlaa dahih dahih iim tuuhen humuusiin tuhai hoich uedee taniulmaar bn sh dee

Зочин [202.55.188.37] 2019-10-23 15:51:49

Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг яах аргагүй мѳн. Дахиад бид Бодоо, Буяннэмэх, Аюуш, Даржаа, Ядамсүрэн, Наваан-Юндэн нарыг судлах ёстой.

Зочин [61.134.100.126] 2019-10-23 12:02:08

Их сайхан бичсэн байна. Баярлалаа. Монголынхоо алдартай сайхан хүмүүсийг түүхийг энэ мэтчилэн бичиглэж оруулж байвал хойч үедээ үллээж байгаа сайхан сургаал болно байхдаа.

Т.Доржсүрэн [66.181.161.7] 2019-10-23 08:05:36

Сайхан бичжээ.Их ховор намтар түүхтэй хүн. Ангийнх нь охин Долгорсүрэн гэдэг хөгшин Баянгол суманд байдаг байлаа. Амжилт хүсье.

Зочин [66.181.187.179] 2019-10-23 07:56:20

гайхалтай сайхан

Пагмаа [202.180.216.78] 2019-10-23 07:49:31

Цэнгэл ах сайхан бичжээ нэг холбогдохсон


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.