Судлаач Ганаа: Засах уу? шинээр хийх үү?

Aдмин / Нийгэм

Сүүлийн үед төр засгийн бузар булай энд тэндгүй садарч байна. ЖДҮ-ээс эхлээд Хөгжлийн банк, нүүрсний хулгай, БЗС г.м. Ард түмний дургүйцэл жигшил, уур хилэн бадарч байна. Энэ нь манай улс төрийн систем ажиллах ямар ч чадваргүй болсныг илт харуулна. Одоо бол доодос нь уурлаж хилэгнэсэн, дээдэс нь яах аргаа олохгүй сууж байна. Энэ нөхцөлд манай улс төрийн системийн өнөөгийн байдлыг шинжлэх ухааны үүднээс шинжлэх дүгнэж, “одоо яах вэ ?”, “юу хийх вэ ?” гэсэн асуултад хариу өгөх ёстой. Үүнд тус болох үүднээс онол-арга зүйн зарим асуудлыг товч хөндөе...

Эвдрэл хаана байна ?

Манай улс төрийн систем хэлбэр, бүтцийн талаасаа бусад ардчилсан системээс ялгахын аргагүй адил, илүү, дутуу юм бараг байхгүй. Ардчилсан ҮХ, ардчилсан институт, байгууллагууд г.м. бүгдээрээ байгаа. Гэхдээ л болохгүй байгаа, сүүлийн үед ардчилсан институтууд бараг ажиллаж чадахаа больсон. Энэ нь хэн бүхэнд тодорхой. Яагаад ?! Төр ажиллах чадвараа алдсанд “үй түмэн” тайлбар хийж болно. МАН-аас болсон, АН-аас болсон, УИХ болон түүний гишүүдээс болсон, адгийн муу ЗГ-аас болсон г.м-ээр “яллах” субъект хэд л бол хэдийг нэрлэж болно. Ийм сэтгэлгээний өөр хэд хэдэн хувилбар бий.

Жишээ нь: шинэчлэлийг УИХ-аас, ЗГ-аас, шүүх, прокуророос, Цагдаагаас г.м. маш олон юмнаас эхлэх ёстой гэсэн үзэл бодол. Удаах хувилбар нь шунахай, идэж уухын дон шүгэлсэн цөөн баагийнууд төрд орчихоод дураараа аашилж байгаагаас болсон гэж үзэл бодол.

Дээр дурдсан “үй түмэн” тайлбарууд ерөнхийдөө харьцангуй үнэн. Гэхдээ аль нэг нь “төр ажиллахгүй” байгааг тайлбарлах гол үндэслэл болж чадахгүй. Бид бараг 30 жил ингэж ярьж байна. Энэ бол бүтэхгүй гэдгийг бидний туршлага хангалттай нотолсон. Гэхдээ л “төрийн машинд” маш олон ноцтой эвдрэл гарсан нь тов тодорхой. Бүдүүн тоймоор зүйрлэвэл машины нэг эд анги эвдрэхэд засахын оронд төмөр утсаар ороочихоод, эсвэл аль нэг газарт нь мод шаачихаад яваад байсан чинь энэ нь бусад эд ангидаа нөлөөлж, төрийн машин таг зогссон гэж болно. Гэхдээ энэ нь яагаад? гэсэн асуултад хариу өгч чадахгүй. Би системийн анализыг Ерөнхийлөгч, УИХ, ЗГ болон орон нутгийн байгууллагуудыг бүгдийг нь оролцуулан хийж болно. Тэгвэл энэ нь хэд хэдэн боть ном болно. Иймээс системийн анализыг ЗГ болон түүний бүтэц, үйл ажиллагааны жишээн дээр хийвэл ойлгоход арай л хялбар гэж бодно. Цаашид авах бүх жишээ ЗГ-ын жишээн дээр авна.

Бүтэц байна, функци алга…

Системийн онолд бүтэц ба функци гэсэн нэн чухал, салшгүй 2 том ойлголт байдаг. Бүтэц гэдгийг хүн болгон шахам “мэддэг”, үгүй ядахдаа зөн билгээрээ төсөөлдөг.

Жи: Улс төрийн систем: төр, нам, төрийн бус байгууллагуудаас бүрдэнэ.

Төр нь: Ерөнхийлөгч, УИХ, ЗГ-аас бүрдэнэ гэдгийг хүн болгон “мэднэ”. Гэхдээ яг цагаа тулаад ирэхээр бүтэц шиг ойлгоход хэцүү юм байхгүй. Иймээс бүтцийн тухай олон тодорхойлолтоос хамгийн ойлгомжтойг нь авч үзье.

Системийн бүтэц гэдэг бол системийн төлөв байдал, систем янз бүрийн үйлдэл хийх, системд гарсан өөрчлөлтөөс үл хамааран харьцангуй тогтвортой байдаг хэлбэр юм.

Бүтцийг хүн болгон шахам төсөөлдөг учраас түүгээр оролдох их дуртай. Ухаандаа ЗГ нь яамдаас бүрдэнэ, яамд нь агентлагуудаас бүрдэнэ гэдэг нь тов тодорхой. Иймээс яам, агентлагаар оролдох нь тун ч “зугаатай ажил” юм.

Ухаандаа соёлын яам байгуулбал соёл суга хөгжинө гэж олон хүн боддог боловч үнэндээ бол ийм биш. Өөр жишээ: Биеийн тамир спортын яам байгуулбал спорт хөгжинө г.м. Ингээд ЗГ-ын (яамд, агентлагийн) бүтцээрээ оролдох нь гэм биш, зан болсон. Ингээд анхнаасаа ажил хийх чадваргүй бүтэц байгуулж эхэлнэ, эсвэл бүтцийг байн байн өөрчилнө. Жи: Түгжрэлийн сайд.

Ямар ч сайхан бүтэц хийлээ гэсэн ажил бүтэхгүй нь тодорхой. Энд ямар нэг юм болохгүй буюу дутуу байгаа нь илт. Юу байж таарах вэ ?

Бүтэц хийнэ гэдэг бол бүтэц болон хуваагдсан элементүүдэд (манай жишээнд яам, агентлаг) хийх ажлаа хувааж хариуцуулна гэсэн хэрэг юм. Үүнийг функци гэж нэрлэдэг. Функцийг манайд “үүрэг” гэж орчуулдаг боловч энэ нь яг оносон орчуулга биш. Функци гэдэг бол латины “function” буюу гүйцэтгэх, хийх гэсэн үгнээс гаралтай. Системийн функци бол тухайн системийн гадаад орчинтой харьцах арга, гүйцэтгэх ёстой ажил, үүрэг, зан үйл юм. Функци нь нэг талаасаа системийн бүтэц, нөгөө талаасаа гадаад орчинтой салшгүй холбоотой.

Ухаандаа: Соёлтой холбоотой яам хэд л хэд л бол хэд байж болно. Ардын урлагийн яам, Сонгодог урлагийн яам, тэр ч байтугай Морин хуурын яам ч байгуулж болно. Энэ бол бүтэц юм. Гэхдээ эдгээр нь соёл гэсэн функцийг биелүүлж, соёлоо хөгжүүлдэг байх ёстой. Энэ бол функци юм. Хэрэв функцээ биелүүлж чадахгүй бол нэг яамтай байсан ч, олон яамтай байсан ч ялгаагүй ажил нурна. Бүтэц харьцангуй “ил”, функци харьцангуй “далд” байдаг учраас манайхан голдуу бүтцийг нь хараад, функцийг нь мартах буюу орхидог. Энэ бол сэтгэлгээний гэмт хэрэг.

Бүтэц (ЗГ, яам агентлаг), функци (тэдний хийх ёстой ажил, үйлдэл, үүрэг), орчин (нийгэм болон нийгмийн харилцаа) гурвыг яагаад ч салгаж болохгүй.

Бүтэц бол “маш амархан”, яам, агентлагийн сайд, дарга нарыг томилоод л гүйцээ. Харин яам, агентлагийн функцийг (хариуцан гүйцэтгэх үүрэг) тусгай хууль гаргаж шийднэ. Энэ бол маш хүнд. Манай ямар ч яам, газрууд өөрсдийнхөө эрх ашгийг заавал хамгаалж, харьцангуй бие даасан байдал буюу “тусгаар тогтнолынхоо” төлөө тэмцдэг. Ингэснээр тэд аливаа хяналтаас гадуур байх бүх талын нөхцлөө бүрдүүлдэг. Улмаар гүйцэтгэвэл зохих функци, манайхны нэрлэж заншсанаар “ажил үүргийн хуваарь” давхцах буюу хийдэл гарах явдал олон гардаг. Жи: Давхцлын тод жишээ бол УБ хотын дарга болон Хот хариуцсан сайд хоёрын функци олон талаар давхцана. Мөн: Гадаад Хэргийн яаманд гадаад худалдаа хариуцуулсан нь функцийг буруу хуваасны илт жишээ юм.

Хэт бие даах болсны улмаас төрийн байгууллага атлаа төрийн хяналтаас гадуурх бүтэц олон болсон. Жи: Тагнуул, Цагдаа, Шүүх, Прокурор, АТГ, ШШГЕГ гэх мэт дураараа дургиж дунд чөмгөөрөө наргидаг бүтцүүд олон. Тэд аливаа хяналтаас гадуур байсаар байгаад бүр “зэрлэгшиж” гүйцсэн. Бусад яам, агентлагууд ч гэсэн ялгаагүй салбар, чиглэлдээ “хэрэм цайз” барьж, нийгмийн баялгаас хулгай дээрэм хийх бие даасан бүтэц болж хувирсан.

Нэг. Системийн эвдрэлийн эхний бүлэг шалтгаан нь бүтэц нь зохистой биш, функци нь давхцал, хийдэл ихтэй байгаад оршино. Энэ нь ганцхан бүтцээрээ оролдоод функцийг бараг анхаардаггүйтэй холбоотой.

Төрийн удирдлага, механизм, зохион байгуулалт

За ингээд бүтцээ хийж, функцээ тодорхойлчихсон гэж хийсвэрлэе. Ингээд ЗГ бүхэлдээ болон түүний бүх бүтцүүд функцээ (ажлаа) гүйцэтгэж чадах уу ? Чадахгүй. Яагаад ?

Яагаад гэвэл нийгмийн системд удирдлага гээч юм заавал байх ёстой. Энд ирэхээр хамгийн заваан юм гарч ирнэ. Удирдлага хэрэгжүүлэхийн тулд:

1.Эхлээд орчноос (нийгмээс) мэдээлэл авах ёстой. Зүгээр авах мэдээлэл ч бий, зориуд судалж байж олж авах мэдээлэл ч бий, гэхдээ судалж авах мэдээлэл нь олон дахин их байдаг. Үүнийг тун бага буюу огт анхаарахгүй явж ирснээс буруудахын эхлэл тавигдсан. Энэ нь шинжлэх ухааныг хөсөр хаясны гор юм.

2.Орчны мэдээллийн үндсэн дээр шийдвэр гаргана. Төрийн түвшний шийдвэр гаргах боломж олон хувилбартай байдаг нь маш их зовлон уддаг. Манайд бол ганцхан эдийн засгийн талыг анхаарч бусдыг нь үл ойшоодог. Ухаандаа Эрдэнэтэд хивсний үйлдвэр барих эдийн засгийн хувьд ашиггүй. Харин Эрдэнэт үйлдвэрийн залуусын эхнэрүүдийг хивсний үйлдвэрт ажиллуулахад нийгмийн асар их ашигтай.

3.Шийдвэр гаргасан бол зохион байгуулах ажил хийх ёстой. Гаргасан шийдвэр, нэг талаасаа бүтцийн нэгжийн (яам, агентлаг хооронд) дунд тарамдаж, нөгөө талаасаа дунд болон анхан шатны шаталсан бүтэц рүү очихдоо сулран суларсаар үр дүн муутай буюу үр дүнгүй болох нь элбэг.

Энд механизм, зохион байгуулалтын асуудал гарч ирж байна. Энд бол ёстой холион бантан. Механизм нь хэвтээ (яам, агентлаг хоорондын) болон босоо (шаталсан дунд болон анхан шат) хоёр чиглэлтэй. Манай яам агентлагууд хамтран ажиллах “санамж бичиг” байгуулдаг инээдэмтэй бөгөөд өрөвдөлтэй олон жишээ нь манай төрд механизм байхгүйг тод харуулдаг.

Механизм бол бүтцийн нэгжүүд (яам агентлаг) функцээ (ажил үүргээ) гүйцэтгэх үед нийлбэр үр дүнд хүрэх гэсэн нэгжүүдийн хоорондын харилцааны уялдаа, холбоо, харилцаа юм.

Манай төрийн механизм саланги ажилладаг, бие биедээ саад болдог, эсвэл буруу ажилладаг. Энэ нь системийн (төр, нийгэм) төлөв байдалд ихээхэн хортой нөлөөлдөг. Механизм буруу бөгөөд эсрэгээр ажиллавал үндсэн системийнхээ үр нөлөөг ихээхэн бууруулах буюу бүрмөсөн эвдэж ч болно. Манайд ийм нөхцөл бүрэн бүрдсэн гэж итгэлтэйгээр дүгнэж болно.

Хоёр. Системийн эвдрэлийн дараах бүлэг шалтгаан нь: төрийн удирдлага, шийдвэр, зохион байгуулалт хийгээд түүний механизм буруу ажиллаж байгаад оршино.

Боловсон хүчин

Боловсон хүчний асуудал зүгээр л новш, хог болсныг бүгдээрээ мэдэж байгаа болохоор ярих ч хэрэг байхгүй. Гэхдээ тодруулах зарим зүйл бий.

Ном ёсоороо бол төрийн боловсон хүчин: 1. Бүх шатны сонгуулийн замаар, 2. Төрийн албаны шалгалтын замаар төрд орж ажилладаг. Энэ бүхэн цаасан дээр л байдаг. Сонгуулийг элдэв аргаар луйвардаж гарч ирнэ, дараа нь тэр нөхдүүд боловсон хүчнээ хамаатан садан, бизнесийн эрх ашиг, дуулгавартай байдал гэсэн 3-хан шалгуураар сонгож авна.

Манайхан “нийгмийг удирдах гэсэн бүлэг ядахдаа нийгмийн дунджаас илүү боловсролтой байх ёстой”, “Зах зээлийн эдийн засаг гэж байдаг, харин зах зээлийн төр гэж байдаггүй” гэсэн зарчмуудыг уландаа гишгэчихсэн. Манайд бол яг эсрэгээр нь хийдэг. Бараг санаатай гэмээр хамгийн тэнэг, мангууг нь төрд сонгож авдаг. Манай яам, агентлагуудад ажилд ороход авилгаддаг мөнгөний жишиг аль эртнээс тогтчихсон байгаа нь нууц биш шүү дээ…

Манай аль ч яам, агентлагт “ажил нугалдаг” 2-3-хан хүн байдаг ба бусад нь зүгээр л гадаад, дотоодоор сэлгүүцэж явдаг. Ийм байхад төрийн ажил бүтнэ гэсэн горьдлого ёстой байхгүй. Сонгууль луйвардаж төрд орж ирсэн баагийнууд ч гэсэн эрдэм номонд таг. Харин хулгай, дээрэм, луйвар, авилга хийхдээ дэндүү ухаантай. Ийм хөгийн баагийнуудыг ард түмэн биш, харин нам, тодруулбал МАН, АН “гудамжнаас” хөтлөн авчирч төрд оруулдаг. Энд “намд хандивласан мөнгөний хэмжээ” гэсэн ганцхан шалгуур байдаг.

Ийм хялбар аргаар төрд орж ирсэн баагийнууд ажлын арга барил гэсэн нэн чухал зүйлийг огт мэддэггүй, харин захиргаадах, албадах, хүчиндэх, айлган сүрдүүлэх, хууран мэхлэх гэсэн хэдхэн аргатай. Энэ нь төрийн албыг шууд утгаар боолчлолын систем болгон хувиргадаг.

Гурав. Системийн эвдрэлийн удаах шалтгаан нь төрийн боловсон хүчнийг шилж сонгож ажиллуулах арга, механизм, ажлын арга барилд байдаг.

Гаж үр дүн

Дээр дурдсан бүхнээс үүдэн манай төрийн ажил алба ихээхэн гажиг, эвдрэлд оржээ.

1.Шинжлэх ухааны үндэстэй судалгаа шинжилгээ үгүй болов. Статистикийн газраас буюу өөрийн бүртгэлээс авсан бэлэн тоог судалгаа гэж яагаад ч нэрлэж болохгүй.

2.Аналитик ажил ор тас байхгүй. Дэлхийн аль ч улсын төрийн байгууллагад ядахдаа анализ хариуцсан мэргэжилтэн, ихэнхдээ аналитик хэлтэс ажилладаг. Энэ ажлыг манайхан огт мэддэггүй, тоодоггүй. Энэ хэрээр толгой ажиллах нь багасаж, тэнэглэл ихэсдэг.

3.Төрийн албан хаагчийн тоо эрүүл ухааны ямар ч хэмжээнээс даван гарсан. Үүний улмаас цалин авч, зүгээр суугчдийн тоо асар ихэсч, тэдний бүтээмж үлэмж буурав.

4. Яам, агентлагууд харьцангуй бие даасан бизнесийн гэмт хэргийн салбар болон хувирсан. Одоо гарч буй дуулиан тарьсан бүхий л том гэмт хэргүүд бүгдээрээ төрийн гэмт хэрэг юм.

5.Төрийн ажил, зарим шийдвэр ихэнхдээ далд, нууц хэлбэрт оров. Үүний цаана гэмт хэргээс өөр зүйл байхгүй гэдэг нь нэн тодорхой. Төрийн ажил хав хар хайрцаг шиг битүү байж болохгүй.

6.Шийдвэрийг гэв гэнэт сүхээр цавчиж байгаа мэт гаргана, тэгснээ эргэж буцна. Бусад оронд маргаантай асуудлаар түр хууль гаргадаг, тэр нь бүтвэл цааш явна, бүтэхгүй бол болино. Эсвэл хэсэгчилсэн газарт (аймаг, дүүрэг г.м) нийгмийн туршилт явуулдаг г.м. олон арга байдаг ч үүнийг огт сонирхдоггүй. УБ-т усан тээвэр, дүүжин тээвэр байгуулах г.м. солиотой шийдвэр бол үүний тод жишээ…

7. Өмнөх шийдвэрийн сайн муу үр дүнг тооцоогүй байж дараагийн шийдвэр гаргана. Голдуу алсыг харсан биш, гал унтраах шийдвэр гаргана. Энэ нь төрийн шийдвэрийн “савалгаа” үүсгэдгээрээ ихээхэн хортой.

8.Боловсон хүчний чанар, чадвар эрс муудсан. Тэр ч байтугай монгол хэлээр бичиж чадахгүй, тэнэг тэнэг юм төрийн индрээс ярих болтлоо доройтсон. Жи: Миний судалгаагаар манай улс төрчдийн өөр өөр цаг хугацаанд, өөр өөр нөхцөлд хэлсэн, ярьсан үгүүдэд шинжилгээ хийхэд “үзэл бодол тогтсон хувь хүн” огт харагдаггүй.

9.Монголын төр нийгэм, үндэстний төлөө зүтгэх үндсэн үүргээ умартаж, зөвхөн хувийн бизнес эрх ашгийн төлөө уралдан тэмцэлдэгч бүлгүүд болон хувирсан.

10.Ингэснээрээ Монголын төр бол нийгэм, үндэстний эсрэг хүчин болон хувирсан.

Ингээд тоочоод байвал манай төрд системийн асар их гажиг, эвдрэл бий болсон. Энэ бүхэн өнөөдөр гэв гэнэт үүссэн асуудал биш, 30-аад жилийн өмнөөс бага багаар хуримтлагдсаар одоо бүх гажгууд нь ил гарч, нуран унаж байгаа жам ёсны үзэгдэл юм.

Энэ үхээнц чигээрээ, хулгай дээрэм, авилгадаа идэгдсэн төртэйгөө цааш явах боломж нэгэнт шавхагдсан. Тэгэхлээр өгүүллийн гарчигт дурдсан “засах уу, шинээр хийх үү” гэсэн асуулт тулгарч байна. Миний бодлоор шинээр хийсэн нь дээр. Харин энэ тухай буюу яаж засах, яаж хийхийг хэн ч ярихгүй байгаа.

Системийн хямрал, нуралтаас гарах улс төрийн дүгнэлт ус агаар шиг хэрэгтэй байна. Харин улс төрийн дүгнэлтийг голдуу намууд хийдэг ба манай тохиолдолд МАН, АН хоёр хамгийн түрүүнд хийх ёстой.

Юм ойлгохын учир

Манайхан юмс үзэгдлийн дандаа хэлбэрийг харна, түүний цаана байгаа агуулгыг ярих хүн бараг байхгүй. Мөн юмс үзэгдлийн дандаа хэлбэрийг харна, хэлбэрийн цаана байгаа мөн чанарыг огт тоохгүй. Ухаандаа нэг буюу хоёр танхимтай парламенттай болно гэдэг ихэд түгсэн яриа маргаан бол хэлбэрийн (бүтцийн) асуудал. Харин түүний цаана байгаа агуулгын (функцийн) асуудлыг хэн ярьдаггүй. Ингээд л бид сэтгэлгээнээсээ эхлээд мордохын хазгай руу хальтирдаг.

Олон жил бугшин хуралдсан системийн гажиг өнөөдөр өөрөө нуран унаж байна. Нэгэнт системийн нуралт болж байгаа тохиолдолд хаос буюу замбараагүйдэл болох нь жам. Хаосын шинж тэмдгүүд манайд бүрэн бүрэлдсэн. Тэр ч байтугай үндэсний мөхлийн зарим шинж бий болоод байна.

Системийн нуралтаас үүдсэн хаосыг арилгах буюу түүнээс гарахад чамгүй олон жилийн нөр их хөдөлмөр, хүчин чармайлт, тэмцэл хэрэгтэй. Мөн бүх нийтийн хүсэл эрмэлзэл байх ёстой. Өнөөгийн системийн нуралт нь одоогийн ЗГ-аас болоогүй нь мэдээж хэрэг. Харин ч ЗГ системийн гажиг, эвдрэлийн баримтыг илчилж, ил тод болгож байгаа нь дэмжүүштэй зөв үйлс мөн. Харин шүүмжлэх нэг л зүйл бий. ЗГ төрөө анхаараад, нам руугаа бага анхаарч байгаа. Энэ олон хулгайч, дээрэмчин, луйварчин, авилгачид хаанаас гараад ирсэн бэ ? гэсэн асуулт гарна.

Энэ олон хулгайч, дээрэмчин, луйварчин, авилгачдыг намууд, бүр тодруулбал МАН, зарим талаар АН гараас нь хөтөлж, төрд оруулж ирсэн. Бүх төрлийн сонгуулиар манай намын шилдэг, тэргүүний боловсон хүчин гэж рекламдаж, пиардаж байгаад төрийг хулгайч дээрэмчдээр дүүргэсэн чинь худлаа юу…

Тэгэхлээр төрийн гажиг, эвдрэл МАН-тай шууд холбоотой, эх үүсвэр нь МАН-д байгаа. Иймээс төрийг биш, намыг голлон ярьж, шинэчлэлтийг хамгийн түрүүнд намаас, тухайлбал МАН-аас эхлэх нь зүйн хэрэг. Намуудыг, тухайлбал МАН-ыг ярихгүйгээр дан ганц төрийг засаж “сайхан болгох” гэсэн оролдлого нь эсвэл үл гүйцэлдэх, гэнэн мөрөөдөл, эсвэл санаатай хийж буй заль мэх мөн.

Нэмж хэлэх хэдэн зүйл

Онол-арга зүйн шинжтэй түвэгтэй том асуудлыг тэр чигт нь бичихээр “хоосон онолдлоо”, “ойлгомжгүй бичлээ” гэж загнана. Хялбаршуулаад бичихээр “энд ч буруу”, “тэнд ч алдчихаж” гэж загнана. Шинжлэх ухааныг хялбаршуулан бичих нь ямар нэг хэмжээгээр “бүдүүлэгжүүлэхийг” шаардах бөгөөд энэ нь шинжлэх ухааны зарчмаас гажсан хэрэг огт биш. Ердөө 4 хуудсанд системийн хямрал, нуралтыг багтааж бичих нь ихээхэн зоримог боловч үлэмж тэнэг үйлдэл юм. Хэрэв монголын төр, сэхээтнүүд ойлгодог байсан бол би ингэж үйлээ үзэхгүй нь мэдээж.

Ямар ч гэсэн систем, түүний нуралт, гарах гарцын асуудлыг зөвхөн энэ түвшинд л хийж болно. Үүнээс доош түвшин бол ердөө л заль мэх, түр зуурын балайрал солиорол юм.

Үүнийг жирийн иргэд мэдэхгүй байж болно, мэдэх ч албагүй. Харин ядахдаа сэхээтний тодорхой хэсэг ойлгохгүй юмаа гэхэд төсөөлдөг байх ёстой. Харамсалтай ийм сэхээтэн дэндүү цөөн байна. Хоосон цэцэрхэх, сургаар мэдэмхийрэх өвчинд автсан монгол сэхээтэн шиг адгийн амьтан байдаггүй.

Системийн хямрал, нуралтыг зөвхөн системийн түвшинд сэтгэж байж давж чадна…

Судлаач Х.Д.Ганхуяг.

Эх сурвалж: https://gankhuyag.com/ блог

Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог https://gankhuyag.com/- ээс уншина уу?


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:40

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:39

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Zochin [66.181.161.131] 2023-05-31 21:02:53

Холион бантан. Энд тэндээс сайхан хуулжээ. Галзуу хүний тэмдэглэл юм даа

Onoch [66.181.160.82] 2023-06-03 11:23:17

Oilgomjtoi l bichsen bn. Yu ni xolion bantan bn? Chi xeleldee. Chadaxgui l dee. Systemiin shinjilgee xiigeed asuudal namiin tuvshind bn gej dugnesen bn. Ene zuv uu buruu yu gej komment bichij margaj blno.

Зочин [203.23.199.221] 2023-05-31 11:17:58

Энгийн засварчинаас мэдлэгээр бага Монгол улсын зөвлөх инженер олон байнаө.

Зочин [202.9.40.55] 2023-05-30 21:52:31

надаас бусад нь уншаасай

Зочин [103.212.117.122] 2023-05-30 20:11:42

Ганхуяг чи үнэхээр үнэн бөгөөд гашуун ч гэсэн амтыг нь мэддэг хүн байдаг бол уншаад ханахгүй үнэн зүйл бичиждээ. Үүнийг МАН-ын ба АН-ын хулгайчид ил уншихгүй нэрэлхээд, ичээд, харин орондоо орж хөнжлөө толгой дээгүүрээ нөмөрч нууж уншиж өөрөсдөөсөө өөрсдөө ичиж үхэх гэж буйг ойлгож байна аа. БРАВО

Зочин [202.70.44.46] 2023-05-30 17:05:30

Онц


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.