Усан доор аварга уул, шинэ төрөл зүйлийн амьтан олджээ
Усан доор аварга том уул байсныг илрүүлжээ,
2024 оны есдүгээр сарын 2 /CNN/. Дэлхийн хамгийн өндөр барилга болох “Бурж-Халифа”-гийн өндөртэй тэнцэхүйц тэнгэр баганадсан дөрвөн барилгыг дээр дээрээс нь давхарлачихсан байна гээд төсөөл дөө. Энэ бол Калифорни муж улс дахь Шмидтийн нэрэмжит Далайн хүрээлэнгийн удирдсан далай судлаачдын шинээр олж илрүүлж, зураглалыг нь гаргасан усан доорх уулын өндрийн хэмжээ юм.
Номхон далайд Чилийн эргээс 1448 км зайд усан доор орших энэ уул 3109 м өндөр бөгөөд далайн хөвөн, эртний шүр, далайн ховор амьтдын амьдрах орчин болсон усан доорх нурууны нэг хэсэг ажээ. Шмидтийн нэрэмжит далайн хүрээлэнгийн эрдэмтдийн баг наймдугаар сард хийсэн 28 хоногийн судалгааныхаа явцад “R/V Falkor” хөлөг онгоцыг ашиглан тус бүс нутгийг судалжээ. Судлаачид хөлөг онгоцны их биеийн доор суурилуулсан дуу авианы локатор системийг ашиглан уулын зураглалыг буулгасан байна.
“Дууны долгион гадаргуу дээр өгсөж урууддаг бөгөөд түүний тусламжтайгаар хэмжилт хийдэг. Ингэснээр бид далайн ёроолын топографийн талаар мэдээлэл олж авдаг. Одоогийн байдлаар далайн ёроолын дөнгөж 26 орчим хувийн зураглалыг буулгаад байна. Далайн ёроол нь манай гаргийн гадаргуугийн 71 хувийг эзэлдэг” гэж тус хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Жётика Вирмани ярьжээ.
Далай судлаачдын тооцоолсноор, дэлхий даяар 1000 м-ээс дээш өндөртэй далайн уул хамгийн цөөндөө гэхэд 100 мянга байдаг гэнэ. Тэдгээр нь далайн янз бүрийн төрөл зүйлийн амьдрах орчныг бүрдүүлдэг. Шинээр илрүүлсэн усан доорх уул нь Грекийн Олимп уулаас /2917 м/ өндөр бол Японы Фүжи уулаас /3776 м/ намхан ажээ. Түүнчлэн Дубайн “Бурж-Халифа” цамхгийн /830 м/ өндрийг дөрөв дахин үржүүлсэнтэй тэнцэх ажээ.
Судлаачдын багийнхан усан доор ажилладаг робот ашиглан уулын нэгэн хярыг судалж, далайн биологийн төрөл зүйлээр баялаг бүс нутгийг олж нээсэн байна. Тухайлбал, сүнс шиг цагаан Каспер наймаалжийг баримтжуулсан бөгөөд уг амьтныг Номхон далайн өмнөд хэсэгт анх удаа илрүүлсэн тохиолдол нь энэ юм.
Тэд шинээр олдсон төрөл зүйлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг далай тэнгист нуугдаж буй далайн амьтдыг бүртгэх зорилготой “Ocean Census” гэдэг төслийнхөнд хүргүүлнэ. Тус төсөл нь ойрын 10 жилд далайн үл мэдэгдэх 100 мянган төрөл зүйлийн амьтныг илрүүлэх зорилготой бөгөөд ингэснээр далайн гүний экосистемийг илүү сайн судалж, хамгаалах боломжийг олгох ажээ.
Сэтгэгдэл