Бэлтэс мөрөнгийн шүүх хурал ирэх сарын 3-ныг хүртэл дахин хойшилжээ

Aдмин / Нийгэм

Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж байсан “Бэлтэс мөрөн” компани нь иргэдээс мөнгийг нь өсгөж өгнө гэж 15-100 хувийн хүүтэй мөнгө татан төвлөрүүлсэн хэрэгт Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар 2022 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангиар хэрэг нээсэн талаар ЦЕГ-ын залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан өмнө нь мэдээлж байжээ. Мөн Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт 2021 оны дөрөвдүгээр сарын 7-ноос тавдугаар сарын 12-ны өдрийн хооронд нийт 213 тэрбум төгрөгийг иргэдээс татан төвлөрүүлж, Хамтран ажиллах санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээг тэтгэврийн насныхан болон хөгжлийн бэрхшээлтэй, амжиргааны түвшин доогуур иргэдэд туслах нэрээр байгуулж, 2595 иргэнд 45 тэрбум төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулж залилсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсгийн 2.1, 2.2 -д үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн байдаг байна. “Бэлтэс мөрөн” ХХК- ийн үүсгэн байгуулагч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал өнгөрсөн тавдугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн шүүхэд эхэлжээ. Түүнчлэн “Бэлтэс мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааны үеэр шүүгдэгч Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор нараас гаргасан “Өмгөөлөгчөөс татгалзах, шинэ өмгөөлөгчид хэргийн материал танилцуулах” гэсэн хүсэлтийг үндэслэн шүүх хурлыг 2024 оны тавдугаар сарын 29-ний өдрийн 11:00 цаг хүртэл хойшлуулсан талаар Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах албанаас мөн мэдээлсэн юм. Шүүх хуралдаан тус өдрөөс эхлэн Хөвсгөл аймгийн Спортын ордонд хэд хоног үргэлжилсэн ч дахин хойшилсон байна. Энэ талаар Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас тодруулахад “Шүүх хурал эцэслэн шийдэгдээгүй. Нэмэлт ажиллагаа шаардлагатай гэж үзэн шүүх хурлыг ирэх аравдугаар сар хүртэл хойшлуулсан. Шүүхийн нарийн процессыг бид мэдэхгүй” гэсэн юм. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсэгт зааснаар залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн, Шүүгдэгч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир , Д.Цэнгэнбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар / мөнгө угаах гэмт хэргийг энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж, байнга тогтвортой үйлдсэн, Шүүгдэгч Б.Мэндсайхан, Г.Пүрэвсүрэн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн байж. Тус шүүх хуралдаанд улсын яллагч гурав, нэр бүхий хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 377, иргэний хариуцагч дөрөв, гэрч нэг, шинжээч нэг, нэр бүхий хохирогч нарын өмгөөлөгч ес, шүүгдэгч нарын өмгөөлөгч долоон хүн оролцсон байна.

“Бэлтэс мөрөн ” ХХК-ийн хохирогчдын төлөөллөөс зарим зүйлийг тодрууллаа.


-Бэлтэс мөрөнгийн шүүх хурал хойшилсон гэж сонссон. Шүүх хурал хэзээ болох вэ?

Хохирогч 1: -Шүүх хурал аравдугаар сарын 3 хүртэл хойшилсон гэдгийг Бэлтэс мөрөнгийн хохирогчдын чат группээс мэдсэн. Хохирогчид дундаа нэг чат группээр хоорондоо мэдээлэл солилцдог. Яг ямар шалтгаанаар Шүүх хурал хойшилсан шалтгааныг нарийн дурдаагүй байсан. Би тавдугаар сарын сүүлээр эхэлж зургаадугаар сарын эхэн хүртэл үргэлжилсэн шүүх хуралд сууж амжаагүй.

-Хэд дэх удаагаа Шүүх хурал хойшилж байгаа вэ?

-Бараг гурав, дөрөв дэх удаагаа хойшилж байгаа. Хохирогч биш нөгөө талын өмгөөлөгч нь дутуу ирээд л, эсвэл өмгөөлөгч нь хойшлуулах санал гаргаад л байсан. Би нэг удаа шүүх хуралд очсон чинь яллагдагч нарын өмгөөлөгч хойшлуулах санал гаргахад шүүх хүсэлтийг нь хүлээн авч, хурлыг хойшлуулж байсан. Миний хувьд сайн ойлгохгүй, хугацаа аваад байгаа юм болов уу гэж бодож байна. Тэр үед Г.Нямдэлгэр гээд охиныг нь хорих шийдвэр гарч байсан. Чухам юу болсныг сайн мэдэхгүй байна. Аав, ээж хоёр нь, охин, хүү, хүүгийнх нь эхнэр, охиных нь нөхөр гээд гэр бүлээрээ энэ хэрэгт холбогдсон байдаг.

Хохирогч 2:

-Шүүх хурал яагаад хойшлогдсон бэ?

-Би ойрд хуралд суусангүй, нарийн мэдээлэлгүй байна. Дотоод группээсээ мэдээлэл авч байгаа. Шүүх хурал таван сарын сүүлээр 10 гаруй хоног үргэлжилсэн. Гурав дахь удаагаа хойшиллоо. Хүмүүс цөхөрч байх шиг байна. Яах ч боломжгүй, аргагүй л байна. Миний хувьд өөрийнхөө 60 сая, хүн оочер авахуулж, гуйж, надаар гарын үсэг зуруулж хийлгэсэн 60 орчим гээд 120 орчим сая төгрөгөөр хохирсон.

– Энэ компани үйл ажиллагаа явуулж эхлэхдээ хүмүүст амласан мөнгөө өгч байсан уу?

-Эхэндээ хүмүүст мөнгийг нь эргүүлж өгч байсан. Би хоёр удаа эргүүлж авч байсан. Гэнэтхэн нэг өдөр л болохоо байсан. Эхлээд 10 саяас дээш мөнгө хийлгэдэггүй байлаа. Дараа нь хүмүүсээс 50 сая гэх зэргээр их мөнгө авч байгаад хоёр хоногийн дараа л гэнэт алга болсон. Хохирогч нарын дотор 500 саяар нь мөнгөө хийгээд алдсан хүмүүс ч бий.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН


Сэтгэгдэл

Зочин [103.57.92.177] 2024-09-09 19:45:34

Хохь чинь. Шунал ихэдвэл шулам болдог гэлүү айн ккк. Хэдэн тэнэг дангиа нарт аймгаараа сүжрээд бурхан мэт аашлаад байлуу яалаа хахаха.

Зочин [202.9.40.8] 2024-09-08 16:45:04

Цаазлуул таарна иим хулгаач луйварчин бузруудыг

Улс тунхагласны 100 жил мандтугай. [66.181.160.14] 2024-09-06 12:17:12

11-р сарын 26-ныг л хүлээгээд байгаа байхгүй юу даа. Улс тунхагласны 100 жилийн ойн Өршөөлд орчих санаатай л ингэж новширч байгаа. Элдэв шалтаг, шалтгаан дурьдаад л хойшлуулаад л байна, харж л байгаарай.

zochin [64.119.31.179] 2024-09-06 10:58:36

Munguu nugalsan nuhduud ch gesen luivarchid tul shiitgeh heregtei


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.