Эрүүл мэндийн сэтгүүл зүйн хөтөлбөрийг Их, дээд сургуулиудад нэвтрүүллээ
Манай улсад сэтгүүл зүйн хөтөлбөртэй нийт 14 их, дээд сургууль байдгаас 11-д нь жилд дунджаар 700 гаруй сэтгүүлчийг бэлтгэн төгсгөж байна. Олон улсын төрөлжсөн сэтгүүл зүйн том салбар болох Эрүүл мэндийн сэтгүүл зүйн хөтөлбөрийг эх орондоо боловсруулан, нэвтрүүлэхээр сүүлийн 2 жил ажиллаж буй. Хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний нийтийн эрүүл мэндийг дэмжих ажлын хүрээнд нэвтрүүлж байна.
ЗУРГААН ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ХАМТАРСАН БАГ ХӨТӨЛБӨРӨӨ ТАНИЛЦУУЛЛАА
2023 оны хоёрдугаар сараас эхэлсэн уг ажлын хүрээнд МУИС, МУБИС, СУИС-РМУС, АШУҮИС-НЭМС, ХУИС, ОТИС, Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооны судлаач, эрдэмтдийн баг олон улсын харьцуулсан судалгаанд үндэслэн Эрүүл мэндийн сэтгүүл зүйн хөтөлбөрийг боловсруулж дууссанаа өнөөдөр холбогдох албаныханд танилцуулж, ийн хүлээлгэн өглөө.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Нийтийн эрүүл мэндийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэхэд хэвлэл мэдээлэл чухал нөлөөтэй. Олон улсад бүх нийтийн эрүүл аж төрөх зан үйлийг сайжруулахад мэргэшсэн сэтгүүлчдийн үүрэг, оролцоог эрчимжүүлж, улмаар дээд боловсролын хөтөлбөрт мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэж байна. Эмч алдаа гаргавал нэг хүний эрүүл мэндэд аюул учирдаг бол сэтгүүлч алдаа гаргавал нийгмийг аюулд учруулах эрсдэлтэй. Тиймээс бид олон улсын жишгийн дагуу эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэх ажлыг эхлүүлээд байна. Хөтөлбөр боловсруулсан ажлын хэсэгт талархал илэрхийлье” гэв.
Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн профессор Д.Дагиймаа “Энэхүү хичээлийг сэтгүүл зүйн чиглэлээр баклавр бэлтгэдэг их, дээд сургуулиудад оруулснаар сэтгүүлчээр төгсөж байгаа бүх оюутан эрүүл мэндийн болон тус чиглэлийн сэтгүүл зүйн ойлголттой болж төгсөх юм. Бид гадаадын томоохон сургуулиуд болох АНУ, Миссури их сургууль, Айовагийн их сургууль, Колумбын их сургууль, Хонгконкийн их сургууль зэрэг эрүүл мэндийн сэтгүүл зүйн хөтөлбөртэй сургуулиудыг судалж, харьцуулж өнөөдрийн хөтөлбөрөө боловсруулсан. Хөтөлбөрийг судалж, төгссөн сэтгүүлчдийн хувьд нийгэмд эрүүл мэндийн чиглэлээрх мэдээ, мэдээлэл түгээхдээ хууль, эрх зүй, хүний эрх, байгууллагын эрх, нийгмийн сэтгэл зүй, нийгмийн эрүүл мэнд гэхчлэн өргөн хүрээний мэдлэгийг эзэмших юм” гэв.
ЕТГ, “Эрүүл Монгол хүн” албаны дарга, профессор О.Чимэдсүрэн “Гадаадын туршлагатай их, дээд сургуулиудад магистрын түвшинд эрүүл мэндийн сэтгүүл зүйн хөтөлбөрийг гүнзгийрүүлэн судлахаар хөтөлбөртөө оруулсан жишээ цөөнгүй байна. Бид дараагийн шатанд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд ахисан түвшинд эрүүл мэндийн сэтгүүл зүйн хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар ярилцаж байна. Үүний нэг нь төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтыг шат дараатай зохион байгуулахаар холбогдох мэргэжилтнүүдтэй зөвлөлдөж, бэлтгэл хангаж байна… гэв.
Уулзалтад УИХ, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн О.Саранчулуун, ЕТГ-ын ЭМХТХХА-ны дарга О.Чимэдсүрэн болон МУИС, ХУИС, МУБИС, СУИС, ОТИС, ЭМХТ, АШУҮИС, МЭМСЦҮХ зэрэг холбогдох байгууллагын 20 гаруй төлөөлөл оролцлоо.
ӨДРИЙН СОНИН
Сэтгэгдэл