"Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлснээр авлигыг бууруулна"
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг хэлэлцсэн.
Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл буюу төлөвлөлтийн тус баримт бичгийн төслийг урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан судалгаа, шинжилгээнд тулгуурлан, зорилго, зорилт нь хэмжигдэхүйц, шалгуур үзүүлэлт нь зорилгодоо нийцсэн, төлөвлөлт нь үр дүнд чиглэсэн байдлаар бүх талын оролцоог хангаж нийт 40 төсвийн ерөнхийлөн захирагчтай хамтран боловсруулалтыг хийжээ.
Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төсөл нь “Шинэ итгэл-Эрс шинэтгэл”-д зорин “Хүний хөгжил”, “Нийгмийн хөгжил ба үндэсний нэгдмэл үнэт зүйл”, “Эдийн засаг ба дэд бүтцийн хөгжил”, “Байгаль орчин, ногоон эдийн засаг”, “Засаглал, дижитал шилжилт”, “Бүсийн хөгжил”, “Үндэсний өрсөлдөх чадвар”, “Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун” гэсэн бодлогын 8 чиглэлээс бүрдэх бөгөөд энэ хүрээнд үндэсний 10, салбарын 35, төсвийн ерөнхийлөн захирагчийн 85, хөтөлбөрийн 200 үр дүн, нийт 330 үр дүнг тодорхойлсон байна.
Эдгээр үр дүнг хэмжих шалгуур үзүүлэлтийг НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын шалгуур үзүүлэлтүүдтэй уялдуулж тодорхойлсон нь олон улсад хүлээсэн Монгол Улсын үүрэг амлалтыг биелүүлэх, нөгөө талаас уг баримт бичгийн боловсруулалтын чанарыг сайжруулахад чухал алхам болсон хэмээн төсөл санаачлагч үзсэн аж.
Бодлогын дээрх найман чиглэлийн хүрээнд үндэсний 10 үр дүнг тодорхойлж тусгасан байна. Тухайлбал, чанартай, хүртээмжтэй боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг иргэн бүрд тэгш хүргэж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн хүний нөөцийг бэлтгэн, хүний хөгжлийн үзүүлэлтийг 0.813 оноонд хүргэх;
хөдөлмөр эрхлэлтийн түвшнийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж, цалин хөлс, нийгмийн даатгалын уялдаа холбоог сайжруулах замаар зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, дундаж давхаргын эзлэх хувийг 20 хувиар нэмэгдүүлэх; эх хэл, түүх, өв соёлоо дээдэлсэн үндэсний соёлын дархлааг бэхжүүлэн, эв нэгдлийг бататган үндэсний нэгдмэл үнэт зүйлсийн үзүүлэлтийг 55 хувьд хүргэхээр тусгажээ.
Мөн эрүүл, аюулгүй амьдрах орчин, хүртээмжтэй орон сууц, чанартай нийгмийн хамгааллын үйлчилгээгээр амьдралын чанарыг дээшлүүлж, гэр бүлийн эрүүл тогтвортой байдлыг бэхжүүлж, хүүхдийн хөгжил хамгааллыг шинэ шатанд гаргаж, нийгмийн сайн сайхан байдлын үзүүлэлтийг 20 хувиар өсгөхөөр;
боловсруулах салбарын боловсруулалтын түвшнийг дээшлүүлж, бүтээмж, төрөлжилтийг нэмэгдүүлснээр эдийн засгийн тогтвортой өсөлтийг 6 хувиас дээш түвшинд тогтвортой хадгалахаар; анхдагч экосистемийн тэнцвэрийг хангаж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, байгалийн нөөц баялгийн нөхөн сэргээлт, зохистой ашиглалтыг дэмжин, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлж байгаль орчны гүйцэтгэлийн үзүүлэлтийг 59 оноонд хүргэхээр тус тус тооцсон байна.
Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлснээр авлигыг бууруулж, шударга ёсны тогтолцоог бэхжүүлж, ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлж, цахим засаглалыг дэмжиж, иргэн төвтэй үйлчилгээг бүрдүүлж зөв засаглалын үзүүлэлтээр эхний 90 орны нэг болох; бүс, орон нутгийн хөгжлийн ялгааг багасгаж, эдийн засгийн хувьд төрөлжүүлж,
хүн амын шилжилт хөдөлгөөнийг тэнцвэржүүлэх замаар орон нутгийн хөгжлийн үзүүлэлтийг 20 хувиар нэмэгдүүлэх; бизнес эрхлэх орчныг сайжруулж, зах зээл дэх төрийн оролцоог багасгах, шударга өрсөлдөөнийг дэмжих, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах, татварын болон гаалийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, Монгол Улсын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр тэргүүлэх 50 орны нэг болох боломжтой хэмээн үзжээ.
Түүнчлэн Монгол Улсын хөгжилд оруулах шинжлэх ухаан, технологи, инновацын хувь нэмрийг дээшлүүлж, төр, хувийн хэвшил, судалгааны байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлж, Дэлхийн мэдлэгийн индексийг 52.4 оноонд хүргэнэ хэмээн тооцсон байна.
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу “Монгол Улсын 2026-2030 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн төслийг боловсруулсан бөгөөд түүнд хөгжлийн төслүүдийг эрэмбэлж, 30 тэрбум төгрөгөөс дээш өртөгтэй, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл хийгдсэн, хөгжлийн урт болон дунд хугацааны бодлоготой нийцсэн төсөл, арга хэмжээнүүдийг тусгасан болохыг Н.Учрал сайд танилцууллаа.
“Монгол Улсын 2026-2030 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн төсөлд санхүүжилтийн эх үүсвэр нь шийдвэрлэгдсэн 66.6 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 87 төслийг тусгасан ба нийт 55.2 их наяд төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнээс 2026 онд 10.3 их наяд төгрөгийг, 2027 онд 14.4 их наяд төгрөгийг, 2028 онд 14.9 их наяд төгрөгийг, 2029 онд 9.1 их наяд төгрөгийг, 2030 онд 6.4 их наяд төгрөгийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн.
Тус төслүүдийн 44.8 хувь буюу 39 төслийг улс, орон нутгийн төсвөөр, 28.7 хувь буюу 25 төслийг гадаадын зээл, тусламжаар, 16.1 хувь буюу 14 төслийг шууд хөрөнгө оруулалтаар, 3.4 хувь буюу 3 төслийг төр-хувийн хэвшлийн түншлэлээр, 2.3 хувь буюу 2 төслийг Засгийн газрын гадаад, дотоод үнэт цаасаар, 3.4 хувь буюу 3 төслийг холимог эх үүсвэрээр, 1.1 хувь буюу 1 төслийг бусад эх үүсвэрээр санхүүжүүлэх юм байна.
Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа нийт 14 удаагийн олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, Шинжлэх ухааны академийн Бага болон Их чуулганаар хэлэлцүүлсэн нь шинжлэх ухаанд суурилсан бодлого боловсруулахад онцгой ач холбогдолтой болсон гэж үзжээ.





























































Сэтгэгдэл
зочин [66.181.189.194] 2025-11-12 09:35:00
2050 он хүртэл чиглэл хийчихээ биз дээ