“Парис-2024” Олимпын галыг маргааш асаана

Aдмин / Гадаад мэдээ

Парисын Олимпын наадмын галыг асаах ёслол Грекийн эртний Олимпын тууринд наадам эхлэхээс 100 хоногийн өмнө буюу мягмар гарагт болно. 2020 оны Токиогийн Олимп, 2022 оны Бээжингийн Олимпын гал асаах ёслолыг “Ковид-19” цар тахлын улмаас цомхон хүрээнд зохион байгуулж байсан бол энэ удаагийн ёслолыг цар тахал дэгдсэнээс хойш анх удаа үзэгчдийг оролцуулан явуулах гэж байна. Мягмар гарагт болох ёслолд Грекийн Ерөнхийлөгч Катерина Сакелларопулу, Олон улсын Олимпын хорооны тэргүүн Томас Бах тэргүүтэй 600 орчим нэр хүндтэй зочин оролцох төлөвтэй байна.

Олимпын галыг МЭӨ 776 онд анх Олимпын наадмыг зохион байгуулж байсан Грекийн баруун өмнөд нутгийн Олимпын тууринд парабол толинд туссан нарны гэрлээр асаадаг билээ. Олимпын сүлд дууг Америкийн меццо-сопрано хоолойт дуучин Жойс ДиДонато эгшиглүүлнэ.

2600 жилийн настай Хера сүмийн туурин дээр явагддаг ёслолын ажиллагааны үеэр галт бамбарын буухиа эхэлдэг. Мягмар гарагт үүлэрхэг байх төлөвтэй байгаа хэдий ч зохион байгуулагчид нэг өдрийн өмнө туршилтын журмаар ёслолыг хийдэг уламжлалтай. Даваа гаргийн хувьд галыг асаахад тохиромжтой нарлаг өдөр болох төлөвтэй байна.

Галт бамбар нь наадмын туршид ариун гал асдаг байсан эртний Олимпын наадмуудаас үүсэлтэй бөгөөд энэхүү уламжлалыг 1936 оны Берлиний Олимпын наадмаас сэргээж байсан түүхтэй. Парисын Олимпын галт бамбарыг буухиалах эхний хүн бол Грекийн тамирчин, 2020 оны Олимпын сэлүүрт завины аварга Стефанос Доускос байх юм.

Харин 2004 оны Афины Олимпоос анхны алтан медалиа хүртсэн Францын усан сэлэлтийн зодог тайлсан тамирчин Лауре Манауду Францын талаас бамбар буухиалах анхны хүн болно гэж Грек дэх эх сурвалжууд мэдээлжээ. Грект галт бамбарыг 11 хоногийн турш буухиалах бөгөөд 600 орчим хүн 41 хотоор 5000 км зайд аялуулах ажээ.

Олимпын галыг хөлөг онгоцоор тээвэрлэнэ

Олимпын галыг Парисын наадмыг зохион байгуулагчдад гардуулах ёслол 1896 онд орчин үеийн анхны Олимп зохион байгуулагдаж байсан “Панатенаик” цэнгэлдэх хүрээлэнд дөрөвдүгээр сарын 26-ны өдөр болно. Энэхүү ёслолд 89 настай Грекийн дуучин Нана Мускури урилгаар оролцож ая дуугаа өргөнө. Улмаар дөрөвдүгээр сарын 27-нд Олимпын галыг “Афин-1896” наадмаас хэдхэн долоо хоногийн дараа далайд анх гарч байсан 19 дүгээр зууны үеийн хөлөг онгоцоор Парис руу тээвэрлэх ажээ.

Ийнхүү Олимпын галыг тавдугаар сарын 8-нд Францын Марсель хотод авчирна. Үүний дараа 10 мянган хүн Францын 64 нутаг дэвсгэрээр буухиална. Ингэхдээ Францын эх газар болон Карибын тэнгис, Энэтхэгийн далай, Номхон далай дахь нутаг дэвсгэрээр 12 мянган км замыг туулж, 400 хот суурингаар аялуулах ажээ. Парисын Олимпын нээлтийн ёслол долоодугаар сарын 26-нд Сена мөрөн дээр болох бөгөөд түүхэнд анх удаагаа цэнгэлдэх хүрээлэнгээс өөр газарт зохион байгуулна.

Э.ХУЛАН

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.