Австралийн тухай тэмдэглэл-2

Д.Тулга / Улстөр

Хоёр. Цаст уулсын хөндий дэх Цастын голын эрэг дээр

Австрали тив /Энэ тивд бас шинэ Зеланд улс нутаг дэвсгэрээрээ хамаарагддагийг эрхэм уншигч авхай юу эс андах/, Австрали улсыг бид нэг их нар шарж гал шатсан халуун дулаан газар орон шиг боддог. Монголтой харьцуулбал тэр үнэн л дээ. Тэгэхдээ Австрали дөрвөн улиралтай-хавар, зун, намар, өвөл ээлжлэн эргэлддэг, тэр ч битгий хэл цас ч ордог гэвэл зарим хүн гайхах байх. Эндхийн хүн ард өөрийн нутаг усаа Цэнхэр уулс, Цаст уул, Цастын гол гэх зэргээр нэрлэсэн нь бишгүй тааралдана. Цэнхэр уулс нь цэлийтэл хөхөмдөглөж харагдана. Тэнд байхгүй ан амьтан, өвс ургамал гэж бараг үгүй.

Нэг тив- нэг улс Австралийн газар нутгийн ихэнхийг, ялангуяа төв хэсгийг нилэнхүйд нь +50 хэмээс дээш халдаг элсэн цөл, эзгүй хуурай амьгүй мэт нутаг дэвсгэр эзлэдэг нь үнэн боловч далай тэнгистэй залгасан эргэн тойрны бүс нутгууд нь үлгэрийн гэмээр үржил шимтэй хөрстэй, түмэн зүйлийн цэцэг навч алагтарч, ой мод ногоорон дуниартана. Ан амьтан, араатан жигүүртнээр гайхам баян. Австрали тивийн нэг захаас нөгөө захыг хүртэл гол дундуур нь дан ганц галт тэргээр аялбал 4 өдөр, шөнийг өнгөрүүлэх хэрэг гарах бөгөөд өөр гариг, тухайлбал Ангарагт очсон мэт мартагдахын аргагүй сэтгэгдэл үлдээдэг байна. Аяллын ийм тусгай зориулалтын галт тэрэгний үйлчилгээтэй, төлбөр нь нэг зорчигчийнх 4200 австрали доллар. Австрали долларын ханш америк долларт харьцангуй дөхөж дүйж очно гээд бодох юм бол яггүй өндөр үнэ өртөгтэй болох нь мэдрэгдэнэ. Аятай таатай аялах бүх нөхцөл бололцоог дотор нь бүрдүүлж өгсөн ч гэлээ галт тэрэгнээс гадагш гаралгүй дөрөв хоног аялах гэдэг бас ч амаргүй. Улаанбаатар-Москва хоорондын суудлын вагоныг үүнтэй харьцуулж мэдээж болохгүй ч оюутны зургаан жилд би 90 хоног буюу бүтэн гурван сар галт тэргээр нааш цааш явсан түүхтэй болохоор үүнийг муугүй гадарлаж байна.

Энэ удаад бид Австралийн алдарт Цаст уулыг зорилоо. Канберрагаас Тасман тэнгис хүрэхэд дан уруудсан бол одоо шувтан өгсөнө. Яагаад гэвэл бидний зорьсон Цаст уул нь Австралийн Альпийн нуруу гэсэн үг. Шинэ өмнөд Уэльс муж улсын нутагт оршино. Австрали тив, тус улсын хамгийн өндөрлөг уулс. Австралийн хойт ба өмнөд хэсгийг бүхэлд нь хамрана. Тус тив нь өндөр уулсын таван бүстэй агаад тэр нь Цаст уулаар ерөнхийдөө баримжаалж хэмжигдэнэ. Далайн түвшнээс 2100 метрээс дээш өргөгджээ. Хамгийн өндөр цэгийг Костуцшко гэх бөгөөд далайн түвшнээс 2228 метрийн өндөрт аж. Европчууд энэ тив, бүс нутгийг 1935 оноос эрчимтэй судалж эхэлсэн байх агаад үүнээс өмнө буюу 1840 онд Польшийн аялагч эх оронч Эдмунд Стшелецкий анх хамгийн өндөр уулын оройд гарчээ.

Газар зүйн эрдэмтэн судлаачид 20 мянган жилийн өмнөөс энд хүмүүс суурьшин аж төрж байсныг тогтоосон байна. Европчууд тус тив, Цаст уулын бүс нутагт хөл тавьж олноороо ирэх болсноор бэлчээрийн малыг сүрэг сүргээр өсгөж үржүүлэх болжээ. Австралийн алдарт яруу найрагч Банджо Патерсоны “Цаст голын хүн” шүлэглэлд тэр цаг үеийн үйл явдлыг өгүүлжээ. Түүний хөшөө дурсгал нь эндхийн Жиндабай хотын төвд сүндэрлэнэ. Энэ бол зохиолч, сэтгүүлчид өөрийн цаг үеийг өнгө будаггүй үнэнээр нь бичиж үлдээх гэдэг ямар чухлыг харуулж буй нэг бэлээхэн жишээ юм. Хичнээн гашуун ч бай үнэнийг бичиж үлдээж байх нь сэтгүүлчийн үүрэг болно.

Далай тэнгисийг даган бүслэж эмжсэн Австрали тивийн цорын ганц уулархаг эрэг нутаг болох Цаст ууланд жил бүрийн 5-10 дугаар сард цас орно. Тэр нь 11 дүгээр сараас хайлж эхлэх тул дээрх хугацаанд уулын цанын спортыг сонирхогч мянга мянган хүний хөлд Цаст уул битүү дараастай байдаг байна.

Цаст ууланд уулын цанын спорт 1860-аад оноос хөгжиж эхлээд хорьдугаар зуунд оргилдоо хүрчээ. Үүнд нь эл нутаг дэвсгэр дэх алт олборлолт, усан цахилгаан станцын бүтээн байгуулалтууд бүр ч хүчтэй нөлөө үзүүлжээ. Эдүгээ энд орчин үеийн цанын дөрвөн том төв үйл ажиллагаагаа явуулж байна. 19-р зуунд Киандрийн ойролцоох алтны уурхай нээгдэж газар газрын эрэлчид шоргоолж шиг бужигналдах болсон гэнэ. Дөрвөн мянган алт олборлогчид энд ертөнцийн дөрвөн зүг найман зовхисоос бал үнэртсэн зөгийн сүрэг шиг цугларч, тэдэнд Киандрийн 14 зочид буудал өдөр, шөнөгүй үйлчлээд хүрэлцэж ядаж байсан мэдээлэл, 1861 онд энд алтны жинхэнэ халуурал гэгч болж дээд цэгтээ хүрч байлаа гэж түүхэнд бичигдэж үлджээ.

Хэдэн жилийн өмнө Австралид ирээд Балларатын алтны уурхайн тосгон музейг үзсэнээ огт мартдаггүй юм. Алтыг эрж хайж олохоос эхлээд цэвэр алт болгон цэвэршүүлж эрдэнэсийн санд хүлээлгэн өгөх хүртэлх бүх үйл явцыг үзэгчдэд үзүүлнэ. Зуу гаруй жилийн өмнө алтны уурхай ямар байсан яг тэр чигээр нь хадгалж үлдсэн нь гайхалтай. Төмрийн дархан эр гэхэд 18-19-р зуунд морь тахалж байсан цехээ ажиллуулсан хэвээрээ морьдын тах цутгаж балбаад сууж байсан. Шуудан, холбоо,эмнэлэг, эмийн сан, сургууль... бүгд өмнөх зууны дүр төрхийг хадгалсан янзаараа. Өглөөнөөс үдэш хүртэл хонон өнжин саатаж алтны тосгон-музейг үзэж сонирхож билээ. Газрын гүнд орж гарч, гаднах худалдаа арилжаа, зах зээлийн газраар нь хөл цуцатлаа тэнүүчилж нэг өдрийг нүд ирмэхийн зуурт өнгөрүүлсэн. Үдэш оройн гүн харанхуйд Австрали тивийн уугуул иргэд аборигенчуудын амьдралыг дэлгэн үзүүлсэн дүрст гэрлэн бичлэгийг ил задгай цэцэрлэгт хүрээлэн дотор хэдэн зуу, мянгаад аялагчдын хамт үзэж суухад үгээр илэрхийлэхийн аргагүй сонин мэдрэмж төрж байж билээ. Тэгж яваад хөдөө хээр аялахдаа цайг халуунаар нь барьдаг аяныхаа цайны аягыг би гудамжны сандал дээр орхисноо маргааш өглөө нь үгүйлэв. Орхисон газраа очиж үзвэл алга. Тосгоны нэг иргэн надад шуудан холбоон дээр оч, зуун жилийн өмнө хүмүүсийн орхисон, мартсан зүйлсийг тэнд аваачиж өгдөг байсан юм. Тэр уламжлал хэвээрээ байгаа гэлээ. Тэр ч худлаа байлгүй дээ хэмээн инээд хүрсээр шуудан холбооны газарт хүрч очвол байж байнаа. Хэн нэг нь олоод энд авчирч орхижээ. Уншигч танд үнэмшилгүй сонсогдож байж мэдэх ч уламжлал ба шинэчлэлээ австраличууд ийнхүү хадгалан хөгжүүлж буй нь содон бөгөөд сонин байлаа. Австралийн алтны Киандра уурхайн буурин дээр ч юм юм л байдаг бололтой. Жуулчид олноороо ирдэг гэнэ.

Гуч гаруй жилийн тэртээ Энэтхэгт очсоноо бас мартаагүй байна. Дундад зууны үеийн энэтхэгчүүдийн аж төрж байсан тосгон-музейг үзсэн юм. Энэтхэгчүүд гурван зууны тэртээ яаж аж төрж байсныг яг тэр чигээр нь сэргээж үзүүлсэн байсан. Манай цаатнуудын урцыг санагдуулсан овоохой шовоохойгоор нь орж халуун газрын нүцгэн шалдан шахам жирийн энэтхэг хүмүүстэй нь хамт зэрэгцэн суугаад үндэснийх нь өдрийн хоолоор дайлуулж цайлуулж суухад тун таатай байсныгаа хэлье. Эргэн тойронд бүжиг наадам, дуу хуур зай завсаргүй үргэлжилнэ. Энд ч илбэ үзүүлж, тэнд ч могойн тоглолт харуулж байх жишээтэй. Нэг жижигхэн тавцан дээр арав хүрэхгүй насны хөөрхөн хүү Майкл Жексоноос дутах юмгүй дуулж бүжиглэж үзүүлэхийг хараад нүд бүлтрэн гайхахдаа халаасандаа байсан тавин рупийг гарган өгвөл газарт сунаж мөргөх нь холгүй баярлаж байж билээ. Хаа газрын хүүхдүүд өхөөрдөм хөөрхөн.

Энэ бүхнийг энд нуршин дурсаж ярихын учир гэвэл аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж чанга дуугаар байнга ярьж хэлдэг болсон Монголд 13 дугаар зууны монгол хот айл, саахалт хөршүүдийн аж амьдрал, үйл ажиллагааг үнэн мөнөөр нь дэлгэн үзүүлсэн тэнгэрийн дорх ил задгай дэлгэмэл үзмэр манайд байж болдоггүй юм болов уу гэж хэлэх гэснийх. Тэнд нь ааруул, өрөм хийж, бяслаг шахаж, тараг бүрж, айраг исгэж байхаар шүү. Тэгээд тэрийгээ малчид нь бас зарж борлуулж байг л дээ. Хот айлын уяан дээр хурдан шарга хүлэг морьд нь, хотны захад ховордож цөөрсөн дөрвөн нүдтэй хоточ банхар нохой нь ч хэвтэж л байг.

Малчид нь морь уралдуулж, бөх барилдуулж, нум сум харвуулахыг надаар хэлүүлэлт юун. Сониуч зарим жуулчид монгол гэрт хонон өнжин саатвал хорол, шагай, оньсон сүлжээ тоглоом, шатар даам зэрэг үндэсний тоглоомуудаараа тоглуулж, хүсвэл “Тунгалаг Тамир”-ын баян Итгэлтийн дуртай цүү хаяулсан ч яадаг юм. Баруун аймгуудад бол “цагаан мод хаяна” гэдэг юм. Нүүдэлчдийн өв соёлыг үзүүлсэн сайхан үзмэр болж чадна даа гэж бодогдох юм. Урьд нь би энэ тухай бичиж байсан. Зохиолч, сэтгүүлчдийн хийж чадах юм бол үзсэн харснаа бичиж тэмдэглэж үлдээх. Өөр ид шид, хүч чадал бидэнд ямар байх биш. Хэн нэгэн, жишээ нь аль нэг аймгийн фермерийн авхаалж самбаатай нэг эзэн олж үзээд ажил хэрэг болгохыг хэн байг гэх билээ.

Манай хүргэн Австралийн нэг фермерийн эзнээс 7 хоног бүр 50 литр үнээний сүү худалдаж авдаг юм байна. Түүгээр нь юу хийдгийг сүүлд би дэлгэрүүлж өгүүлнэ. Хоёр литрийн эко саванд хийж савлаж өгдөг юм билээ. Эзэн нь энэ их сүүгээр та нар юу хийдэг юм бэ гэж сонирхож байна гэсэн. Уудаг юмаа гэж хариулахад “сайн уудаг юм байна” гээд хөхрөлдөж байна гэсэн...

Удалгүй өөр нэг бүтээн байгуулалт буюу Цаст уулын усан цахилгаан станцын их бүтээн байгуулалт эхэлснээр Австралийн Альпийн нуруу ахиад л мянга мянган хүний хөлд дарагдах болсон байна. 1949 он гэхэд энд дэлхийн 30 гаруй улс орноос хүрэлцэн ирсэн 100 мянган хүн аж төрөх болжээ. Бүхэл бүтэн хот бүтээж босгоод тэндээ суурьшсан байна.

Алт олборлолт ба усан цахилгаан станцын үйл ажиллагаа аль аль нь Австралид уулын цанын спортыг хөгжүүлэхэд эергээр нөлөөлж 1957 онд уулын цанын анхны өргөгч туузан замыг ашиглалтад оруулжээ. 1978 онд түүнийгээ улам өргөжүүлээд уулын цанын спортын иж бүрэн цогцолбор болгож тохижуулсан байна. Зам, талбай, үйлчилгээний төвүүд энд тэндгүй буй болжээ. Уулсын тунелийг ч барьж байгуулсан аж.

Австралийн нийслэл Канберрагаас өглөөгүүр гараад гурван цаг гаруйхан давхиад Цаст уулын далайн түвшнээс дээш мянга нэг зуун метрт орших өндөр даваан дээр өгсөн гарч ирэв. Эндхийн дардан зам нь толь мэт тэв тэгшхэн агаад энд хүрээд шувтарч байна. Австралийн хот тосгодыг холбосон засмал нь дардан зам нэрийнхээ утга агуулгыг бүрэн илэрхийлж чадаж байна. Доргих, донслох гэдэг ойлголт энд алга. Яах нь вэ гэж бодоод машин дотор явуут цаасан дээр тэмдэглэгээ хийж үзлээ. Болж байна. Зам нь тийм тэгшхэн байж чадаж байна. Харин өндөр уул, даваанд бол мэдээж өөр хэрэг. Цаст уулын энэ даваанаас цааш уулын шороон замаар уруудах шаардлагатай ажээ. Даваан дээр алсын бараа харах талбай, бяцхан чулуун хөшөө, хүмүүс амарч суух сандал ширээ, машин тавих цардмал талбай бүгд байна. Хэд хэдэн гэрэлт самбар босгосон байх агаад тэнд Цаст уулын талаарх товч танилцуулга бичээстэй. Өндөр өндөр хөхөмдөг ногоон уулс алсад униартан дуниартан харагдана. Өндөр уулын нарс, австрали тивийн унаган ургамал эвкалипт модоор битүү бүрхээстэй ажээ.

Хөшиг нээгдэж нүдний өмнө тэнгэр, газар дэлгэгдэн тавигдах шиг болов. Тэртээх модот уулын энгэрт үүлэн чөлөөний нар тусаад гэрэлтэн бамбарлаж байна. Түүнээс дутуугүй өндөр хажуугийн ууланд бороо орж намиатан хөшиглөж байхад зэргэлдээх ууланд нь долоон өнгийн солонго татан дугуйрав. Хойт, урд хоёр их уулын дундах хавцал хөндийгөөр Цастын гол шуугин шаагин урсана. Дээрх хөх тэнгэрт хөвөн цагаан үүлс нүүдэллэж, доорх ногоон газарт өвс ногоо халиурч, цэцэг навч алагтрана. Өнгө өнгийн эрвээхэй цэцэг дамжин нисэн буун эргэлдээд, тэднээс дутуугүй олон өнгө янзын шувууд моддын мөчир дамжин янз бүрийн дуу авиа гаргаж шулганалдан жиргэлдэнэ. Таньж гадарлахаас өнгө өнгөөр туяарч солонгорох өөр өөр янзын том, бага тотиуд байна. Бас австраличуудын эрхэмлэн хайрладаг, энд тэндгүй зураг хөрөг нь өлгөөстэй байдаг, том багаараа тагтаанаас арай жижигхэн Кукабара хэмээх өнгө алаг өдөт шувуухай эвкалипт модны мөчир дээр суугаад биднийг сонирхон ширтэж байх аж.

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:17:09

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:17:09

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Ха ха ха [103.145.234.77] 2024-05-14 19:00:19

Байгаль дэлхийн бүтээсэн гайхамшиг газар бүрд л байдаг Тус улсын хөгжил хүнийг жаргалтай байлгах нөхцөлийг бүрдүүлж өгсөн тухай бичвэл яасан юм бэ, сэтгүүлч өвөө гуай. Энэ оронд урт насалж, удаан жаргая гэдэг бодол төрдөг юм билээ.

Зочин [202.21.113.42] 2024-05-14 14:33:53

газар газрын энэ их сайхан гайхамшигт бүтээн байгуулалтыг газар дээр нь нүдээр үзсэн та нар л хийж улс орноо хөгжүүлэх хэрэгтэй. Түрүүчээсээ монгол оронд төрж өсөөгүй юм шиг зугтацгааж байна. Улны гэгдэх бид нарт эх орноо гэх сэтгэлээс өөр юм даанч алга.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.