Г.Эрдэнэцолмон: Хушин ойн тогтвортой менежментийг ЗАЙЛШГҮЙ хэрэгжүүлэх шаардлага тулгараад байна

Монголын байгаль хамгаалагчдын холбооны тэргүүн Ганбаатарын Эрдэнэцолмонтой хушин ойн ашиглалт, самрын нөөцийг хэрхэн зүй зохистой бэлтгэх болон хуш модонд хохирол учруулсан тохиолдолд тооцох аргачлалын талаар ярилцлаа.
Тэрбээр 2009 онд МУИС-ийг ой зүйч мэргэжлээр төгсөж,2015 онд ойн мэргэжлээр магистрын зэрэг хамгаалж, 16 жил байгаль орчны салбарт ажилласан туршлагатай бөгөөднутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийн чиглэлээр хэд хэдэн төсөл хэрэгжүүлсэн байна.Одоогоор ойн тогтвортой менежмент хэрэгжүүлэх,ойн нүүрстөрөгчийн хуримтлал тооцох, байгалийн нөөцийн зохистой менежментийн чиглэлээр хэд хэдэн олон улсын байгууллага, хөгжлийн төсөлд зөвлөхөөр ажиллаж буй юм.
-Судалгааныхаа явцын талаар товч танилцуулахгүй юу?
-Өмнөх судалгааны үр дүнгээс харахад хушин ой уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг байгаа нь ажиглагдсан. Уур амьсгалын нөлөөнөөс үүдэн хушин ойн талбайн хэмжээ багасах хандлагатай байгаа юм. Сүүлийн 12 жилийн хугацаанд хушин ойн талбай 12 хувиар багассан бөгөөд үүнд хамгийн том нөлөөлсөн хүчин зүйл нь сүүлийн жилүүдэд гарч буй ой хээрийн түймэр юм. Өнөөдөр Монгол улсын хэмжээнд нийт 612 мянган га талбайг хушин ойн талбай эзэлдэг. Энэ нь томхон сумын газар нутагтай тэнцэх хэмжээний л талбай юм. Хушин ой нь экологийн хувьд хамгийн өндөр ач холбогдолтойд тооцогддог. Учир нь, хамгийн олон зүйлийн хөхтөн амьтад, шувууд байдаг. Жишээлбэл, 70 орчим зүйлийн хөхтөн амьтан, 200 гаруй зүйлийн шувуудын хоол тэжээл, орон байр болдог. Эртний Франц хэлэнд Ой гэдэг нэр томьёо нь “зэрлэг амьтдын диваажин” гэж тодорхойлсон байдаг. Тэгэхээр ой бол орон байр, хоол тэжээл гэсэн үг. Хүн төрөлхтний хувьд ч, амьтдын хувьд ч ялгаагүй экосистемийн үйлчилгээний хувьд хамгийн өндөр үр өгөөжтэй нь байдаг.Мөн нүүрстөрөгчийн хуримтлалыг хамгийн ихээр хадгалдаг. Үнэхээр экосистемийн хувьд хамгийн өндөр ач холбогдолтой“ОЙ” гэдгийг дахин дурьдах нь зүйтэй.
-Хушин ойн самрын биологийн ургац тодорхойлох, хохирлыг тооцох аргачлалын талаар сургалт зохион байгуулж байна уу?
-Монголын байгаль хамгаалагчдын холбоо, Монгол самрын кластерийн холбоо, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Ойн газартай хамтарч хушин ойн самрын биологийн ургац ба ашиглалтын нөөц тооцох, хэрвээ хуш модонд хохирл учруулсан тохиолдолд хохирлыг хэрхэн тооцох аргачлалыг байгаль хамгаалагч, экологийн цагдаа, сумын болон сум дундын ойн ангийн мэргэжилтнүүд, ойн нөхөрлөлүүдэдцуврал сургалт, дадлага байдлаар зохион байгуулж байна. Мөн түүнчлэн самар түүж бэлтгэдэг иргэд, бүлгүүдэд “Болц гүйцсэн үед нь модоо гэмтээхгүй түүж авах” аргазүйг зарим нэг технологи, арга аргачлалын хамт танилцуулж, хариуцлагын гэрээ хийн ажиллаж байна.Зөвхөн төр үүнийг хэрэгжүүлнэ гээд хараад суувал хүний нөөц, санхүү хаанаа ч хүрэхгүй. Тиймээс төр, ТББ-ууд, түүж бэлтгэдэг иргэд, орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүд, ойн анги, байгаль хамгаалагчид бүгд хамтын хүчээр ХУШИН ОЙГОО ХАМГААЛАХ, ЗҮЙ ЗОХИСТОЙ АШИГЛАХ боломжтой гэсэн санаачлагаар олон талуудтай хамтран ажиллаж байгаа юм. Монголын байгаль хамгаалагчдын холбооны эрхэм зорилго бол байгалиа хамгаалах. Гэтэл байгаль хамгаална гэдэг хав дарахын нэр биш. Зүй зохистой ашиглалт, зөв менежментийг хэлнэ гэж тодорхойлдог. Энэхүү ажил нь холбооны зүгээс хэрэгжүүлж буй олон ажлуудын нэг нь болж, цаашид тогтмолжуулахаар зорьж байна.
–Монгол орныгазар нутгийн хэчнээн хувийг ойн сан эзэлдэг вэ?
-Монгол Улсын нийт газар нутгийн 12 хувийг ойн сан бүхий газар эзэлдэг. Үүнээс 8.4 хувийг ойгоор бүрхэгдсэн талбай эзлэх бөгөөд 612 мянган га буюу 5.25 хувийг хушин ойн талбай эзэлдэг. Үнэхээр бага талбайтай. Хушин ойн хамгийн гол зохицуулах үйлчилгээ нь амьтдын орон байр, хоол тэжээлээс гадна цэвдэгийг тогтоон барих юм. Мөн голуудын эх бүрэлдэхэд хушин ойгол хүчин зүйл нь болдог. Алтайн нурууны голууд мөнх цаснаас эх авдаг голуудыг эс тооцвол Хангай, Хэнтий, Хөвсгөлийнуулсаар байгаа голууд голчлон хушин ойгоос эх авдаг өвөрмөц онцлогтой. Тиймээс усыг тогтоон барих, цэвдэгийг хадгалахад хушин ой чухал ач холбогдолтой. Хуш нь нарсны овогт хамаардаг тэр ч утгаараа таван шилмүүст нарс юм.Манайд ургадаг нь Сибирь хуш /pinussibirica/.
"Самрыг олон жил авч ашиглахаа бодвол НӨӨЦӨД тулгуурлан, хуш модоо гэмтээхгүйгээр, болц гүйцсэн үед нь түүх ХАМГААС чухал"
–Хушин ойг хамгаалахад сөргөөр нөлөөлж буй хүчин зүйл юу байна вэ?
-Хушин ой нь экосистемийн үйлчилгээний хувьд эдийн засгийн хувьд хамгийн өгөөжтэй. Монгол Улсын экспортын бүтээгдэхүүний дөрөвт хушны самар ордог. Дунджаар 100 орчим сая ам.доллар буюу 300 гаруй тэрбум төгрөг самрын экспортоос олж байна. 2020 оны байдлаар 40 мянган хүн хушны самар бэлтгэхээр ажилласан байдаг. Цалингаас нь хэд дахин өндөр орлого олдог учраас самар гарсан жил орон нутагт ажил хийх хүн олдохоо байчихдаг юм. Иймд хэдийгээр хушин ой бага талбай эзэлдэгч боловч эдийн засгийн хувьд үр өгөөж асар их байгааг харж болно. Хушны самар хамгийн тэжээллэг хүнс.Тиймээс ихэнх ичээндээ ордог амьтад хушны самраар хооллож, тарган тавтай өвөлжих нөхцөл бүрддэг. Хүнд ч гэсэн хушны самрын шим тэжээл ач холбогдолтой. Бусад хүнснээс авч чадахгүй витамин, амин дэмийг нөхөх боломж хушны самарт байдаг.Тиймээс дэлхийн хамгийн чанартай, эко хүнсний тоонд ордог.
-Монгол Улс сүүлийн жилүүдэд хушны самрыг экспортод нэлээд гаргаж байгаа талаар та юу хэлэх вэ?
-Хушны самар 2500-15000 тонн хүртэл хэмжээнд экспортод гарч байна. Нөөцийг жил бүрийн наймдугаар сард тогтоодог. Одоогоор урьдчилсан судалгаа хийж байна.Тухайн жилийн ургац харилцан адилгүй байдаг. Их, дунд ургацын жил гэж бий. Их ургацын жилд Монгол Улсаас экспортод гаргахыг зөвшөөрдөг. Бага болон дунд ургацын жилд экспортлохгүй, харин ахуйн зориулалтаар ашиглахыг зөвшөөрдөг. Ийм хуулийн зохицуулалттай. Их ургацын жил тухайн жилийн уур амьсгалаас хамаардаг. Хур тунадас, хаврын цочир хүйтрэлтээс шалтгаална. Хуш модны самар боловсрох нь 3-н жилийн циклээр явагддаг.
-Энэхүү ашиг шим өндөртэй модны бүтцийн талаар ярихгүй юу?
-Модны хамгийн гол зүйл нь үндэс. Үндэснь тулгуурын үүрэгтэйгээс гадна хөрснөөс шим тэжээл болон ус титэмд дамжуулж, фотосинтез явуулах нөхцлийг бүрдүүлнэ. Модны гол иш цөм, ксилем, камбиум, флоем, холтос гэсэн давхарга бий. Хамгийн дотор байх цөм давхарга нь модны гол тулгуур яс.Цөмийн гадна талдксилем гэх давхарга нь үндэснээс титэм рүү шим тэжээлийн бодис болон усыг дамжуулах үүрэг гүйцэтгэнэ. Камбиум давхарга нь өсөлт явуулдаг давхарга юм. Зуны өсөлт илүү өргөн, өвлийн өсөлт тайван байдалд орчихдог учраас нарийн хар зураас үүсгэдэг. Холтосны дотор талын давхаргыг флоем гэнэ. Титэм дээр фотосинтезийн процессоос үүссэн цардуул, глюкозыг үндэс болон их бие рүүгээ дамжуулдаг. Гэтэл модыг болц гүйцээгүй байхад нь хамгаалалтгүй мундах нь энэхүү давхаргыг гэмтээж, хатаж үхэх эрсдэл оруулаад байгаад хүмүүс сайн олйгохгүй байна.
Мунадуулсан модны физиологийн үйл ажиллагаа алдагдаж, урт хугацаандаа хатаж үхэх эрсдэл өндөр болж байна
-Хохирол учирч буйг яаж мэддэг вэ. Энэ талаар дэлгэрүүлж ярихгүй юу?
-Богдхан ууланд хийсэн судалгаагаар дундажаар 1 модонд 600см квадратын/20*30см/ хохирол учирсан байсан. Гэтэл үүнийг харахад гэмтсэн гадаргуу бага ч гэлээ өсөлтийг явуулах камбиумын давхаргыг гэмтээгээд байгаа учиргэмтсэн талаараа өсөлт явуулж чадахаа болино гэсэн үг. Энэ нь хэмжээ нь жижиг ч модондоо бол асар өндөр хохирол болчихож байгаа юм. Энэ байдлаараа байвал Монгол Улсад 2100 он гэхэд хушин ой устах хэмжээний аюул ойрхон байна гэдэгсэтгэл эмзэглүүлсэн чиг хандлага ажиглагдсаар байна. Түймэр, уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйлдэл 3 хавсарч хушин ойг ихээхэн доройтуулсаар байна. Мунаар цохисон мод шим тэжээлээ алдаж байгаа учраас боргоцойны тоо багасах хандлагатай байна. Гэхдээ эцсийн дүгнэлтийг хараахан гаргаагүй байна.Олон жил авч ашиглахг үр хүүхдүүддээ үлдээхийг бодвол модоо гэмтээхгүйгээр болц гүйцсэн үед самрыг нь авах чухал.
-Мунаар цохиод гэмтээсэн мод үржил шимээ бага авдаг байх нь ээ?
-Энэ ил гарсан шарханд шавж, бактери, мөөгөнцөр үржиж, модыг өвчлүүлэх орчин бүрдэнэ. Яг л хүний шалбарсан арьс үрэвсэж идээлэхтэй адил. Түүнчлэн чийгээ алдсан флоем давхарга хатангиршиж, шим тэжээл зөөвөрлөн түгээх сувгууд нь хаагддаг. Өөрөөр хэлбэл, цусны эргэлтийн тогтолцоо нь доголдон, яваандаа бүрэн хаагдаж, шим тэжээлийн дутагдалд орсон мод аажмаар хатаж үхнэ. Иймээс холтос нь гэмтсэн хуш мод гаднаа эрүүл юм шиг харагдавч жил бүр боргоцой нь давжаарч, гарц нь багасаж, мөчир нь хатаж, дотроо алгуур өвчлөн, үхэж байдаг.
-Ямар аргачлалаар хушны самрын биологийн ургац болон ашиглалтын нөөцийг хэрхэн тодорхойлдог вэ?
-Тухайн жилийн ургацыг сумын хэмжээнд 60 орчим хувийг ашиглах зөвшөөрөл өгдөг. Тусгай хамгаалалттай газар 40 орчим хувийг зөвхөн ахуйн зориулалтаар ашиглахаар зөвшөөрнө. Онгон бүс,онцгой бүсэд огт самрын бэлтгэл явуулж болохгүй. Энэ үлдсэн 40, 60 хувь нь амьтдын хоол тэжээл, байгалийн аясаараа сэргэн ургах үрийн эх үүсвэр болдог учраас заавал үлдээх ёстой. Ингэхийн тулд нөөцөө зөв тодорхойлох хэрэгтэй. Тиймээс бид хушны самрын биологийн ургац болон ашиглалтын нөөц тогтоохсургалтаар дамжуулж ойн анги, байгаль хамгаалагчдад зааж өгч байна. Нөөцийг тодорхойлохдоо нэг суманд 12 цэг авч дунджаар нөөцийг гаргадаг учир харьцангуй алдаа багатай нөөц тогтоож чаддаг болж байгаа бөгөөд энд аргазүйг ярьвал дуусашгүй их яриа болно.
-Нэг модонд хэр хэмжээний хохирол учруулж буйг тооцдог аргачлал бий юү?
-Бий. Тооцдог аргачлалыг боловсруулж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас 2023 онд батлуулсан.Энэ хүрээнд болц гүйцээгүй байхад нь түүсэн, буруу технологиор түүсэн хүмүүст хариуцлага тооцдогмеханизмыг бий болгох гээд байгаа юм. Энэ аргачлалыг ашиглахад хялбар бөгөөд хариуцлага тооцоход үр дүнтэй болохоор байна. Ингэхээр хүний мууг үзэх гэлээ, алт ухаж буй хүмүүстэйгээ тэмц гэдэг. Бид Монголын байгаль хамгаалагчдын холбоо гэдэг утгаараа мэдээж уул уурхайн асуудал руу нэлээдордог, гэхдээ самрын асуудал ч бас ихээхэн санаа чилээх асуудал болсон.Нөгөө талаас болц гүйцсэн үед нь хуш модоо гэмтээхгүй бэлддэг иргэд, бүлгүүд, мэргэжлийн байгууллагуудыг бэлдэхээр зорьж, шат дараалсан сургалт, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулаад байгаа юм. Үндсэндээ нөөцөд тулгуурласан зүй зохистой ашиглалт гэдэг зүйлийг бий болгохыг зорьж байгаа гэсэн үг.
-Энэ талаар тодруулъя?
-Үнэндээ самар чинь жимс шүү дээ. Жимсээ авч ашиглах нь зүйтэй ч тодорхой хувийг нь байгальдаа үлдээгээд, байгалийн сэрүүн ургалтад ургах боломжийг хангаж өгч авах ёстой. Бид хуш модыг гэмтээхгүй түүх талаар олон арга аргачлал туршиж үзсэний үр дүнд одоогоор болц гүйцсэн үед нь 2 талдаа резин жийргэвч хийж мунадах арга дээр тогтоод түгээхээр зорьж ажиллаж байна. Энэ нь өнөөдрийн түвшинд энэ аргыг тохиромжтой гэж үзэж байна. Түнэр харанхуйд суухаар нэг ч гэсэн лаа асаа гэдэг үг байдаг даа, эхний ээлжинд хуш модоо гэмтээхгүй түүхэд уриалж ажиллаж байна. Трактор ч юмуу, сэгсрэгч машин, доргиогч байж болохгүй юм уу гэдэг зүйл ярьж байна лээ. Гэтэл бодит байдал дээр том оврын техник ашиглаадсамар бэлтгэж байгаа хүмүүс тэр болгон авч чадахгүй, ойд явах боломж ч бараг байхгүй шүү дээ. Ядаж 2 талд нь резинээр хамгаалаад мунадахад эхний ээлжид хуш модондоо гэмтэл учруулахгүй байгаа тул үүнийг хэрэгжүүлэхийг мэргэжлийн байгууллагуудад уриалж бас шаардаж байгаа.Яах вэ, арга ядсан арга л даа, ядаж үүнийг хийвэл модоо гэмтээхгүй шүү дээ, цаашид талуудтай хамтраад улам сайжруулаад явна.
-Цаашид танай холбооноос ямар арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?
-Хушны самар ашиглалттай холбоотой хууль, эрхзүйн зохицуулалт өнөөдөр сул байна. Шуудай самар үүрээд явж байгаа иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг тохиолдол ч их байна.Мөн тусгай хамгаалалттай газар дээр хушин ойн 70 гаруй хувь нь бий. Тэгэхээр үйлдвэрийн зориулалтаар тусгай хамгаалалттай газар бэлдэхгүй.Гэтэл гарч байгаа нөөцүүд нь эндээс л гарна. Энд хууль эрхзүйн маш том цоорхой үүсээд байгаа учир хууль эрхзүйг тодорхой болгоход эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар зорьж байна. Бидэнд сургалтын хүрээнд иргэд, Ойн анги, байгаль хамгаалагч, бэлтгэн нийлүүлэгч нараас ирсэн маш тодорхой саналууд бий. Жишээ нь:Хушин ойн гол асуудлын нэг нь нөөцийг үнэн бодит тогтоолгүй ашиглалт явуулснаас болж 100 хувь цөлмөх хандлагатай байдаг.Тиймээс хариуцлагын тогтолцоог ч гэсэн чангатгах, бүсчилсэн байдлаар тогтоох, хяналтад шаардах санхүүжилтийг нэмэгдүүлэх, хушны самар ашиглалтаас орж буй орлогыг буцааж хушин ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэхэд зарцуулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэх шаардлагатай болж байна.
Монголын байгаль хамгаалагчдын холбооноос хамтрагч талуудтайгаа цуг энэ зуны хугацаанд хушин ойн нөөц бүхий 6-н аймагт дээрх сургалтуудыг зохион байгуулахаас гадна Салбар холбоодууд байгуулж, хушны самрын нөөцөө зөв тогтоож байгаа эсэх болон ойд хохирол учруулахгүй байхад хяналт тавих Идэвхтэн байгаль хамгаалагчдыг олноор бэлтгэж, чадавхжуулах ажлыг эрчимтэй хийж байна. Цаашид жил бүр давтан сургалтууд зохион байгуулж, хушин ойгоо хайрладаг, хамгаалдаг иргэд, чадвартай мэргэжилтнүүдийг бий болгох, хууль эрхзүйг сайжруулах чиглэлээр өөрсдийнхөө нөөц бололцоогоо бүрэн дайчлан ажиллахаар зорьж байна. Байгаль хамгаалах гэдэг хүн бүрийн журамт үүрэг мөн.
Ярилцсанд баярлалаа…
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
Д.ОТГОНТУЯА
Сэтгэгдэл