Дональд Трамп: Жагсаалыг зохион байгуулалттайгаар санхүүжүүлж байж болзошгүй

АНУ-ын шүүх Ардчилсан намын гишүүдийн гаргасан нэхэмжлэлийн дагуу тус улсын Ерөнхийлөгч Дональд Трампад Лос-Анжелес хотод Үндэсний гвардийн цэргүүд байрлуулахыг түр хугацаагаар хориглосон шийдвэр гаргасан байна. Энэ талаар Калифорни мужийн амбан захирагч Гэвин Ньюсом нийгмийн сүлжээгээр дамжуулан мэдээлжээ.
Тэрбээр "Трамп Ерөнхийлөгч өө, Лос-Анжелес хотыг үндэслэлгүйгээр цэрэгжүүлэх үйлдлээ нэн даруй зогсоо. Үүнийг таслан зогсоохгүй бол таны дарангуйллыг л илтгэж байна" хэмээн тэмдэглээд, тухайн шүүхийн шийдвэрийн хуулбарыг хавсаргасан байна.
Шүүхийн энэхүү шийдвэр Трампын засаг захиргаанаас хэрэгжүүлж буй цагаачлалын бодлогын эсрэг тэмцэж буй олон нийтийн эсэргүүцэл даамжирсантай холбоотойгоор гарсан байна.
Лос-Анжелес хотод зургадугаар сарын 7-ны өдөр хууль бус цагаачдын эсрэг явуулсан ажиллагааны улмаас үймээн самуун дэгдсэн. Жагсагчид цагдаа нарын хоорондын мөргөлдөөн Холбооны засгийн газраас Калифорни мужид үзүүлэх санхүүжилтийг танах магадлалтай гэсэн мэдээллийн дараа улам хурцадсан байна. Цагдаагийн байгууллага жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий, гэрэлт дуут гранат ашиглаж эхэлжээ.
Үндэсний гвардийн цэргүүдийг Лос-Анжелес рүү илгээснийг Калифорни мужийн эрх баригчид эсэргүүцэв
Хот руу Үндэсний гвардийн цэргүүдийг илгээсэн Ерөнхийлөгчийн шийдвэрийг Калифорни мужийн эрх баригчид буюу Ардчилсан намын төлөөлөгчид эсэргүүцсэн. Энэ нь сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд Ерөнхийлөгч тухайн мужийн хүсэлт, эсвэл зөвшөөрөлгүйгээр Үндэсний гвардийн цэргүүдийг дайчилсан анхны тохиолдол болжээ.
Лос-Анжелес хотод эсэргүүцэгчид эвдлэн сүйтгэх үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Хотын хэд хэдэн дүүрэгт хөл хорионы цаг тогтоож, цагдаагийн байгууллага уг журмыг зөрчсөн иргэдийг олноор нь баривчилж эхэлжээ. Мөн ийм төрлийн эсэргүүцлийн хөдөлгөөн Техас, Вашингтон, Нью-Йорк зэрэг бусад мужуудад ч өрнөж буй аж.
Дональд Трамп: Жагсаалыг зохион байгуулалттайгаар санхүүжүүлж байж болзошгүй
Цагаан ордны тэргүүн Дональд Трамп эсэргүүцлийн хөдөлгөөнийг хэн нэгэн санхүүжүүлж байна гэж үзэж буйгаа илэрхийлжээ. АНУ-ын Ерөнхий прокурор Пэм Бонди дээрэм тонуул хийж, үймээн самуун гаргагчдад хатуу арга хэмжээ авахаа анхааруулсан байна.
Улмаар хүнд зэвсэгтэй, хуягт техник бүхий, хариу арга хэмжээний тусгай бүлгүүдийг Сиэтл, Чикаго, Филадельфи, Виржинийн хойд хэсэг болон Нью-Йорк хотуудад байрлуулахаар төлөвлөж байгаа аж.
Эх сурвалж: RIA NOVOSTI
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл