А.Болд: Хоёрхон хүний саналд тулгуурлаж, автомашины татварыг 3-10 дахин нэмсэн гэдэг иргэдээсээ хулгай хийж буй хэлбэр шүү

Төсвийн байнгын хороо энэ долоо хоногт авто тээврийн татварын нэмэгдлийг цуцлах тухай
хэлэлцүүлэг хийсэн. Энэ талаар иргэн А.Болдтой ярилцлаа.
-Төсвийн байнгын хорооны хэлэлцүүлгийг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Автотээврийн татвар нэмэх гэж байгаа талаараа иргэдэд урьдчилж мэдэгдэхгүйгээр дур зоргоороо 3-10 дахин нэмсэн. Харин ямар үндэслэлээр татварыг нэмсэн юм бэ гэхээр иргэдийн дунд санал асуулга явуулсан гэж хариулж байна. Тэгвэл санал асуулгад чинь хэдэн хүн оролцсон юм бэ гэхээр хоёр хүн оролцсон гэх хариулт өглөө. Тэгэхээр хоёр хүний саналд тулгуурлаад автотээврийн татварыг нэмсэн гэсэн үг.
Нийслэлийн 1.7 сая иргэнийг хоёр хүн төлөөлж чадах уу. Гэтэл нийслэлийн төсөв хэлэлцэхэд энэ асуудал дотор нь байсан гэж тайлбар тавиад байгаа юм. Тэдний хэлснээр бол иргэд анх нийслэлийн төсөв хэлэлцэхэд өөрсдөө үүнийг олж уншаад саналаа хэлэх ёстой байсан гэнэ. Иргэдэд тийм олон тоон дундаас тэрийг олж унших бололцоо бий юу. Энэ бүгдээс харахад автомашины татварыг хулгайн арга хэрэглэж нэмсэн гэдэг нь илт байна.
Нийслэлийн жилийн төсөв гэхээр бараг бүтэн номын дайтай зузаан бичиг баримт, статистик байгаа биз дээ. Энэ дундаас иргэд өөрсдөө хайж, шүүж уншаад саналаа өгөх ёстой гэж хэлэхээсээ ичээсэй. Нэгдүгээрт, иргэдэд тийм боломж байхгүй. Хулгайн маягтай татвар нэмэх асуудал орж ирэхээр иргэд эсэргүүцэж, нээлттэй парламент дээр олон мянган хүн, шүүх хүртэл ямар ч үндэслэлгүй татвар нэмсэн байна гэлээ. Үндэслэлээ тайлбарла гэхээр юу ч хэлж чадахгүй. Тэгээд ямар ч логикгүй санаа зохиож ярина. Иргэд тэнэг үү. Зам засах гээд татвар нэмсэн гэнэ.
Хэдийгээр зам засах гэж байгаа ч шууд 3-10 дахин татвар нэмнэ гэдэг өөрөө бас үндэслэлгүй асуудал шүү. Мөн үүнийгээ тайлбарла гэхээр чадахгүй. Манай эрх зүйн зохицуулалт дутагдалтай юм шиг санагдлаа. Хэдээс дээш хүн санал өгсөн тохиолдолд энэ бодлого дэмжигдэнэ гэсэн босго байдаггүй юм байна. Ер нь хоёр хүн оролцохгүй, дэмжихгүй байсан ч шууд шийдвэр гаргадаг. Тиймээс үүн дээр юун түрүүн босго тогтоож, хуулийн зохицуулалт хийж өгөх хэрэгтэй.
-Татвар нэмэх нь түгжрэл бууруулах арга мөн үү?
-Татвар өндөр байвал иргэд машин унахгүй, автобусанд сууна. Тиймээс тээврийн хэрэгсэл цөөрч, түгжрэл байхгүй болно гэж бодож, сэтгээд байгаа хүмүүсийг яах вэ. Хэлэх ч үг олдохгүй юм. Яахав, олон улсад иймэрхүү санхүүгийн хөшүүргүүд байдаг. Гэхдээ олон улсад ийм байлаа гээд манайд тохирно гэсэн үг биш. Түгжрэл, татвар, автозам гээд энэ бүгдийг иргэдтэйгээ хэлэлцсэний үр дүнд шийдэх хэрэгтэй. Гэтэл иргэдээс санал асуулга авсан уу. Юуг ч асуухгүйгээр шууд татвар нэмээд бүх зүйл сайхан болно гэхээр иргэд бухимдаж эсэргүүцэх нь аргагүй.
Нэгдүгээрт, энэ шийдвэрийг гаргахдаа огт иргэдтэй зөвлөлдөөгүй. Хоёрдугаарт, энэхүү шийдвэр иргэдийн амьдралын бололцоотой уялдахгүй байна. Манайх ямар Хойд Солонгос биш дээ. Ардчилсан орон байж иргэдээ ингэж боомилохоосоо ичээсэй. Шууд дайрч орж ирээд татвар нэмлээ, төл гэдэг чинь үнэхээр бүдүүлэг шүү. Мэдээж, зам сайтай, түгжрэлгүй бол татвар нэмэхэд эсэргүүцэх зүйл алга. Зам нь там болчихсон. Өдөр бүр зам дээр хэдэн цаг түгжирнэ. Зуны халуунд хөлсөө цутгуулаад зогсдог. Өвөл нь зам дээр таг гацаад машин дотроо даарч бээрнэ. Нийтийн тээвэр огт хөгжөөгүй. Метро ч үгүй байж татвар нэмнэ гэдэг иргэдээсээ хулгай хийж буй нэг хэлбэр.
Өмнө нь 200.000 төгрөгийн татвар төлдөг байсан хүн одоо 600.000 төгрөгийн татвар төлж байна. Өнөөдөр иргэдээс татвар аваад маргааш бүх зүйл сайхан болох юм шиг зүйл ярьсан. Гэтэл юу ч өөрчлөгдсөнгүй. Бүр л дордсон. Татвар төлөх хугацааг зарлахдаа бараг бүх мэдээллийн сайт бусад платформуудыг ашиглаж иргэдэд хүртээмжтэй хийдэг юм билээ. Татвар нэмэх асуудалд иргэдээс санал авахыг хүсч байсан бол гар утсанд нь мессэж илгээж болох байлаа. Гэтэл огт тийм зүйл хийгээгүй шүү дээ.
-Ердөө нэг иргэн тээврийн хэрэгслийн татварыг бууруулъя гэж уриалахад 33 мянган гарын үсэг цуглуулсан байна. Та үүнийг юу гэж ойлгож байна вэ?
-Манай удирдлагууд иргэдээ сонсоно гэдэг ч огт сонсдоггүй. Энэ бол үүний баталгаа. Сүүлдээ төрийн хийх ёстой ажлыг энгийн иргэн өмнөөс нь хийж өгч байна. Жишээ нь, Японд татварын асуудал дээр заавал иргэдийн дунд өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлж шийдвэр гаргадаг. Японы дарга нарын шийдвэр дандаа зөв байдгийн гол шалтгаан нь иргэдээсээ бүх зүйлээ асуудаг, сонсдогт байгаа юм. Манайд иргэдээ огт сонсохгүйгээр шийдвэр гаргахаар ийм үймээн самуун, зөрчилтэй байх нь аргагүй шүү дээ.
Авто замын татвар нэмж нийт 132 тэрбум төгрөг цуглуулсан гэсэн. Гэтэл сая автозамын дарга нар нь 70 орчим тэрбум төгрөг гэлээ. Зөрүүтэй мэдээлэл яваад байх шиг. Хамгийн гол нь энэ мөнгөөр иргэдэд ээлтэй юу хийсэн бэ. Зунжин замын бродюр сольж, зассан. Одоо бүр явган хүнийхээ замын бродюр руу орж байна. Энэ бол нийслэлд цэвэр ашиг олдог бизнес гэж хүмүүс сошиалд шүүмжлээд эхэллээ.
-Хэлэлцүүлэг дээр нэг дарга автозамын татвар багасвал иргэдэд алдагдалтай гэсэн. Мөн автозамын татвар гэдэг өөрөө таны машиныг аюулгүй, найдвартай явуулж байгаа аргачлал гэж хэлсэн. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Ямар ч логик алга. Олон дарга ямар ч логикгүй зүйлс ярьсан. Жишээ нь, машины татварыг нэмэхгүй бол приус унах нь автобусанд сууснаас хямд тусаад байна. Тийм учраас хүмүүс приус авч унаж байна. Нэгдүгээрт, энэ битүү түгжрэлд приустэй хүн автобусаар явж байгаа хүнээс бага зардалтай байх уу. Хоёрдугаарт, иргэдэд машин авч унах, унахгүйг хотын дарга заах эрхгүй шүү. Иргэдийн бүх зүйлийг заах гээд дайраад байх юм. Мөн нэг дарга иргэд машин авч унах гээд иргэний үнэмлэхээ ломбардад тавьж байна гээд амьдралаас тасарсан юм ярьсан. Хаана иргэний үнэмлэхээ ломбардад тавиад машин авч унаад байгаа юм.
Машин унаж байгаа иргэдийг болиулвал автобусанд сууна ч гэх шиг. Ийм логикгүй, балай юм ярихаа зогсоох хэрэгтэй. Бүх зүйлийг загнаж, зандарч шийднэ гэдэг ойлголттой болчихсон. Байнгын хорооны хурлыг харж байхад УИХ-ын гишүүдээ хүртэл загнаж байна. Гадаа гараад иргэдийг загнаж зандарч байсан. Хэнийг дуурайгаад байгаа юм. Өөрсдөд нь зохихгүй байна шүү дээ. Коммунист дэглэмтэй улс оронд амьдарч байгаа юм шиг. Хэний ч саналыг сонсохгүйгээр шийдвэр гаргаад үүнийг дага гэж загнадаг. Манай орон шиг дурын хоёр хүний санал дээр тулгуурлаж шийдвэр гаргадаг улс хаана ч байхгүй шүү.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
А.Даваадулам
Сэтгэгдэл
oosdoogiidoo darga geed anduurchihsan hulgaichuud [103.57.95.32] 2025-06-13 18:24:06
ene hulgaichuudiig shorond savaachaad bandi bolgood tatbar em bolgooch
Зочин [202.9.40.209] 2025-06-13 15:19:36
Хулгааа биш зүгээрл дээрэм
Зочин [202.131.225.53] 2025-06-13 15:07:23
Bidnii hotiig iim l nuhduud udirdaj baina daa yana daa.