С.Даваасүрэн: Эдийн засаг дахь төрийн оролцоо маш их. Арван төгрөг тутмын 7-8 нь төрийн мөнгө болчихсон
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэнтэй хөрөнгө оруулалтын орчин нөхцөл, эрх ашгийг хэрхэн хамгаалах, яаж нэмэгдүүлэх талаар ярилцлаа.
-Манай улсын хөрөнгө оруулалтын орчин, нөхцөл ямар байна вэ?
-Монгол Улсын хувьд 1990-2025 оны хооронд нийтдээ 50.6 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн байгаа юм.
Үүний 74 хувь нь уул уурхайн салбарт орсон байна. Эндээс харахад, 2011 онд хамгийн их буюу 5.7 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орж ирсэн байдаг. Тэгвэл сүүлийн 15 жилийн дунджаар нь авч үзвэл жилд гурван тэрбум ам.доллар орж ирдэг. Оюу толгой ашиглалтад орсноос хойш энэ гурван тэрбумын 1.6 тэрбум нь Оюу толгойтой холбоотой байна. Харин 2025 оны гуравдугаар улирлын байдлаас харвал гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 2.4 тэрбум ам.доллар болсон. Тэгэхээр нөгөө 15 жилийн дунджаасаа багасчихсан байгаа биз. Тийм болохоор сүүлийн жилүүдэд манай улсын хувьд гадаадын хөрөнгө оруулалт буурч байгаа нь харагдаж буй. Хөрөнгө оруулагч нар тухайн улсын макро эдийн засаг ямар байгааг их хардаг. Хоёрдугаарт, тухайн улсын хөгжлийн түвшин, амласан амлалтдаа хүрдэг байдал, засаглал, ил тод байдал маш чухал. Хөрөнгө оруулна гэдэг чинь өөрсдөдөө байгаа хөрөнгө мөнгөө илүү арвижуулах л тухай асуудал. Тийм болохоор зах зээлийн бүтцийг нь сайтар судалдаг. Манай улсын хувьд хөрөнгө оруулалт ч тэр, эдийн засаг ч тэр уул уурхай гэсэн нэг салбар дээр тулгуурладаг. Бас нэг чухал байдал нь өрсөлдөөн. Хэр шударга, цэвэр, нээлттэй өрсөлдөөн бий болж байна гэдгийг нь ч хардаг. Сүүлийн 4-5 жил буюу ковидоос хойш үүссэн нэг зүйл бол тодорхой бус байдал. Мөн геополитик, бүс нутгуудын мөргөлдөөн, дайны нөхцөл байдал ч хөрөнгө оруулагчдын шийдвэрт шууд нөлөөлж байна.
-Хөрөнгө оруулалт буурч байгаа тухай дээр, дооргүй л ярьцгаадаг. Тэгвэл үүнийг нэмэгдүүлэх, илүү ихээр татах тал дээр Засгийн газар, танай яамнаас ямар ажлуудыг төлөвлөж, хийж байна вэ?
-Улс орны макро эдийн засгийг үнэлэхэд олон зүйлсийг харгалзаж үздэг. Түүний нэг нь улсынхаа эдийн засагт Засгийн газрынх нь хэрэглээ хэр том байр суурь эзэлж байна. Экспорт, импортын хэмжээ, хэрэглээ ямар байгаа юм гэдэг нь чухал. Нэмээд хөрөнгө оруулалт нийлж байж тухайн улсын эдийн засгийн өсөлтийг хангаж байдаг. Сүүлийн үеийн судалгаа, тоон мэдээллүүд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зайлшгүй шаардлагатай гэдгийг харуулж байгаа юм. Ингэхийн тулд нэгдүгээрт, хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай. Тийм учраас Эдийн засаг, хөгжлийн яамнаас Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулаад УИХ-д өргөн барьчихсан байгаа. Мөн Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль байна. Зөвхөн гадныханд биш, дотоодын бизнес эрхлэгчдийнхээ ч эрх ашгийг хангах, эрх зүйн орчныг нь сайжруулахад чиглэсэн хуулиуд гэж ойлгож болно. Эдгээр хуулийг хаврын чуулганаар хэлэлцэх байх. Дээрээс нь бас нэг чухал зүйл бол татварын орчин байдаг. Тиймээс Сангийн яамнаас Татварын багц хуулийг өргөн барьчихсан байгаа юм билээ. Ер нь гадна, дотно гэлтгүй хөрөнгө оруулагч нарт тэгш эрхийн нөхцөл байдал маш чухал. Зөвшөөрөл, лицензийг нь хялбаршуулах, цахимжуулах асуудал мөн байна. Хамгийн ойлгомжтой, шуурхай, олон шат дамжлагыг багасгасан байх үйл явцыг хийж байгаа. Нөгөө талдаа хөрөнгө оруулах төслүүд бэлэн байна уу гэдэг зүйл яригддаг. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор стратегийн ач холбогдолтой томоохон төслүүдийг бэлдэж, танилцуулж байгаа. Хот байгуулалтын төслүүдийг ч мөн танилцуулж байна. Энэ оны эхнээс эхлээд манай яаман дээр Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв ажиллаж эхэлсэн. Элдэв төрлийн маргаан байвал түүнийг нь заавал шүүхээр бус наана нь зохицуулах боломж нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуульд энэ талаар тусгаж өгсөн. Ер нь зах зээлээ илүү нээж өгөхгүй бол эдийн засаг дахь төрийн оролцоо маш их болсон. Арван төгрөг тутмын 7-8 нь төрийн мөнгө болчихсон.
-Хөрөнгө оруулагчдыг хууран мэхэлсэн зэрэг олон асууда байдаг. Одоо ч зарим нь маргаантай явж байгаа. Тэгэхээр хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахын тулд бид юу хийх вэ. Өнгөрсөн хугацаанд гарсан маргаантай асуудлууд дээр яамны зүгээс зөвлөн туслах ч гэдэг юм уу ажлууд хийдэг үү?
-Манай дээр ирсэн гомдол, саналуудыг шийдвэрлэх үйл явц явж байгаа. Засгийн газрын хуралдаанаар ч асуудлыг нь шийдүүлсэн тохиолдол бий. Мэдээж хэрэг зайлшгүй шүүхээр шийдэгдэх асуудлууд ч байдаг. Гэсэн хэдий ч аль болох л асуудлыг нь боломжийн түвшинд шийдвэрлэхээр хичээж, хамтарч ажиллаж байна. Цаашдаа шинээр хөрөнгө оруулах хүмүүст нээлттэй, ээлтэй, ойлгомжтой, тогтвортой байх талын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа.
-Нийт хөрөнгө оруулалтын 74 хувь нь уул уурхайд хийгддэг гэсэн. Тэгвэл бусад салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, татах тал дээр хэрхэн анхаарч байгаа вэ?
-Эдийн засгийн бүтцээ бид төрөлжүүлье гэж их олон жил ярьж байна. Гэсэн хэдий ч олигтой төрөлжүүлж чадахгүй л байгаа. Сүүлийн 3-4 жилийн хугацаанд төр засгаас хөдөө аж ахуйн салбарт нэлээд анхаарал хандуулсан. "Хүнсний хувьсгал", "Цагаан алт" хөтөлбөр "Атрын IV аян" гээд олон төсөл, хөтөлбөрийг нэрлэж болно. Энэ бүхнийг хэрэгжүүлсний үр дүн ноднин жил гарлаа. Манай улсын эдийн засаг 6.8 хувиар өслөө. Энэ бол бүс нутаг, дэлхийн хэмжээнд маш хүчтэй өсөлт. Энэ өсөлтийн 33.8 хувийг нь хөдөө аж ахуйн салбар бүрдүүлж байна. Өнгөрсөн жил тус салбар 33.8 хувиар өссөн гэсэн үг. Түүний дараагаар уул уурхай, боловсруулах салбарууд 10 гаруй хувийн өсөлттэй байлаа. Эндээс харахад манай улсын дараагийн хамгийн чухал салбар бол хөдөө аж ахуйн салбар болж байгаа юм. Засгийн газраас өнгөрсөн оны төгсгөлд Евразийн холбоотой түр хэлэлцээр байгуулсан. Евразийн таван улстай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ гурван жилийн хугацаанд тарифын хөнгөлөлт болон татваргүйгээр гаргахаар болсон. Нийтдээ бараг 200 сая хүнтэй зах зээл шүү дээ. Хөдөө аж ахуйн салбараа улам сайжруулахын тулд зах зээлийг нь л нэмж өгөх шаардлагатай. Чөлөөт өрсөлдөөнийг нь мөн бий болгоод өгчихвөл бизнес эрхлэгчдэд том боломж болно. Хоёрдугаарт, хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагааг аль болох идэвхжүүлэх ёстой. Бодлогын хувьд энэ тэнд татаас олгоод байх бус төгс өрсөлдөөнийг бий болгоод явах нь зүйтэй. Дараагийн боломжтой салбар бол боловсруулах үйлдвэр. Хэд хэдэн томоохон төсөл явж байгаа. Зэс хайлуулах, Гангийн үйлдвэр, Кокс химийн, нефтийн, төмрийн хүдэр боловсруулах гэсэн үйлдвэрүүдийн төсөл бий. Уул уурхайн салбар эдийн засагт маш том нөлөөтэй хэрнээ ажиллах хүчнийг маш бага шингээдэг. Нийт ажиллагсдын долоон хувь нь л уул уурхайд ажилладаг. Гэтэл хөдөө аж ахуйн салбарт энэ тоо бараг 30 орчим хувь байдаг. Тийм болохоор энэ салбар хөгжинө гэдэг чинь ажиллах хүчний тоо эрс нэмэгдэнэ гэсэн үг. Мөн боломжтой салбарууд гэвэл сэргээгдэх эрчим хүч, байгальд ээлтэй аялал жуулчлалын салбарууд байна. Ноднин жилийн хувьд давхардсан тоогоор 850 орчим мянган жуулчин манай улсад ирсэн. Нэг жуулчин дунджаар 1000 ам.доллар зарцуулдаг гэж үзвэл чамгүй тоо яригдана. Энэ онд ч гэсэн илүү их боломжтой байна гэж харж байгаа. Тиймээс бид хүрэн эдийн засгаасаа илүү ногоон эдийн засаг руу шилжих боломж нь байна гэж хардаг.
Т.ДАРХАНХӨВСГӨЛ
Эх сурвалж: "Өдрийн сонин"


































































Сэтгэгдэл