З.Энхбаяр: Олон нийтийн суурь боловсролыг дээшлүүлэхэд анхаарах шаардлагатай байна

Aдмин / Нийгэм

“Монголын хэвлэлийн хүрээлэн”-гийн багш доктор З.Энхбаяртай уулзаж, тус байгууллагаас жил бүр гаргадаг хэвлэл мэдээллийн байгууллагын өнөөгийн байдлын талаарх дэлгэрэнгүй судалгааны дүн болон хэрэглэгчдийн суурь боловсролын талаар ярилцлаа.

“Хэвлэл мэдээллийн судалгааг 25 дахь жилдээ хийлээ”

-Монголын Хэвлэлийн хүрээлэн 1999 оноос хойш “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл өнөөдөр” гэсэн судалгааг хийж эхэлсэн. Бид 25 дахь жилдээ энэ судалгааг хийж байна. Хэвлэлийн хүрээлэн энэ судалгааг цэвэр өөрсдийн санхүүжилтээр хийдэг. Тодорхойлсон ашиг байдаггүй ч гэсэн жил бүр тасралтгүй хийж байгаа.

2023 оны байдлаар хэчнээн хэвлэл мэдээллийн хэрэгсэл үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа талаар судалгаа гаргасан. Энэ судалгааны гол ач холбогдол нь нэгдүгээрт, түүхэн баримт болж үлддэг. Жишээбэл, 2000 онд юм уу 1999 онд ямар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үйл ажиллагаа явуулж байсан юм. Сонин болон телевизийн тоо ямар байсан зэргийг архивлаж авч үлддэгээрээ онцлогтой. Мэдээж үүний зэрэгцээ хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо 25 жилийн хугацаанд яаж өсч, буурч өөрчлөгддөг талаар харьцуулалт бий болох боломжтой. Хоёрдугаарт, салбарынханд маань маш хэрэгтэй. Үлдэцтэй мэдээллийн бааз болж чаддаг. Сэтгүүлчид өөрсдөө манай судалгааг маш сайн мэддэг, хүлээдэг. Хэвлэл мэдээллийн судалгаа юм уу ,сургалтаар мэргэшиж байгаа судлаачдад гол эх сурвалж, судалгааны бааз болж чаддаг.

“188 мэдээллийн сайт, 115 телевиз үйл ажиллагаа явуулж байна”

- 2023 оны байдлаар манай улсад 451 хэвлэл мэдээллийн хэрэгсэл байна. Үүний 188 нь мэдээллийн сайт, 115 нь телевиз, 43-60-ийн хооронд уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгаа. Эдгээр тоог хүн амын тоотой болон бусад улс оронтой харьцуулахад хамаагүй олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл бий.

Сүүлийн жилүүдэд уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэр дундаа сонин, сэтгүүл зэрэг хэвлэмэл мэдээллийн хэрэгслийн тоо буурч байна. Эсрэгээрээ мэдээллийн сайтын тоо өсч байгаа. Уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цахимжиж эхэлсэн. Цахим болон хэвлэмэл хосолсон хэлбэрээр сонингууд гардаг боллоо. Сонинууд ихэнхдээ хажуудаа вэб сайттай болж байна. Вэб сайтаараа давхар мэдээллээ түгээчихэж байна. Орон нутгийн сонинууд бас ингэж шилжиж байна. Ингэж хосолсон байдлаар мэдээллээ хүргэж байгаагийн гол шалтгаан нь сонинд бол нүүр буюу мэдээллийн багтаамж хязгаарлагдмал байдагтай холбоотой. Тэгэхээр цахимжиж, мөн дэргэдээ сайттай болсноор сонин дээр нийтлэгдээгүй мэдээллүүдээ уншигчдад хүргэх боломжтой болж, цаг хугацааг хэмнэж байна. Мөн судалгааны дүнгээс харахад сонин тогтмол уншдаг хүмүүс ч бас байдаг. Ялангуяа нас ахих тусам олон жилийн дадал зуршлаараа сонингоо өдөр бүр захиалаад, шуудангийн хайрцгаа байнга эргэдэг хүмүүс бий. Голдуу 50-аас дээш насны хүмүүс ийм хандлагатай.

Залуучуудын 95 хувь нь гар утсаараа мэдээлэл авдаг

-Миний эхэнд ярьсан судалгаа бол хэвлэл мэдээллийн өнөөгийн байдлын төлөв. Тэгвэл Хэвлэлийн хүрээлэнгээс гаргадаг бас нэг брэнд судалгаа буюу хэрэглэгчдийн судалгаа гэж тусдаа бий. 2023 оны хэрэглэгчдийн судалгааг мөн гаргасан. Хэрэглэгчид өнөөдөр юуг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс авч байна, ямар мэдээлэл түлхүү уншиж байна, хаанаас гол мэдээллээ авч байна гэх мэт.

2021 оны байдлаар 18-40 насны залуучуудын дунд судалгаа хийсэн. Залуучууд ямар мэдээлэл уншиж байна, хаанаас мэдээлэл авч байна гэдгийг судалсан. Авч байгаа мэдээллийн 95 хувийг гар утсаараа авдаг. 2019 оноос эхлээд мэдээлэл авдаг гол эх сурвалж интернэт болоод эхэлчихсэн. Интернэт дундаа сошиал медиа их ашигладаг. Ер нь интернэтэд яах гэж холбогддог вэ гэхээр 60-аас дээш хувь нь сошиал медиа ашиглах гэж л холбогддог гэсэн хариулт өгсөн. Сошиал дундаа фэйсбүүк хэрэглэх нь их байгаа. Сошиалаас мэдээлэл авах нь хурдан шуурхай, амар хялбар болчихож байгаа болохоор ингэж сонгож байна.

Сүүлийн үед сонин огт хараагүй, радио сонсдоггүй гэсэн залуучууд их байгаа. Төрөөд л интернэт гэдэг зүйлээр мэдээллээ аваад эхэлчихсэн. Яахав уламжлалт дотроо телевиз арай боломжийн, залуучуудын хоёр хүн тутмын нэг нь телевизээс мэдээллээ авдаг. Сошиал медиа дундаа фэйсбүүк хэрэглэх нь их байгаа. Гэхдээ сонин уншдаг хүмүүс маань байсаар байгаа. Дэлхий нийтээр гэрэл зураг эргээд аналоги руу шилжих хандлага олон улсад бий болж байна. Монголд судалгаанаас харахад энэ нь хараахан тэгж харагдахгүй ч ирээдүйд удламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дахин сэргэж, хүмүүс сониноо буцаад уншдаг болно гэж найдаж байгаа.

“Хэрэглэгчдийн есөн хувь нь л мэдээлэлд шүүлтүүртэй ханддаг”

-Нийгмийн мэдээллийн сүлжээгээр гарч байгаа мэдээллийг бид хязгаарлах боломжгүй. Хүссэн хүсээгүй нийгмийн мэдээллийн сүлжээ улам л газар авч, хүрээгээ тэлж байна. Тэгэхээр сошиал медиаг хаана, бооно гэж үзэхээс илүү хүлээн авагч, иргэдээ боловсролтой болгох чиглэлд анхаарах хэрэгтэй. Олон улс ч энэ чиглэлд анхаарч байна. Хэвлэлийн хүрээлэн ч энэ чиглэлээр нэлээд ажиллаж байгаа. “Хэвлэл мэдээллийн суурь боловсролын үндэсний форум”-ыг тав дахь жилдээ зохион байгууллаа. Мөн давхар иргэдийн хэвлэл мэдээллийн суурь ойлголтын чиглэлээр судалгаа хийж байгаа. 10-12 дугаар ангийн сурагчдын дунд хийсэн, багш нарт хийсэн. Мөн 18-40 насны залуучуудын хэвлэл мэдээллийн суурь боловсрол ямар байна гэж судалгаа хийсэн. Ингэхэд хэвлэл мэдээллийн суурь боловсрол маш хангалтгүй байгаа нь харагдсан. Яагаад тэгж хэлж байна вэ гэхээр иргэдийг хүлээж авч байгаа мэдээллээ ямар нэг байдлаар шүүлтүүрэйгээр, шүүн тунгаах сэтгэлгээгээр хандаж байна уу, үнэн худлыг нь нягталж байна уу, эх сурвалж нь зөв байна уу буруу байна уу гэдгийг нягталж байна уу гэгийг судалсан. Жишээбэл, сошиал медиад мэдээлэл авч байгаа эхний аккаунтаа шалгах мэдлэггүй байдаг. Шүүмжлэлт сэтгэлгээ буюу шүүлтүүртэй байхыгаа шүүмжлэхтэй андуурах тохиолдол их байдаг. Түүнийгээ би нийгмийн сүлжээнд мэдээлэлд шүүмжлэлтэй хандаж чаддаг гэж ойлгох хандлага их байгаа. Судалгаанд оролцогчдын 60 хувь нь би авч байгаа мэдээлэлдээ ямар нэг байдлаар шүүмжлэлтэй хандаж чаддаг гэж хариулж байгаа. Гэхдээ яг нарийвчлаад та шүүмжлэлтэй хандахын тулд яг ямар үйлдэл хийдэг вэ гэхээр би санал нийлэхгүй байгаа зүйлийнхээ доор коммент бичдэг. Айхгүйгээр шүүмжлээд бичдэг гэдэг ч юм уу тиймэрхүү хариулт өгдөг. Өөрөөр хэлбэл шүүмжлэлт байдал шүүн тунгаах хоёрыгоо андуурдаг. Энэ судалгааны үеэр бид нэг эрүүл мэндийн бүтээгдэхүүний хуурамч постер үзүүлээд “Та энэ дээр ямар хариу үйлдэл үзүүлэх вэ” гэж асуухад дөнгөж есөн хувь нь хуурамч байж магадгүй гэдэг байдлаар найз нөхөд гэр бүлийнхэндээ сэрэмжлүүлнэ гэж хариулсан. Гэтэл гурван хүн тутмын нэг нь шууд түгээнэ, постолно гэдэг байдлаар хариулсан. Тэгэхээр иргэдийн хэвлэл мэдээллийн суурь боловсролыг дээшлүүлэхээс өөр аргагүй. Үүнийг сайжруулахын тулд хэвлэл мэдээллийн байгууллага, бусад талууд юу хийх ёстой вэ гэхээр бүх талуудын оролцоо чухал. Наад зах нь боловсролын салбарт гэхэд сургалтын агуулга хөтөлбөртөө оруулахаас өөр аргагүй. Сурагчдад зааж өгөх хэрэгтэй байна.

“Хүүхдүүддээ цахим соёлыг зөв ойлгуулах хэрэгтэй”

-Хүүхдээ цахим орчинд зөв харилцаанд оруулахын тулд бид яах ёстой юм. Тэднийг цахим дүр төрхөө зөв бүрдүүлэхэд яаж туслах юм гээд олон асуудал бий. Одоо үед хүүхдүүд 13 наснаасаа өмнө цахим харилцаанд ороод эхэлчихдэг. Тэгвэл энэ цахим орчин ашиглахын тулд чи юу мэддэг байх ёстой юм. Фэйсбүүк өөрийн тань мэдээллийг байнга санаж байдаг. Наад зах нь цахим орчинд найз нөхдөө гадуурхдаг, буллиддаг асуудал байгааг болиулах хэрэгтэй. Боловсролын салбар хөтөлбөртөө оруулаад зааж өгдөг болмоор байна. Сэтгүүлчид маань ч гэсэн нийгмийн түүчээлэгчид соён гэгээрүүлэгчид гэдэг утгаар хэлж ярьдаг болмоор байна. Тухайлбал, иргэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг цахимаас хоцорч мэдээлж байна гэж шүүмжлэх хандлага байдаг. Тэгвэл сонин, телевизээр дамжиж байгаа мэдээлэл ийм ийм шат дамжлагаар эх сурвалжуудаар нягтлагдаж очдог гэдгээ хэрэглэгчдэд ойлгуулах гээд олон зүйл бий. Энэ чиглэлийн боловсролуудыг бид зөв, тогтмол өгснөөр хэрэглэгчдийн суурь боловсрол сайжрах ёстой. Media and Information literacy (MIL) гэдэг энэ ойлголт уг нь Монголд эрт орж ирсэн. Манай хэвлэлийн хүрээлэн 2012 онд анх ЮНЕСКO-гийн гарын авлагыг орчуулаад оруулж ирсэн. Тэр үед хүмүүс тэр болгон тоодоггүй байсан бол сүүлийн үед харин нэлээд идэвхжиж байгаа. . “Хэвлэл мэдээллийн суурь боловсролын үндэсний форум”-ыг таван жил зохион байгуулсны үр дүн ч бас гарч байгаа болов уу.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.