Зээлээ төлөхөд хүндрэлтэй болсон иргэдийн зээлийг 48 сар хүртэлх хугацаагаар сунгана

Aдмин / Энтертайнмент

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос санхүүгийн хүндрэлд орсон иргэдийн хэрэглээний зээлийн бүтцэд өөрчлөлт оруулах шийдвэр гаргалаа

Тодруулбал, өр, орлогын харьцааны хязгаарлалтад хамаарах хэрэглээний зээлд нэмэлт зээл олгохгүйгээр бүтцийн өөрчлөлт хийх тохиолдолд зээлийн хугацааг нийт 48 хүртэлх сараар сунгаж, тухайн зээлд өр, орлогын харьцааны хязгаарлалт үйлчлэхгүй байхаар өөрчлөлт оруулж байгаа аж. Энэхүү шийдвэр нь зээлээ төлөхөд хүндрэлтэй болсон иргэдийн сарын төлбөрийн ачааллыг бууруулж, зээлийн эргэн төлөлтийг хэвийн үргэлжлүүлэх боломж бүрдүүлэх байна. 2026 оны есдүгээр сарын байдлаар банкны салбарын нийт хөрөнгийн хэмжээ 94.7 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд үүний тал хувь нь зээл хэлбэрээр байршиж байна. Нийт хэрэглээний зээлийн үлдэгдэл 13.7 их наяд төгрөг бөгөөд үүнээс 8.5 их наяд төгрөг нь өр, орлогын харьцааны 45 хувийн хязгаарлалтад хамаарч байгаа бол үлдсэн 5.2 их наяд төгрөг нь тэтгэврийн болон хадгаламж барьцаалсан зээл юм. Өр, орлогын харьцааны хязгаарлалтад хамаарах 8.5 их наяд төгрөгийн зээлийн 6.3 их наяд нь цалингийн, 1.3 их наяд нь малчны, үлдсэн 900 тэрбум төгрөг нь бусад хэрэглээний зээл байна. Иймд шинэ зохицуулалт цалингийн, малчны болон автомашины зэрэг өр, орлогын харьцааны хязгаарлалтад хамаарах хэрэглээний зээлд үйлчлэх ажээ.

Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт “Санхүүгийн хүндрэлд орсон иргэд зээлийнхээ нийт хугацааг 48 сар хүртэл уртасгаж, сарын төлбөрөө бууруулах боломжтой боллоо. Үнийн өсөлт болон бусад шалтгаанаар олон айл өрхийн бодит орлого буурч, цалингийн болон малчны зээлээ төлөхөд хүндрэлтэй болсон иргэдийн тоо нэмэгдэж байна. Тухайлбал, өр, орлогын харьцааны хязгаарлалтад хамаарах хэрэглээний зээлийн чанаргүй зээлийн хувь 2026 оны есдүгээр сард 9.1 хувьд хүрч, өмнөх оныхоос 2.7 нэгж хувиар өссөн. Энэ нь олон банк, санхүүгийн байгууллагаас зэрэг зээл авсан зарим иргэдэд дарамтыг улам нэмэгдүүлсэн нөхцөл байдалд байна. Өнөөдрийг хүртэл ийм хэрэглэгчтэйгээ банк тохирч, хугацааг сунгах боломж хаалттай байсан. Учир нь шинээр зээл олгоход мөрддөг өр, орлогын харьцаа болон хугацааны хязгаарлалт нь зээлийн бүтцийг өөрчлөхөд ялгаагүй үйлчилж байсан. Мөнгөний бодлогын хороо энэ нөхцөл байдлыг авч хэлэлцээд цалин, малчны, авто машины зээл зэрэг өр, орлогын харьцааны хязгаарлалтад хамаарах хэрэглээний зээлд нэмэлт зээл олгохгүйгээр бүтцийн өөрчлөлт хийх тохиолдолд зээлийн нийт хугацааг 48 сар хүртэл сунгаж болох шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, тухайн зээлд өр, орлогын харьцаа үйлчлэхгүй гэсэн үг. Гэхдээ хугацаа уртсахыг дагаад нийт төлөх хүүгийн дүн нэмэгдэнэ гэдгийг анхааруулъя. Гол нь зээлээ төлөхөд бодитой хүндрэлд орсон иргэдэд чиглэсэн шийдвэр юм. Бүтцийн өөрчлөлт автоматаар хэрэгжихгүй, иргэд зээл авсан банкиндаа хүсэлт гаргах ёстой. Банк иргэний санхүүгийн байдлыг журмынхаа дагуу үнэлж, бүтцийн өөрчлөлт хийх эсэхээ шийднэ. Шаардлагатай бол бүтцийн өөрчлөлтийг нэгээс олон удаа хийж болно. Гэхдээ нийт хугацаа 48 сараас хэтрэхгүй байх ёстой. Бүтцийн өөрчлөлт хийхдээ банкууд хүүг өөрчлөхгүй, нэмэлт зээл олгохгүй. Зөвхөн одоо байгаа зээлийн төлбөрийн хуваарийг иргэдийн орлогод нийцүүлж байна гэж ойлгох ёстой. Харин шинээр олгох зээлд өр, орлогын харьцааны 45 хувийн хязгаар хэвээрээ мөрдөнө гэдгийг сануулъя” хэмээн ярилаа.

Энэ шийдвэр өчигдөр албажсан бол өнөөдрөөс банкууд дээр албан ёсоор хэрэгжинэ. Монголбанкны мэдээлснээр, 2026 оны есдүгээр сарын байдлаар хэрэглээний зээлийн үлдэгдэлтэй 1.2 сая зээлдэгч байна. Үүний 66.4 хувь нь өр, орлогын харьцаа 45 хувиас дээш байгаа нь зээлдэгчдийн дунд орлоготойгоо харьцуулахад өндөр дүнтэй зээлтэй иргэд олон байгааг харуулж байна. Тэгвэл Мөнгөний бодлогын хорооны мэдээлснээр, санхүүгийн мөчлөг тэнцвэрт түвшний орчимд хүрч, зээлийн өсөлтийн эрч суларч, мөчлөгийн шинжтэй эрсдэл буурсан байна. Банкны салбарын зохистой харьцааны үзүүлэлтүүд Монголбанкнаас тогтоосон шаардлагыг хангаж байгаа ч өрхийн өрийн дарамт болон хэрэглээний зээлийн чанартай холбоотой эрсдэл хэвээр байгааг онцолжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.