Монгол Улсыг ФАТФ-ын "саарал жагсаалт"-аас гарахад Австрали дэмжинэ

Ц.Анударь / Улстөр

Австралийн Холбооны Улсад болж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцож буй УИХ-ын дарга Г.Занданшатар тус улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга, ноён Тони Смиттэй уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Австралийн Күинслэнд, Шинэ Өмнөд Уэльс мужид гарсан түймэрт хүний амь нас эрсдэж, эд материалын хохирол учирсанд харамсаж байгаагаа илэрхийллээ. Гамшигт өртсөн Австралийн ард түмэнд Монгол Улсын Засгийн газар, Австрали Улсад амьдарч буй монгол иргэд хүмүүнлэгийн тусламж олгожбайгааг мөн дурдав. Түүнчлэн байгалийн гамшигт өртөөд байгаа ч Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганыг эх орондоо өндөр хэмжээнд, амжилттай зохион байгуулж буйд нь ноён Т.Смит болон Австралийн Холбооны Улсын парламентад баяр хүргэлээ.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Смит нар хоёр орны харилцаа амжилттай хөгжиж буйг тэмдэглэж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа илүү өргөн хүрээнд өргөжүүлэн хөгжүүлэх нь чухал гэдэгт санал нэгдэв. УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улс ФАТФ-ын зөвлөмжийг биелүүлж, “саарал жагсаалт”-аас богино хугацаанд гарах чиглэлээр ихээхэн хүчин чармайлт тавьж, олон ажил өрнүүлж байгааг дурдаад, манай гуравдагч хөрш, найрсаг харилцаат Австрали Улс биднийг дэмжинэ гэдэгт итгэж байна гэв. Мөн Рио Тинто группийн хэрэгжүүлж буй Оюу толгой төсөлд Монголын талын эрх ашгийг хангах талаар УИХ-аас тогтоол гаргасныг дурдаад, “Энэхүү төслийн гэрээг сайжруулах ёстой гэж бид үздэг. Зэс, алтны арвин нөөцтэй, дэлхийн хэмжээний том ордод хамтарсан төсөл хэрэгжүүлж буй Монголын талын үр өгөөж муу байгаа учраас ийм шийдвэр гаргасан. Шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хөрөнгө оруулагч тал дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байна” гэлээ.

Ноён Т.Смит Монголын ард түмэн, Засгийн газар байгалийн гамшигт өртсөн бидэнд сайн санааны тусламж илгээж байгаад талархал илэрхийлье гээд, бүс нутагтаа ардчиллын үлгэр жишээ болсон Монгол Улсын “саарал жагсаалт”-аас гарах талаар хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хүчин чармайлтыг дэмжин туслах болно гэв. Уулзалтад оролцсон сенатч Дин Смит Австрали-Монголын бүлэг байгуулах асуудлыг идэвхтэй хөөцөлдөж, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Элчин сайд Б.Чулуунхүүтэй хамтран ажиллаж байгаагаа тэмдэглэв. Тэрбээр парламент хооронд болон Тамгын газруудын хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд хөгжүүлэх ёстой гэдгийг дурдаад, энэ зорилгод найрамдлын бүлэг чухал ач холбогдолтой хэмээв. Дин Смит Баруун Австралиас сонгогдсон сенатч бөгөөд тус муж нь уул уурхайн бүс нутаг тул өөрсдийн туршлага, мэдлэгээ монгол нөхөдтэйгээ хуваалцахад бэлэн. Зөвхөн олборлох биш, хайгуул, судалгаа шинжилгээ, инновац гээд олон чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын парламент иргэд, улс төрийн намууд, иргэний нийгмийнхэнтэй зөвшилцөж, санал бодлыг нь сонсож, Зөвлөлдөх ардчиллын зарчмаар Үндсэн хуульдаа зохих нэмэлт, өөрчлөлт оруулсан талаар тодорхой мэдээлэл өгөв. Ноён Т.Смит УИХ-ын дарга Г.Занданшатар болон уулзалтад оролцсон төслийн эхийг баригч Д.Лүндээжанцан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, төслийг санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нарт баяр хүргэв. Хоёр орны хамтын ажиллагаанд ямар нэгэн бэрхшээлтэй асуудал байхгүй тул хамтын ажиллагааг идэвхжүүлэх, тухайлбал уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг салбарт бодит ажил хэрэг өрнүүлэх нь чухал болохыг уулзалтын төгсгөлд хоёр тал санал нэгтэй тэмдэглэв.

Эх сурвалж: Монцамэ агентлаг


Сэтгэгдэл

Зочин [64.119.25.41] 2020-01-17 04:09:15

Улс гүрэн өөрийнхөө хүчин чармайлтанд найдахаас бусдын дэмжлэгт найдах нь тоглуулаад дуусна.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.