Ковид-19-н эргэн тойронд: Тандалт, судалгааны тойм-39

Aдмин / Эрүүл мэнд

1. Германы Эрфурт их сургуулийн судалгаагаар маск зүүдэг хүмүүс зүүдэггүй хүмүүсээс 7 дахин илүү гар угааж, гар барихаас 20 дахин илүү татгалздаг, зайн хязгаарлалтыг 13 дахин илүү дагаж мөрддөг байна. Амны хаалт хэрэглэх нь Ковид-19-өөс сэргийлэх бага өртөгтэй, үр өгөөжтэй, бусад арга хэмжээг дагаж мөрдөх үндэс суурь болдог зөв арга хэмжээ хэмээн дүгнэжээ.
2. АНУ-ын эрдэмтдийн судалгаагаар Ковид-19-ийн халдварыг 60-с доош насны хүмүүс 3 дахин илүү тараадаг бөгөөд ялангуяа нас залуужих тусам улам их халдвар дамжуулдаг болохыг тогтоожээ.
3. Сингапурын судлаачид Ковид-19-ийн хүнд хэлбэрийг үүсгэдэг хэв шинжийг илрүүлжээ. Энэ хэв шинжийн вирусийн халдвар авсан хүмүүс хүчилтөрөгчийн дутагдалд орж, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлэх өндөр магадлалтай гэж судлаачид үзэж байна.
4. АНУ-ын эрдэмтдийн судалснаар Ковид-19 нь чийглэг орчинд хуурай агаартай орчноос 23 дахин удаан хугацаанд оршдог болохыг тогтоосон. Ийм орчинд агаар дахь халдвар бүхий дуслууд 4-5 метр зайд тархах боломжтой гэжээ.
5. Ази номхон далайн бүс нутагт Ковид-19-ийн халдвар голомтлон гарч байгаа нь хөлдөөсөн хүнсээр дамжин халдварласан болохыг Сингапурын биологичид туршилт судалгаагаар тогтоожээ.
6. Их Британи улсын эрдэмтдийн баг Англи, Франц, Герман, Итали, Голланд, Португали, Өмнөд Солонгос, Испани зэрэг 8-н орны Ковид-19-тэй өвчтний мэдээлэлд дүн шинжилгээ хийн хүйсийн ялгааг судалжээ. Уг судалгаагаар 10,000 хүн амд ногдох эрчүүдийн нас баралтын түвшин эмэгтэйчүүдтэй харьцуулахад 4 дахин илүү байжээ.
7. Хятадын Фудан Их сургууль, Их Британи улсын Оксфордын их сургууль, АНУ-ын Вашингтоны их сургуулийн эрдэмтэд олон улсад мэдээллийн урсгал хэрхэн тархсан болон улс орнууд хариу арга хэмжээ хэрхэн авсан талаар судалжээ. Судалгаагаар ДЭМБ-аас Ковид-19-ийн цартахлыг зарлах үед ихэнх улс орнууд урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авч эхлээгүй ба дотооддоо тохиолдлын тоо өссөн үед хариу арга хэмжээ авч эхэлсэн байна. Буруу ташаа мэдээллийн улмаас Хятад улсад ургамлын гаралтай эмүүдийн худалдан авалт ихэссэн бол бусад орнуудад хумхаа өвчний эсрэг эмүүд эрэлттэй болсон байна.